Хүүхдийн төлөө төрийн болон орон нутгийн байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 08

Монгол Улс Мянганы Хөгжлийн Зорилт болон “Хүүхдэд ээлтэй дэлхий ертөнц” тунхаглалын үзэл санаанд нийцүүлэн 2002 оны Засгийн газрын 145 дугаар Тогтоолоор “Хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр” /2002-2010/-ыг батлан хэрэгжүүлж, Хүүхдэд ээлтэй улс болох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

Түүнчлэн, хүүхдийн эрхийн асуудлыг орон нутгийн түвшинд тухайн аймаг, сумын Засаг дарга хариуцаж, бүрэн эрхээ хэрэгжүүлэн ажилладаг бөгөөд хүүхдийн асуудал бүхий л салбарын үйл ажиллагаатай уялдаа холбоотой тул тэдний үйл ажиллагаанд салбар дундын уялдаа зохицуулалтыг хангах явдал чухал байр суурийг эзэлдэг.

Тиймээс, орон нутгийн удирдлагыг хүүхдийн төлөө хэрхэн ажиллаж, санаачлага гарган бүрэн эрхээ хэрэгжүүлж буй үнэлж дүгнэх зорилгоор “Хүүхдэд ээлтэй орон нутаг” санаачлагыг ирэх жилүүдэд өрнүүлэхээр шийдвэрлэж, бэлтгэл ажлыг хангаж байгаа юм.

Үүнтэй холбогдуулан орон нутгийн удирдлагад хүүхдийн эрхийн мэдлэг, мэдээллийг олгож, хүүхдийн төлөө цаашдын хамтын ажиллагаа, түншлэлийг хөгжүүлэх зорилгоор Бүсчилсэн хөгжлийн үндэсний хорооны ажлын алба, Хүүхдийн төлөө газар, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран

 “Хүүхдийн төлөө – төрийн болон орон нутгийн байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь” сэдэвт уулзалт-семинар зохион байгуулж байна.  

Уулзалтад Монгол Улсын Шадар сайд М.Энхболд, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Рана Флауэрс нар оролцох бөгөөд аймаг, нийслэлийн засаг дарга болон хөгжлийн бодлогын хэлтсийн дарга нар, бүсийн нарийн бичгийн дарга нар зэрэг  80 гаруй төлөөлөгч оролцох болно.

Уулзалт семинар 2011 оны 11-р сарын 09-ний өдөр “Чингис” зочид буудлын хурлын танхимд болох ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top