Дэлхийн долоон тэрбум дахь иргэн мэндэллээ

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 31

Судлаачид дэлхийн хүн ам энэ жил долоон тэрбумд хүрнэ хэмээн мэдээлж, хаана ямар хүүхэд төрөхийг хүртэл тодорхойлж  байсан билээ.  Тэгвэл  энэ сарын 30-31-нд шилжих шөнө дэлхий  долоон тэрбум дахь иргэн  мэндэлжээ.  Одоогийн байдлаар дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд  дэлхийн долоон тэрбум дахь иргэнийг Филиппин болон  ОХУ-д мэндэлсэн хэмээн мэдээлж байгаа юм.  

ОХУ-д төрсөн дэлхийн долоон тэрбум дахь иргэнийг  Николаев Петр Алексеевич гэдэг бөгөөд  Калининград хотноо мэндэлсэн шинэ хүн 50 см өндөр, 3,6 кг жинтэй ажээ. НҮБ-ын ажиглагч- эмч хүүг даваа гаригийн ОО цаг 02 минутанд төрлөө гэж тэмдэглэн авсан ба эх , хүүхдийн бие сайн байгаа гэнэ.

Харин Филиппинд төрсөн дэлхийн долон тэрбум дахь иргэнийг  Даника Мей Камачо гэдэг бөгөөд тус улсын нийслэл Манилад мэндэлжээ. Даника охин 2,5 кг жинтэй бөгөөд  айлын хоёр дахь охин юм.  


Дэлхийн  долоон тэрбум дахь хоёр хүүхдэд бэлэг сэлт ихээр ирж байгаа бөгөөд  тэдний талаар янз бүрээр мэдээлж байна.  

Дашрамд дурьдахад эрдэмтэд  энэ зууны сүүлээр дэлхийн хүн амын тоо 10 тэрбумд хүрнэ хэмээн мэдээлж байгаа.Тодруулбал секунд тутамд 2 хүүхэд төрж байгааг НҮБ судалгаагаар нотолсон бөгөөд НҮБ-ын хүн амын бодлогын хэлтэс дээрх тооцоолол дээр үндэслэн энэ даваа гараг буюу өнөөдөр дэлхийн 7 тэрбум дахь хүн төрнө гэж мэдэгдэж байсан юм.

 НҮБ-ын тооцоогоор 1999 оны 10 дугаар сарын 12-нд дэлхийн хүн ам зургаан тэрбумд хүрсэн бөгөөд Боснид төрсөн дэлхийн 6 тэрбум дахь хүүхэд дээр тухайн үед НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргааар ажиллаж байсан  Кофи Аннан  хүрэлцэн ирж, зургаа татуулж байжээ.

А.Баярмаа

 

Дэлхийн долоон тэрбум дахь иргэн мэндэллээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top