Мисс болохын хүслэн буюу Монгол охидын хийрхэл

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 08

Монголын охид гоё юм аа… Хаа сайгүй гунхсан сайхан охид бүсгүйчүүд. Бас л бахархмаар.

Азидаа л монголын охид сайхан гэж үнэлэгддэг нь нууц биш ээ. /зөвхөн Монголдоо ч байж болох/.

Гэхдээ давс хоолонд хийхэд амттай байдаг ч тунг нь хэтрүүлбэл шорвог болж утгаа алддаг. Яг үүнтэй ижилхэн манай Монголын охид дэндүү шорвог болчихож. Хэлд ороогүй байхдаа бараг би мисс болно гэж бардам дуугарах тэднийг хараад өхөөрдөх ч бас өрөвдмөөр.

Гудамжаар, баараар, саунаар, дүүрэн мисс. Монголд миссийн тэмцээн дэндүү олон болжээ. Найман настай балчраас наян настай эмээ нарын сайхныг шалгаруулах нь холгүй болж. Долоон настай охидын дунд “Бяцхан мисс”, өсвөр насныхны дунд “Үнсгэлжин”, оюутнуудын дунд “Оюутан мисс”, “Монголын сайхан бүсгүй”, “Miss Моngoliа” гээд.

Бараг л баяр бүрээр мисс тодруулж байх шиг Шинэ жилийн мисс, Цагаан сарын мисс Мартын наймны миссийг шалгаруулах нь дутаж байх шиг байна. Би л сонсоогүй болохоос шалгаруулчихсан байж ч магад.

Тэгээд зөвхөн Улаанбаатар хот биш хөдөө орон нутаг сумдад хүртэл мисстэй. Бурхангүй газрын бумба галзуурна гэгч энэ байх даа. Худалч хүнд замаар өнгөрч байгаа өндөр, туранхай охин харагдвал түүнийг мисс гээд хэлчихэд итгэхээр болчихож.

Гудамжаар дүүрэн хөглөрөх миссүүдийн амьдрал дэндүү өрөвдөлтэй. Эхэндээ энэ мисс гэх нэр жинхэнэ утгаараа сайхан хүүхнүүдийг тодруулдаг байж. Тэр миссүүдийн ухамсар нь ч одоог бодвол арай л гайгуй байж. Одоо бол мисс болсон хүүхэн хаа өндөр зэрэглэлийн ресторанд ямар томчууд цуглаж байна тэнд байдаг болжээ.

Ер нь энэ миссийн тэмцээнүүдийг хатуухан хэлэхэд монголын баян, зартай хүүхэмсэг эрчүүдэд эхнэр олж өгөх тэмцээн гээд хэлчихэд болохоор болчихжээ. Саяхан болж өнгөрсөн 2011 оны миссээр тодорсон Төгсөө гэх охин нэгэн сонинд ярилцлага өгөхдөө “Намайг мисс болсон цагаас хойш бизнес хийдэг хөрөнгөтэй эрчүүд болзоонд их урих болсон” гээд бахдалтай нь аргагүй ярьсан байх юм.

Тэгэхээр сайхь эмэгтэйн хүсэл биелчихжээ гэж дүгнэхэд болохоор байгаа биз. Монголын охид мөнгөтэй хүн хайж, амар хялбар аргаар мөнгө олох гэж мисс болдог нь тодорхой болж байх шиг.

Монголдоо л мисс юм даа, тэд
Монголдоо миссээр тодорч сайхан хүүхний нэр зүүсэн эрхмүүд дэлхийн миссийн тэмцээнд очоод яагаад амжилт үзүүлдэггүй юм бол гэсэн асуулт Дэлхийн миссийн тэмцээн шалгаруулах үеэр байнга толгойд минь эргэлддэг юм. Ийм олон тэмцээн уралдаан зохион байгуулж өндөр шалгуураар сонгогдсон хэрнээ…

Монголын сайхан хүүхнүүдийн нэг загвар өмсөгч Оюунгэрэл Азийн хатан хаан гэх өргөмжлөлийг нь авчирч байхад хүн бүр дор бүрнээ ам амандаа түүнийг шагшин ярьж байсан үе саяхан. Гэхдээ “Азийн хатан хаан” өргөмжлөлийг хүртсэн Оюунгэрэлийг богино эрүү, бүлцгэр нүдтэй байж яаж болдог байна хэмээн ярих ч хүмүүс байсан.

