“Амлалт нэхэх ард түмний холбоо”-ны ерөнхий зохицуулагч Г.Уянга, түүний нөхөр сэтгүүлч А.Баатархуяг нарт холбогдох хүний нэр төрд халдсан гэх хэргийг ирэх лхагва буюу арваннэгдүгээр сарын 9-нд Сүхбаатар дүүргийн шүүхэд шүүхээр товложээ. Тэдэнд эрүүгийн хуулийн 110.1, 111.2 зүйлд зааснаар бусдын нэр хүндэд халдсан, гутаасан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгээд байгаа билээ. Сэтгүүлч Д.Баатархуяг өнгөрөгч 2010 оны гуравдугаар сарын 4-нд “Өдрийн сонин”-д нийтлүүлсэн “Нэгдлээс задрал руу” хэмээх нийтлэлдээ БОАЖ-ын сайд Л.Гансүхийг “Сая долларын байшинд амьдардаг” хэмээн бичсэн аж. Харин түүний эхнэр Г.Уянга үүний дараа ҮШН-аас Улаанбаатар паласт зохион байгуулсан “Ард түмний их хуралдай”-д үг хэлэхдээ “БОАЖ-ын сайд Л.Гансүх Оюутолгойн гэрээг байгуулсныхаа дараа Зайсанд сая ам.долларын үнэтэй хаус худалдаж авсан” хэмээн мэдэгдсэн байна. Тиймээс Л.Гансүх сайд гэр бүлийн хоёрыг “бусдыг онц ноцтой гэмт хэрэгт гүтгэсэн” гэх үндэслэлээр Сүхбаатар, Баянгол дүүргийн цагдаад гомдол гаргаснаар дээрх хэрэг үүсчээ. Өнгөрсөн хугацаанд Г.Уянгыг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс тайлбар мэдүүлэг авахаар хоёр ч удаа албадан саатуулахыг завдаж байсан юм. Шүүх хуралд улсын яллагчаар Ж.Чимгээ, шүүгчдэгчийн өмгөөлөгчөөр С.Хишигбат, н.Цэндсүрэн нар оролцох юм байна.
Б.Гарьд
Сэтгэгдэл ( 0 )