“Киви” хамтлагийн Укагийн ээж удган Т.Заманд: Нууцаар хүнд мэргэлж өгч байгаад шоронгийн хаалга хүртэл татаж явсан

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 08

Арван хуруугаараа алтан бөгж ирийлгэсэн Т.Заманд удган Хөвсгөлийн удамтай. Эрдэнийн чулуугаар мэргэлдэг түүний охин “Киви” хамтлагийн дуучин Ука. “Зөн билгийн тулаан” хэмээх Оросын нэвтрүүлэг гарснаас хойш нэгэн үе “Халтар царайт” руу хошуурсан Монголчуудын дүр зураг дахин давтагдахад хүрсэн. Энэ нэвтрүүлгээр олонд танигдсан нутаг усандаа алдартай удган Т.Замандтай уулзаж ярилцсан юм. Ингээд түүнтэй авьяас чадал болон охиных нь талаар сонирхолтой яриа өрнүүлснээ уншигч танд хүргэе.

 

-”Зөн билгийн тулаан” нэвтрүүлгээр та олны анхааралд өртсөн. Таны удам судрыг сонирхож болох уу?

-Би Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын хүн. Миний эмэг ээж Хөвсгөл аймагтаа нэртэй удган Гурван метр Ням гэж сайхан хүн байсан. Ээжийн маань тэр авьяас буян надад өвлөгдсөн юм. Дээхнэ үед наймаа хийдэг хүнийг дамчин гээд үздэггүй байлаа. Үздэг хардаг бөө удган хүнийг бүр ч үздэггүй байсан. Тэр битгий хэл нууцаар хүн үзсэнээсээ болж одоогоос хорин таван жилийн өмнө болохгүй хаалгыг хүртэл татаж явлаа шүүдээ. Би 1983 оны 1-р сарын 17-нд хоригдож байан. Тухайн үед байсхийгээд л миний чулуу, мөнгө хоёрыг цагдаа нар хураадаг байлаа. Сүүлдээ бүр чулуугаа л арайхийж олж авдаг мөнгөө эргүүлж авч чаддаггүй болсон. Би эрдэнэсийн чулуутай. Чулуундаа маш их залбирч явдаг. Одоо бол цаг төр ч сайхан болж, хүмүүс ч сайн мууг ялгадаг болж. Би бол чулуугаар хүний хувь тавилан, зураг төөрөг гээд бүх л талыг нь хардаг.

-Таны тусыг авсан хүн хэр олон вэ?

-Би аливаа юмыг тааж мэддэггүй. Миний чулуу надад бүгдийг нь хэлдэг. Би чулуундаа бүрэн итгэдэг. Идээ будааны бузар, архи дарс, үхээрийн бузар, хараал жатга зэрэг зүйлд өөрийгөө чадалтай гэж хэлж чадна аа. Миний тусыг авсан хүн ч их байгаа. Ер нь надад үзүүлдэг хүмүүсийн ихэнхи нь гадаадад ажиллаж амьдарч байна. Бараг бүх оронд миний үйлчлүүлэгчид байдаг. Монголд байдаг хүмүүс ч тоогоо алдсан.

-Таныг зорьж байгаа хүмүүсийг та арай урьдчилаад мэдчихдэг юм биш биз?

-Зарим үед яах ч аргагүй мэдэрдэг. Гэхдээ өдөр өдрийн тэнгэр өөр өөр байдаг л даа. Час өдөр таарвал алдаа гаргадаг. Би 2000 онд Бээжинд болсон Дэлхийн содон хүмүүсийн чуулганд оролцоод дээд шагнал авч байсан. Дөрвөн зүг найман зовхист Алтан цоож медальтай. Монголдоо гэвэл маш их шагнал өргөмжлөлтэй. Хорин нэгэн дарь эхийн гардуулах бичиг, Тэнгэрлиг буянтан цол авсан.Би Зөн билгийн тулаан нэвтрүүлэгт ороод нэлээд задарсан. Би урьд нь нүдээ боолгоод хүн үзэж байгаагүй. Мэдрэмж цаанаасаа заагаад өгдөг юм байна. Зовж зүдэрсэн хүмүүст туслахын тулд л би чаддаг бүхнээ хийдэг. Би зуд турхан, ган гачигтай газар, болохоо байсан бүх л газар явж байдаг. Хүний төлөө л явж байгаа болохоор хөдөө гадаа, өдер шенө ялгалгүй явдаг. Хаана миний хэрэг гарна тэр газарт явж байна. Удаан уулзаагүй охиноо гадаадаас ирэх гэж байхад хүний амь аврах гээд зөрөөд нисч байхдаа уйлаад л явж байлаа. Тэр хүнийхээ ч амийг аварсан.

-”Киви”-гийн Ука таны хэд дэх охин бэ. Эхээсээ өнөр үү?

-Би олон хүүхэдтэй хүн. Ука маань миний дээрээсээ дөрөв дэх охин. Охин маань урлагийн төлөө л төрсөн хүн. Зарим хэвлэлд миний нэрийг ч мэдэхгүй байж өдөр болгон бөөлдөг гээд биччихсэн байсан. Тийм юм гэж юу байх вэ дээ. Миний охинд битгий хэл манай удамд тийм хар талын юм байхгүй. Охин маань ёстой өөрийнхөө бор зүрхээр чадлаараа л гарч ирсэн. Багадаа шалныхаа модыг хөгжим болгож барьчихаад дуулж бүжиглэдэг байсан. Цэцэрлэг сургуульд байхдаа цасан охин болно, дуулна гээд юм юм л хийдэг байсан адтай хүүхэд.

-Гэхдээ олны хэл амнаас хамгаалах гэж та эх хүний хувьд зам мөрийг нь засах арга засал хийдэг байх?