Гэвч энэ нь сүүлдээ мөнгөөр цохиж бас л ар өврийн хаалга орсон хэмээгдэж Азийн хатан хаан гэх нэр хүнд нь навс унаж орхисон. Монголдоо миссээр тодорсон хүүхнүүд олон улсын чанартай тэмцээнд оролцохдоо дээгүүр байранд шалгарч амжилттай оролцсон гэх сураг бараг л сонсогдохоо байлаа.

Дээгүүр байранд орлоо, орлоо гэхэд эхний аравт багтчихвал энэ нь тэдний хувьд бөөн амжилт. Гэхдээ эхний арваас хойш байранд орсон тэмцээн нь дандаа урд хөршид болдог дэлхийд тийм ч их ач холбогдол өгөөд байдаггүй тэмцээн. Гэхдээ Азидаа сайхан бүсгүйчүүд хэмээн өргөмжлөгддөг тэдний хувьд ийм тэмцээнд муу амжилт үзүүлнэ гэдэг “гутамшигтай”.

Зарим нь хөөрхий амжилт муутай оролцдог болохоор нэр хүндээ бодсон уу? Дээгүүр байрт шалгарсан гэж худал хэлэн ирж Монголдоо “од” болох нь бий. Ийм тохиолдол нэг бус удаа гарсан. Монгол Улс чинь уг нь хөгжөөд байгаа шүү дээ, миссүүдээ. Мэдээллийг хаанаас ч хамаагүй олдог болсон цаг.

Миссүүдийн маань толгой даанч хөгжихгүй юм даа. Сайхан хүүхэн, буюу миссүүд хоосон толгойтой байдаг гэх юм билээ. Монголдоо болж байгаа миссийн тэмцээнд оролцож байгаа хүүхнүүдийн ухааныг нь шалгах гэж тавьдаг асуултуудыг эхэндээ нууцалж тэмцээн дээр нь тавьдаг байсан бол одоо шууд хэлж өгдөг болсон.

Эхний гэдэг утгаараа аливаа зүйлийг шударга явуулах гэж үзсэн миссийн тэмцээний зохион байгуулагчид миссийн тэмцээн дээр эвгүй байдалд орсон гэдэг. Учир юун гэвээс тэдэнд тавьсан асуултанд миссүүд хариулж чадахгүй бүдэрч өөрсдийгөө сайхан бие царайнаас цаашгүй хоосон толгойтой гэдгээ батлаад өгчихсөн учраас тэр юм байна.

Тэгээд арга бараад хэнийг нь ч мисс болгохоо мэдэхгүй бие царайг нь харж тодруулж байсан гэх юм билээ. Тэгэхээрээ монголын миссүүд дэндүү юм гэх бодол төрнө. Ер нь бодоод байхад тэдний хийх ёстой ажил нь сайхан инээж, сайхан хувцаслаж зогсох юм шиг байна.

Ам л ангайвал өөрөө өөрийгөө “алчих” гээд байдаг учраас. Гэтэл бас болоогүй сүүлийн үед тэргүүн миссээр шалгарч байгаа бүсгүйг арын хаалгаар тодруулдаг болсон гэх юм. Ингэж хэлэхийг сонсоод тийм ч юмуу гэх бодол төрлөө. Өнгөрсөн жилийн миссээр тодорсон Бадамцэцэг сайхан хүүхэн.

Гэхдээ тийм боловч Монголын мисс шалгаруулах тэмцээнийн ерөнхий шүүгч, зохион байгуулагч нь Бадамцэцэгийн суралцдаг дамжааны захирал болж таарсан. Тэгэхээр миссийн тэмцээн зохион байгуулаад хэрэг байна уу гэх бодол ч төрөх юм.

Монголдоо миссээр тодорчихоод дэлхийн тавцанд гарч Монголынхоо нэрийг дуурсгахгүй юм бол миссийн тэмцээн зохион байгуулж Монголын мисс гэж тодруулах шаардлага ч алга.

 

Эх сурвалж: Улаанбаатар Таймс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top