Өмнийн говийн бүтээн байгуулалтад тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 02

Засгийн газрын хуралдаанаар Өмнийн говийн бүтээн байгуулалтын ажилд тулгамдаж байгаа асуудлийг шийдвэрлэх талаар хэлэлцэн тогтоол гаргалаа. 

Энэ хүрээнд өмнийн говийн өнөө болон ирээдүйн бүтээн байгуулалтын эрчим хүчний хэрэглээг хангах, хатуу хучилттай авто замын хүчин чадлыг нэмэгдүүлж 4 зорчих хэсэгтэй болгох, уул уурхай, дэд бүтцийн хөгжилд шаардлагатай усны эх үүсвэрийг нэмэгдүүлэх, Гашуунсухайт, Шивээхүрэн боомт, Ханбогд, Цогтцэций, Гурвантэс сумын ерөнхий төлөвлөгөөг батлах зэрэг арга хэмжээ авахаар боллоо.

Тавантолгойн орд газрыг түшиглэн барих цахилгаан станцын судалгаа, техник, эдийн засгийн үндэслэлийг энэ онд дуусгаж, тодорхой хугацааны дараа төрийн өмчид шилжүүлэх нөхцөлтэйгээр барих ажлыг ирэх оны 2 дугаар улиралд багтаан эхлүүлэхийг “Эрдэнэс Тавантолгой” компанид даалгасан байна.

Мөн Оюутолгойн үйлдвэрлэлийн хэрэгцээг эрчим хүчээр хангахын тулд цахилгаан станц барихыг “Оюутолгой” компанид хариуцууллаа. Гэхдээ энэ нь төслийн өртөгт нөлөөлөхгүй байх, тодорхой хугацааны дараа төрийн өмчид шилжүүлэх, цахилгаан станц нь Тавантолгойн ордоос олборлосон нүүрсийг ашиглана гэсэн нөхцөлийг зааж өгсөн байна.

Тогтоолд хөрсний эвдрэл, тоосжилтоос хамгаалах, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээг мөн тусгажээ.  

Тухайлбал Тавантолгой-Гашуунсухайтын боомт чиглэлд уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх зориулалттай 245 км хатуу хучилттай замын хүчин чадлыг нэмэгдүүлэх болсон байна.

Энэ дагуу замыг 4 зорчих хэсэгтэй болгох, шинээр өргөтгөсөн 2 зорчих хэсэгтэй замыг тодорхой хугацааны дараа төрийн өмчид шилжүүлэх нөхцөлтэйгээр хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх, зам барих ажилд  бусад хөрөнгө оруулагчийг оролцуулахыг “Эрдэнэс Тавантолгой” компанид  хариуцууллаа.

Мөн өмнийн говийн бүс нутгаас Хангимандал, Замын-Үүд боомт руу авто зам тавих асуудлыг судлан боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болгожээ.

Уул уурхай, дэд бүтцийн хөгжилд ус ихээхэн шаардлагатай учир эх үүсвэрийг нь нэмэгдүүлэх, цаашид усны өсөн нэмэгдэх хэрэгцээг найдвартай хангах талаар ч Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэр гаргалаа.

Энэ хүрээнд Тавантолгойн нүүрсний уурхай, Сайншанд орчимд газрын доорх усны хуримтлал бүхий талбайд гидрогеологийн нарийвчилсан хайгуул хийж, усны ашиглах боломжит нөөцийг тогтоохыг салбарын сайд, харъяа агентлаг болон аймгийн Засаг дарга нарт даалгав.

Мөн Орхон, Сэлэнгэ голд урсацын тохируулга хийх, усан сан байгуулах, шилжүүлэн ашиглах боломжийг судлан, зураг төсөл боловсруулах ажлыг энэ оноос, барилгын ажлыг 2013 оноос эхлүүлэхээр шийдвэрлэлээ.

Түүнчлэн Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг дахь Балгасын улаан нуурын хотгорын газрын доорх усны ордоос тодорхой хэмжээний усны нөөцийг “Эрдэнэс Тавантолгой” компанид ашиглуулахаар болов.

Өмнийн говийн эдийн засаг, нийгмийн хөгжлийг түргэтгэх, бүс нутгийн хөгжлийг хангах нь хуралдаанаар хэлэлцсэн бас нэг асуудал байлаа.

Энэ дагуу “Өмнийн говийн хүн амын нутагшил, суурьшил, хот байгуулалтын хөгжлийн стратеги”, Гашуунсухайт, Шивээхүрэн боомтын ерөнхий төлөвлөгөөг энэ онд, Ханбогд, Цогтцэций, Гурвантэс сумынхыг ирэх оны эхний хагас жилд багтаан батлуулахыг холбогдох сайд, агентлагийн дарга, бусад хүнд даалгалаа.

Энэ онд багтаан Гашуунсухайт боомтын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний зураг төслийн ажлын зардалыг гаргаж, боомтын авто замын орц, гарцыг 10 урсгалтай болгон өргөтгөхийг “Эрдэнэс МГЛ” компани хариуцахаар болсон байна.

Мөн Гашуунсухайт, Шивээхүрэн боомтын өргөтгөл, шинэтгэлийг Концессын хуулийн дагуу ирэх оны эхний улиралд багтаан эхлүүлж, “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолборын мастер төлөвлөгөөг мөн хугацаанд боловсруулж батлуулна.

Дээрх ажлуудыг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг улсын төсөв, зээл, тусламж болон концессын гэрээ байгуулах зэрэг боломжтой нөхцлөөр шийдвэрлэхээр болсон байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top