Улсын Их Хурлын дэд дарга,
Эрхэм гишүүд ээ,
Монгол Улсын Засгийн газраас мэдлэгийн эдийн засагт шилжих, инновацийн тогтолцоог бий болгох талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар товч мэдээлэл хийе.
Манай улс хөдөө аж ахуй, түүхий эдэд түшиглэсэн эдийн засгаасаа аж үйлдвэржилт, мэдлэгийн эдийн засагт шилжих зорилт тавин ажиллаж байна. Энэ бодлогын хүрээнд улс орны өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, эдийн засгийн төрлүүдийг нэмэгдүүлэх, үндэсний эдийн засаг, технологийн аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой өндөр технологийн аж үйлдвэрийн салбарт онцгой ач холбогдол өгч тодорхой ажлуудыг хийж байна.
УИХ-аас баталсан Монгол Улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогод “мэдлэгт суурилсан эдийн засгийн үндсийг тавих” зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд “Монгол Улсад Үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөр”-ийг 2008 онд батлан хэрэгжүүлж байна. Мөн УИХ-ын 2010 оны 34-р тогтоолоор “Төрөөс өндөр технологийн аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого”-ыг тодорхой болгосон.
“Төрөөс өндөр технологийн аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого” нь Монгол Улсад тэргүүний дэвшилтэт технологид суурилсан өндөр технологийн аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүнд өндөр технологийн бүтээгдэхүүний эзлэх хувийг нэмэгдүүлэх, тэдгээрийг дотоод, гадаадын зах зээлд борлуулах, эдийн засаг, эрх зүйн таатай нөхцлийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой баримт бичиг болсон.
Засгийн газрын 2010 оны 173 дугаар тогтоолоор Монгол Улсын шинжлэх ухаан, технологийг 2010-2014 онд хөгжүүлэх тэргүүлэх чиглэл, цөм технологийн жагсаалтыг баталсан. Энэ арга хэмжээний хүрээнд тэргүүлэх чиглэл, цөм технологийн төслийг эрэлт хэрэгцээтэй, цаашдаа үйлдвэрлэлд хэрэглээ болох боломжтой байхаар сонгон эхлүүлэх бэлтгэл ажлыг хийж байна. Төслийн үр дүн богино хугацаанд инновацийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг бий болгоход чиглэгдэнэ.
Дэлхий эдийн засгийн форумаас гаргадаг “Өрсөлдөх чадварын судалгаа”-гаар манай улс энэ жил 142 орноос 96-д орсон. Манай байрыг хойш татахад инновацийн тогтолцоотой холбоотой багц үзүүлэлт сөргөөр нөлөөлсөн. Тухайлбал, Инноваци-102, Технологийн бэлэн байдал-102, Бизнесийн боловсронгуй байдал-119, Оюуны өмчийн хамгаалалт-136, Боловсролын тогтолцооны чанар-132, Шинжлэх ухааны байгууллагуудын чанар-110, Судалгаа болон сургалтын үйлчилгээний боломж гэсэн үзүүлэлтээр 141 дүгээр байранд тус тус орсон байна. Харин дэлхийн банкны хүрээлэнгийн судалгаагаар мэдлэгийн эдийн засгийн индексээр 2009 онд нийт 140 орноос 78 дугаарт орсон. 2010 оны байдлаар манай улсын нийт экспортын 83.2 хувийг технологийн боловсруулалт хийгээгүй түүхий эд, технологийн агууламжгүй бүтээгдэхүүн, 15.1 хувийг хагас боловсруулсан болон нам агууламжтай бүтээгдэхүүн, 0.8 хувийг дундаж өндөр технологит бүтээгдэхүүн, 0.88 хувийг дундаж нам технологит бүтээгдэхүүн, 0.02 хувийг өндөр технологийн бүтээгдэхүүн эзэлж байна.
