Ц.Нямдорж гэмт хэргийг нуун дарагдуулснаа өөрөө илчлэв

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 01


 

Олигархиудын жинхэнэ ориг дүр төрхийг олж харъя гэвэл Н.Энхбаяр, Ц.Нямдорж нарын хооронд өрнөж буй тэмцлийг сайтар анзаарах хэрэгтэй болж байна. Тэд бол Монголын улс төрийг нэгэн үед түүчээлж  явсан эрхмүүд юм. Гэвч цаст уулын цагаан арслан цагаа болохоор бэлд бууж шоргоолжны идэш хоол болдог гэдэг шиг тэдний улс төрийн орон зай улам хумигдсаар байна. Удахгүй улс төрийн тавцангаасаа хэн хэн нь зайлж одох биз. Өчигдөр Н.Энхбаярын толгойлсон МАХН-ын хэсэг нөхөд Ц.Нямдоржийн улсын төсвөөс бултуулсан гэх 20 гаруй тэрбум төгрөгийн талаар мэдээлэл хийлээ. Энэхүү мөнгө нь Ц.Нямдоржийн УИХ-ын дарга байх үед хил даваад алга болчихсон мөнгө бололтой. Ц.Нямдорж тухайн үед энэ талаар юу ч яриагүй. УИХ-аас баталсан хэд хэдэн хуулийг “хөнжил” дотроо засварласан хэргээр албан тушаалаасаа огцорч, УИХ-ын жирийн гишүүн болж “мандаж” явахдаа ч үүний учир шалтгааныг дурсаагүй. Харин мань эр Н.Энхбаярт одоо “гөвүүлж”, зургаан тэрбум гаруй төгрөгийн үнэтэй гурван хаус, нэг сая долларын өртөгтэй байр “хөлсөлж” суугааг нь шалгуулах дээр тулаад ирэхээр ам нээж эхлэв. МАХН-ын залуус дээрх 20 гаруй тэрбум төгрөгийн тухай мэдээлсний дараа “25 дугаар суваг” телевизээр тайлбар хийлээ. Ц.Нямдорж энэ удаагийн тайлбартаа “Би Монгол банкнаас тэр үед 20 сая ам.доллар гадаад руу гараад алга болсныг мэдэж байсан” ухааны юм ярьжээ. Монгол банкны ерөнхийлөгчөөр тэгэхэд О.Чулуунбат ажиллаж байлаа. Ц.Нямдорж ийнхүү өнөөдөр гэнэт их мэдэгч болоод байгаа нь гайхалтай. Үнэхээр мэдэж байсан юм бол гэмт хэргийг нуун дарагдуулсан болж таарна. Адгийн муу хуульчийн амнаас ч ийм увайгүй үг унахгүйсэн дээ. “Хашир” эр 20 сая ам долларын хэрэг дээр аргагүй л барьц алдах шиг боллоо. Харин Н.Энхбаярын хувьд “Улаанбаатар таймс” сонин, “Өргөө” зочид буудал гэх мэтийг хувьчлах нэрээр луйвардсан хэргээ шалгуулахаас төдийлөн айхгүй байх шиг байна. Үнэхээр буруутай нь тогтоогдвол тэр хэдэн жил шоронд суугаад гарсан ч яахав гэж бодсон юм болов уу даа. Харин Ц.Нямдорж дахиад өөр юун тухай ам алдах бол оо. 

Б.Отгонбаяр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top