IX Богдыг Монголын бурхан шашинтны төвийн тэргүүнээр заллаа

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 02

Өнөөдөр Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдэд IX Богд Жавзундамба хутагт Жамбалнамдолчойжижанцанг Монголын Бурханы шашинтны төвийн тэргүүнээр залах ёслол боллоо. Энэүү ёслолд Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн хамба лам Д.Чойжамц, улс төрчид,  Энэтхэг улсын Элчин сайд Сатбир Сингх болон сүсэгтэн олон оролцсон юм.

Монголын бурхан шашинтны төвийн тэргүүнээр заларсан IX Богд Жавзундамба нь 1932 онд Түвдийн Лхас хотын ойролцоо Томсиг гэх газар төрсөн байна.  Түүнийг дөрвөн настай байхад нь Халх Монголын наймдугаар богд Жавзундамбын хойд дүрээр тодруулж байжээ. Найман настайдаа гэцүл сахил хүртэж, Жамбалнамдолчойжижанцан хэмээх сахилын нэртэй болсон байна. Тэрээр долоон настайгаасаа 21 нас хүртлээ Брайвун Гоман дацанд шавилан сууж гэвш Агваанчойдан, Халхын гэвш Дашжамц, Буриадын дүлба хамба Түвдэнням тэргүүтэн лам нарыг “Үндсэн багш”-д шүтэж буддын гүн ухаанд суралцжээ.

Хутагт бээр Ү Далай лам Лувсанжамцын үед Дагданпунцаглин хэмээн нэрлэгдэж байсан дээд дүрийнхээ хувилгаан Жонон Дарнатын хийдэд 29 хүртлээ Бурханы шашны тарнийн гүн ухааныг судалсан байна.

Улмаар IX Богд Жэвзүндамба хутагт 1961 онд БНЭУ-д дүрвэн гарч Даржаалин, Масури, Мадъяа Парадеш зэрэг газруудад оршин сууж байгаад Дээрхийн Гэгээнтэн XIV Далай ламын тааллаар 1991 онд Дармасала хотод суурьшжээ. Түүнийг 1992 онд Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Халхын Жэвзүндамба хутагтын IX дүрийн хувилгаан мөн болохыг баталгаалжуулж өөрийн гарын үсэг бүхий батламж бичгийг өргөсөн байна. Түүнээс хойш Энэтхэг улсын Дармасала хот дахь Дагдан өргөөндөө заларч байгаад 2010 оноос Монгол орноо заларчээ.

Дашрамд дурьдахад тэрээр өнгөрсөн жил манай улсын иргэн болсон бөгөөд та бүхэн дор бүрнээ хичээн буянаа сайн хураагаад ерөөлөө сайн тавих хэрэгтэй. Тэгсэн цагт 10 дугаар Богд Монголоос тодрох юм шүү гэдгийг Монголын бурхан шашны тэргүүн мэдэгдэж байсан юм.

А.Баярмаа. Гэрэл зургуудыг Я.Арнаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top