Өнөөдөр манай улсад өндөр технологи, инновацийн салбарт 10 гаруй их сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн сургалт, судалгааны ажил эрхэлж байна. Судалгааны ажлыг дэмжих, үр дүнг инноваци болгох зорилгоор залуу судлаачдын тэтгэлгийг 2005 оноос, докторын дараах инновацийн судалгааны тэтгэлгийг 2010 оноос жил бүр олгож эхэллээ. Өнгөрсөн хугацаанд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Шинжлэх ухааны академийн Технологийн инкубатор, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Хүнсний технологийн инкубатор зэрэг 10 гаруй инкубатор, технологи дамжуулах төвийг тоног төхөөрөмжөөр тоноглож үйл ажиллагааг нь эхлүүлэн цөөн тоогоор бүтээгдэхүүн үйлдвэрлэн түгээж байна. Засгийн газраас баталсан “Дэвшилтэт технологийг хөгжүүлэх дэд хөтөлбөр”-ийн хүрээнд биотехнологийн 20, нанотехнологийн 10 орчим төслийг хэрэгжүүлж, тэдгээрт 1.2 тэрбум төгрөг зарцууллаа. Өндөр технологийн сургалт судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх талаар ч гэсэн тодорхой арга хэмжээ авлаа.
Төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих, хувийн хэвшилтэй хамтарсан инновацийн төслийг хэрэгжүүлэх зорилгоор Боловсрол соёл шинжлэх ухааны яам, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран ажиллах санамж бичгийг байгуулан ажиллаж байна. Одоогийн байдлаар хэрэгжиж буй инновацийн 37 төслийн 8-ийг нь хувийн хэвшлийн эрдэм шинжилгээний байгууллага хэрэгжүүлж байна. Тэдний судалгаа боловсруулалтын ажлыг дэмжих зорилгоор сүүлийн 3 жилд нийтдээ 1 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт олгосон. Үүний үр дүнд цөөнгүй шинэ бүтээгдэхүүн зах зээлд нэвтэрч эхэллээ. Тухайлбал, “Монхимо” ХХК Тамедин, Санитол ариутгал халдваргүйжүүлэлтийн бодис үйлдвэрлэн зах зээлд байр сууриа олсноос гадна энэ жилээс адууны ясаар нано кальци үйлдвэрлэн БНСУ-д экспортлож байна.
Мөн “Биокомбинат” УҮГ, “Монос”, “Шинэ эхлэл”, “Монэнзим”, “Висдомс Ассетс Холдингс Групп” ХХК зэрэг компаниуд өндөр технологийн үйлдвэрлэл, бизнесийн үйл ажиллагааг эрхлэн явуулж, эдгээрээс зарим нь бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд гаргаж эхэллээ.
Инновацийн төсөл, зэхэц ажилд сүүлийн 3 жилд 3 тэрбум 871,0 сая төгрөгийг зарцуулсан нь нийт эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын зардлын 28 хувийг эзэлж байна.
Инновацийн төслийг 2009 оноос нээлттэй зарлаж, нийт 2 тэрбум 941,3 сая төгрөгийн санхүүжилт бүхий төслүүдийг хэрэгжүүлж байна. Эдгээр төслийн үр дүнд 40 технологи, 20 гаруй жишиг үйлдвэр, цех бий болж харьцангуй богино хугацаанд үр дүнгээ өгч эхэлж байна. Тухайлбал,
“Монгол Улсад Үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөр”-т туссан зорилт, арга хэмжээг бүрэн хэрэгжүүлэхэд төрийн болон хувийн хэвшлийн санхүүжилтээр бий болсон мэдлэг, технологийг эдийн засгийн эргэлтэд оруулан ашиглах, эдийн засаг, санхүүгийн олон төрлийн арга хэрэгслээр дэмжих механизм, эрх зүйн зохицуулалт тодорхой бус байгаа нь хөтөлбөрийн хэрэгжилтэд саад учруулж байна.
Тиймээс Засгийн газраас “Инновацийн тухай хууль”-ийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжиж УИХ-д өргөн барьсан. Энэхүү хуулийн төслийг УИХ-ын зарим гишүүдийн санаачлан боловсруулсан “Технологийн инновацийн үйл ажиллагааг дэмжих тухай хууль”-ийн төсөлтэй нэгтгэн УИХ-ын холбогдох байнгын хороогоор хэлэлцүүлэхэд бэлэн боллоо.
