До.Болдхуяг
Манай дэлхий олон шашинтай учраас хорвоо ертөнцөд цөөнгүй бурхан байж таарна. Би тэдгээр бурхны нийтлэг дутагдлын тухай өгүүлнэ. Харин орчлонд цорын ганц эзэн бурхан байдаг ч гэсэн үзэл бий. Тэгвэл би чухамхүү тэр бурхны сул талын тухай шүүмжлэх гэсэн юм.
-Юуны өмнө би бурхан чиний шударга бусыг илчилнэ. Хорвоогийн хүмүүс баян ядуу, жаргалтай зовлонтой, эрүүл өвчтэй янз бүр байгаа нь чиний буруу бус уу.
- Бурхан чи их шуналтай. Үе үеийн, сая сая хүний өргөл барьц, өв хөрөнгийг идчихээд гавъяа байгуулсан мэт тоомжиргүй байх юм.
- Чи сагсуу. Олон орны хэлээр өөрийг чинь магтсан дуу, шүлэг, гүр дуулал мянга мянгаараа зохиогдсоор байна. Түүнийг нь чи хараад л, өөгшүүлээд л суух юм.
- Чи бас хонзогнуур. Гамшиг зовлон, гал усны аюул тохиолдоход “эзэн бурхан хилэгнэлээ” гэлцдэгийг бодоход чи хөөрхий хүмүүст өсөрхөөд хорон муу санаа сэдэж явдаг бололтой.
- Ядаж байхад сохор. Өөрийнхөө элч болсон санваартан хүмүүсээ зөв олж сонгоогүйгээс болж цаад хэдэн хуварга нь хамгийн болохгүй, муу муухайг үйлдэж нэр нүүрийг чинь баастах юм.
- Бурхан чи өршөөлгүй. Буян нүглийг ялгаж, сайн үйл бүтээж байгаа заримыг нь дэмжих “санаатай”, харин зөв буруугаа ялгаж чадахгүй хүмүүст туслахгүй гэнэ. Хөөрхий төөрөгдсөн тэднийг өрөвдөх сэтгэл чамд алга уу?
- Үнэндээ чи дэндүү зөнөсөөн. Арга ч үгүй биз дээ, хүн төрөлхтөн чамайг мянга мянган жил шүтэж, нас чинь ч талийлаа. Чи сайн үйл хийж байгаад нь туслах санаа байвч андуураад өөдгүй амьтдад тусална, бас гэмтэй хүнийг гэсгээж чадахгүй мөртлөө мөрөөрөө нэгэнд нь халдаж хувь заяагаар нь тоглох юм. Одоо чи саналаараа огцрох, эсвэл амиа хорлох цаг болсон, XXI зууны хүмүүст чиний хэрэг даанч байхгүй. Аягүй бол хөгшин зөнөг чи өөдөөс нь цор цор хийсэн намайг гэсгээх гэж мунгианаад өөр нэгний толгой дээр аянга буулгаж таарна.
- Чиний хамгийн том дутагдал бол хулчгар зан. Ганц удаа гэгээн дүрээ сүсэгтэн олондоо харуулж, сүсэггүй нэгэнд нь үнэн гэж юу байдгийг ухааруулахын оронд нүүрээ буруулж, сүүлээ хавчин зугтах юм.
-Эцэст нь хэлэхэд чи бол тэнэг, гэхдээ бүр усан тэнэг. Хязгааргүй сүр хүчтэй байтлаа өргөн сайхан тал дээр хамгийн сайхан шилтгээн бариад тансаг амьдрах хэрэгтэй биз дээ. Гэтэл тэнэг хүний давчуу тархинд үүрээ засаад толгой хоргодон суух ч гэж дээ. Чамайг мангуу гэхээс өөр хэлэх үг даанч алга...
Сэтгэгдэл ( 0 )