-Өөрийнхөө заяа төөргөөр л яваа хүүхэд. Би өдөр болгон бөөлөөд өдөр болгон ном уншдаг гэдэг худлаа. Бид хоёр чинь ийш тийшээ зөрөлдөж явсаар байгаад таардаггүй. Уулзах цаг ховор шүү дээ. Ном уншиж, засал хийх нь битгий хэл нүүр нүүрээ харах ч завгүй ажилтай явдаг.

-Ука европ төрхтэй болохоор хүмүүс эрлийз гэж ойлгодог. Таньтай бол адилгүй юм байна?

-Миний охины аав нь Увсын хүн. Аавынх нь ээж Укатай төстэй хүн байсан. Хүмүүс орос гэдэг байсан юм билээ. Гадны ямар ч цус байхгүй. Жинхэнэ монгол хүн ш дээ. Яг тулаад харахаар үс нь л цагаан болохоос биш монгол төрхтэй. Укаг үс нь л шар болохоос надтай адилхан гэж хүмүүс хэлдэг.

-Уучлаарай, охиныг тань дуулахаасаа өмнө шөнийн клубт стриптиз үзүүлдэг байсан гэх мэтээр ярьдаг. Олны хэл ам элдэв ярианд та эх хүний хувьд эмзэглэдэг байх даа?

-Миний охиныг аягүй их хэлмэгдүүлдэг. Тэр битгий хэл би муу муухайгаар бичсэн сонинг нь барьчихаад очиж уулзана гэхэд охин минь “Битгий тэгээрэй та. ёстой болохгүй шүү. Манай багшийг, Сараа эгчийг юу гэж бичдэг байлаа. Тэр хүмүүс тэгж бичиж л байг. Үнэн худал хоёрыг тэнгэр бурхан ялгаад өгнө” гэдэг юм. Би тийм хачин хачин юм бичсэн сониныг уншаад бүр уйлж байсан. Янз янзаар л бичсэн байдаг.

-Залуу бүсгүй болохоор бэлтэй эрчүүдтэй ч чамгүй холбосон. Та охиныхоо хувийн амьдралд анхаарч, сэтгэл амар суудаггүй байх?

-”Монгол газар”-ын Ц.Мянганбаяртай холбоод биччихсэн байсныг уншсан. Би охиноосоо асуусан л даа. Эх хүн болохоор “Үнэн үү миний хүү, ямар учиртай юу болоод байна. Би Ангирмаатай уулзъя” гэсэн чинь би тэр хүнтэй rap барьж ч үзээгүй та тайван бай гэсэн. Би охиндоо итгэдэг. Миний охинд элдэв зан байхгүй, архи тамхинаас ёстой хол байдаг. Өмөөрч байгаа юм биш магтсан ч юм биш. Ука маань хүмүүжилтэй охин. Урлагт бүхнээ зориулж яваа хүн. Дуулж л байвал цаг зав, ядрахыг ер тоодоггүй. “Киви”-гийн гурван охин үнэхээр их хөдөлмөрлөдөг. Өөрийн хүүхдээс ялгаа юу байх вэ. Өрөвдөөд байдаг юм. Нүднийх нь зовхи хөхөрчихөөд байхад ядарлаа гэж хойш суудаггүй. Эх хүний хувьд санаа зовоод тэгье ингэе, сүүнд оруулж өгье гээд л чадах ядахаараа л нэмэр болчихыг боддог. Хүний хэл ам, худлаа үгийг тоох хэрэггүй. Хүн өөрөө л зөв, үнэн явбал буян заяа хоёр буруу зөвийг ялгаад өгнө.

-Ангирмаа тэдэнд хэтэрхий хатуу болзол тулгадаг гэдэг. “Киви”-гийн охидын хувийн амьдралд хэт оролцоод байдгийг та юу гэж боддог вэ? Үүнээс нь болж хэд хэдэн охид хамтлагаас гарсан?

-Ангирмааг танина. Миний охин Ангирмааг сайн муу гэж надад ярьдаггүй. Багш аа гээд л гүйгээд байдаг. Хүмүүсийн яриад байгаатай санал нийлдэггүй. Яг үнэндээ Ангирмаа л энэ гурвын хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэсэн хүн. Би тэрнийг сайн муу гэж хэлж чадахгүй. Үнэхээр сайн багш л гэж боддог.

-Таны авьяас чадварыг хүүхдүүдээс чинь өвлөж авсан байх. Магадгүй Ука дараагийн удган байхыг үгүйсгэхгүй?

-Миний авьяасыг өвлөж авсан хоёр хүүхэд бий. Хэн гэдгийг нь одоо хэлэхгүй ээ. Аяндаа тодрох байх.

-Арван хуруундаа алтан бөгж зүүсэн байгаа тань нүдэнд шууд туслаа. Таны онгодтой холбоотой юу?

-Энэ бол миний өөрийн л стиль. Би онцгой байхыг хүсдэг. Цав цагаан, шав шар хувцас өмсөх ч юм уу. Машин сонгосон ч час улааныг сонгодог. Өсгийгүй гутал өмсдөггүй. Зарим хүмүүс хэлдэг л юм. Энэ бөгжөө ав. Ямар учиртай юм гэдэг л дээ. Минйй өөрийн сурсан сургааль энэ.

-Танд баярлалаа.

Эх сурвалж: “Монголын нэг өдөр”

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin (202.126.90.44) 2020 оны 11 сарын 24

Gaihaltai. Ene huntei holbogdoh utas ni yu yum bol?

0  |  0
Ука(122.201.18.52) 2013 оны 05 сарын 31

би энэ балай бөө нарыг үзэн яаддаг мулгуу амитад

0  |  0
Top