Эмч, багш нар ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс цалингаа нэмэгдүүүлэхийг шаардлаа. Тэд энэхүү шаардлагаа өнөөдөр Боловсрол соёл, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын ажилтан, албан хаагчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны хамтран зохион байгуулсан хэвлэлийн хурлаар дамжуулан хүргүүлсэн юм.
Тэдний мэдэгдэж байгаагаар Засгийн газар 2012 оны эхний улиралд багтаан цалинг хоёр дахин нэмэгдүүлнэ гэж байсан. Тэгтэл 2012 оны гуравдугаар сарын 1-нээс 80 мянган төгрөг, тавдугаар сарын 1-нээс 23 хувиар нэмэгдүүлэх болсон нь эгдүүцлийг ихээхэн хүргэж байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл Засгийн газар МҮЭ-ийн холбоо, Ажил олгогч эздийн холбоотой зөвшилцсөн шийдвэрээсээ ухарч байна гэдгийг хэвлэлийн бага хурал зарлагчид онцолж байсан.
Багш, эмч нар өнөөдөр Засгийн газарт шаардлага хүргүүлж хариугаа энэ сарын 9-ны дотор ирүүлэхийг мөн шаардсан. Хэрэв ирүүлээгүй тохиолдолд жагсаал хийхээ мэдэгдээд байгаа.
Засгийн газарт хүргүүлж байгаа шаардлагад ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эмч болон багш нарын цалинг 80 мянган төгрөгөөр, сар шинийн баярын өмнө 23 хувиар нэмэгдүүлэхийг тусгасан байна.
П.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 0 )