“Хурд”ын гитар хүний амьтай тэнцэж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 08

Хулгайчаар дүүрсэн хорвоо юм уу гэж өөрийн эрхгүй бодогдов.   “Хурд” хамтлагийнхан хөгжмийн зэвсгээ машинаасаа алдаад чонын шөрмөс шатаах дээрээ тулж сууна.  Долоон настайгаас гитартай нөхөрлөсөн "Хурд" хамтлагийн ахлагч Б. Отгонбаяр гитараа амин зүрхээ хэмээн бодож явдаг гэдэг. Түүнд хайртай хөгжмийн зэвсгээ алдсан нь аргагүй хүнд цохилт болсон бололтой.  Тэрээр биеэ барьж чадалгүй шөнөжин бахирч, цонхоороо нисэж амиа хорлоно гэж гэрийнхнээ айлгажээ. Улс орнуудаар тоглолт хийж явахдаа байдгаа шавхан үнэ цохиж авсан хөгжмийн зэвсгүүд нь болохоор арга ч үгүй биз.    Үнэхээр тэр чонын шөрмөс шидээ үзүүлж   урт гартныг хулгайлсан эдээ буцааж авчрахаас өөр аргагүй болгодог бол хамгийн чадалтай хүнээр хийлгэж гитарыг өгүүлэх юмсан.  Хүмүүний сэтгэлийг хөвсөлзтөл дуулдаг “Хурд” хамтлагийн “Цэргийн бодол”, “Зураг шиг бүсгүй”, “Аавдаа би хайртай” зэрэг олон сайхан уянгын дууг хөгжмийн зэвсгүүдийг нь хулгайлсан урт гартан  сонссон л байж таарна.  Гар хөлнийхөө шөрмөсийг татуулж байхаар  хөгжмийн зэвсгүүдийг нь буцаагаад өгчихөөч дээ. Өөрөө чадахгүй бол үүдэн дээр нь тавьчихгүй юу.  “Хурд”ын гитар хүний амьтай тэнцэж байна цаана чинь.

 М.Гэрэлцэцэг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top