Энэ хуулийн төсөл батлагдсанаар инновацийн үйл ажиллагааны зарчим, удирдлага, зохион байгуулалт, санхүүжилт болон төрийн дэмжлэгийн эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулах эрх зүйн механизм бүрдэнэ. Улмаар Үндэсний инновацийн тогтолцоог бий болгоход чухал алхам болно гэж үзэж байна. Ингэснээр улс орны эдийн засаг, шинжлэх ухаан, аж үйлдвэрийн салбарт дараах эерэг үр дагавруудыг авчирна:
“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-д “Өндөр технологийг дэмжих хөрөнгийн санг төрийн дэмжлэгтэйгээр байгуулах” зорилтыг тусгаж 2010 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтад 1,0 тэрбум төгрөгийг өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын багцад, Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны нэр дээр батлагдсан боловч дээрх зорилгоор хөрөнгийг захиран зарцуулах эрх зүйн орчин тодорхой бус байгаагаас хэрэгжилтийг зохион байгуулах боломжгүй болсон. Үүнтэй уялдуулан цаашид төрөөс технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх, өндөр технологийн компаниудыг санхүүгийн аргаар дэмжих тогтолцоог тодорхой болгох чиглэлээр холбогдох хууль, эрх зүйг боловсронгуй болгох, институцийн тогтолцоог бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа болно.
Монгол Улсад өндөр технологи, инновацийн судалгаа, туршилт, үйлдвэрлэл, үйлчилгээг олон эх үүсвэрээс санхүүжүүлэх, хөрөнгө оруулалт хийх үйл ажиллагаанд дангаар болон бусад хуулийн этгээдтэй хамтран оролцох, төрийн төлөөллийг зохих хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлэх үүрэг бүхий “Өндөр технологи, инновацийн хөрөнгө оруулалтын корпораци”-ийг байгуулан ажиллуулахаар санал боловсруулж байна. Энэхүү байгууллага нь нь эдийн засгийн онцгой ач холбогдолтой өндөр технологийн үйлдвэрлэлийн төслүүдийг санхүүжүүлэх, хөрөнгө босгох, хэрэгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах юм.
Манай Засгийн газар технологийн инновацийг хөгжүүлэх, нийгмийн болон төрийн үйлчилгээний инновацийн талаар тодорхой арга хэмжээ авна. Мөн хүүхэд, залуучуудын инженер технологийн сэтгэлгээг сайжруулах зорилгоор “Зохион бүтээх төв”, “Шинжлэх ухааны музей” байгуулах, төрийн өмчийн зарим их сургуулийг сургалтад суурилсан өнөөгийн тогтолцооноос судалгаа, инновацийн их сургууль болгож өргөжүүлэх, инновацийн судалгааны нэгдсэн лаборатори байгуулахад анхаарч ажиллах болно.
УИХ-ын эрхэм гишүүд ээ,
Үндэсний инновацийн тогтолцоог бүрдүүлэн хөгжүүлэх ажил эхэллийн шатандаа байна. Хөтөлбөрийн хэрэгжилт хөрөнгө санхүүгийн байдлаас үүдэн зорилтот үр дүндээ хүрэхгүй удааширч буйд анхаарлаа хандуулах шаардлагатай боллоо.
Ойрын ирээдүйд олон улсын хөгжлийн жишгээр инновацийн санхүүгийн тогтолцоо, дэд бүтцийг тэргүүний орнуудын жишгээр хөгжүүлэх, шинжлэх ухааны парк хэлбэрээр байгуулах асуудлыг судалж, зах зээлийн эрэлтэд нийцсэн инновацийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээг нэмэгдүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллана.
Улсын Их Хурлын эрхэм гишүүд Та бүгдээс “Инновацийн тухай хууль”-ийн төслийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэн батлах, инновацийн болон өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх үйл ажиллагаатай холбогдсон санхүүжилтийг 2012 оны улсын төсөвт тусгах талаар анхаарч ажиллахыг хүсье.
Анхаарлаа хандуулсанд баярлалаа.
2011 оны 11 дүгээр сар 4. УИХ-ын чуулганы танхим
Сэтгэгдэл ( 0 )