Далай ламын ”Шинэ мянганы ёс зүй” сэдэвт лекц амжилттай боллоо

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 08

Дээрхийн гэгээнтэн ХIV Далай лам өчигдөр орой манай оронд ирсэн билээ. Тэрбээр энэ сарын 11 хүртэл манай оронд саатах бөгөөд айлчлалынхаа хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулж байна. Өнөөдөр өглөө 09:40-11:30 цагт их, дээд сургуулийн оюутнуудад зориулан Монгол бөхийн өргөөнд “Шинэ мянганы ёс зүй” сэдэвт лекц уншлаа.

 

Дээрхийн гэгээнтэн ХIY Далай лам оюутнуудад зориулан уншсан “Шинэ мянганы ёс зүй” сэдэвт лекцээрээ англи хэл сурахыг чухалчлан өнөөгийн залуус шашныг сонирхож байгаа боловч бурхны шашин ямар утга агуулгатайг мэдэхгүй байгаа талаар, хэрхэн зөв амьдрах, сайн хүн болоход ямар тустай, бурхны шашин бол зөвхөн шашин ч биш энэ бол амьдралын гүн ухаан, оюуны шинжлэх ухаан, авилгал, баян хоосны ялгааны талаарх олон сэдвийг хөндсөн юм.

 

Энэ үеэр оюутан залуус олон сонирхолтой  асуулт асууж байлаа. Тухайлбал

-Залуу хүний туйлын зорилго юу байх ёстой вэ? Монголчуудад өмнө айлдаж байсан сургаалиудаас энэ удаад ямар үгийг онцлон захимаар байна вэ?  

 

- Буддын шашны гүн ухаан номлол нь хүнийг ариун байлгах, төгс ухаарлыг өгдөг төдийгүй залуу хүний мөн чанараа та бүхэн битгий алдаарай. Бид нийгмийн амьтан. Ийм учраас хүн нийгмийн сайн сайхныг бүрдүүлэх хэрэгтэй. Нийтийн ухамсрыг төлөвшүүлэх нь их чухал болоод байна. Нийтийн ухамсрыг төлөвшүүлэхэд сөрөг талууд ч их байдаг. Бүх нийтийн хариуцлагын мэдрэхүйг хөгжүүлэх нь багагүй ач тустай бөгөөд ингэснээр бид өөрсдийн ойр дотны хүмүүсээс гадна бусдын асуудлыг хүлээж авахад нэн дөхөмтэй болох ажгуу. Ингэснээр бид маш их сэтгэлийн ханамж авах боломжтой гэдгийг ойлгож эхэлнэ. Бид өөрийн явцуу ашиг сонирхолд хөтлөгдөхөөсөө илүү бусдад тусалж болох боломжийг харж оюуны ухааны тийм байдлыг хөгжүүлэх шаардлагатай юм.

 

-Буддын шашны өнөөгийн байдал нь нийгэм рүүгээ хандах, зөв ойлголт өгөх нь их бага юм шиг санагдаж байна. Энэ асуудал дээр таны бодол ?

 

-Бидний боломжоос гадна үүнийг бодит байдлын нэгэн хэсэг хэмээн үзэх нь санаа зовох боловч үүний төлөө бид хийж чадах бүхнээ бүтээхийг эрмэлздэг. Залуус өөр хоорондоо мэдлэг туршлагаа хуваалцан төр засгийн бодлого шийдвэрийг гаргахад оролцдог байх хэрэгтэй. Та нар бол монголын ирээдүй учраас өөрийн тавьсан зорилгодоо үнэнч хандах хэрэгтэйг захимаар байна. Мөн юуны түрүүн Англи хэлийг төгс эзэмших шаардлагатай байна. Хятад, Орос гэсэн улсуудтай мөр зэрэгцэн оршиж байгаа Монгол улс бол Ардчиллын залуу орон юм. Сайн боловсролтой болох нь их чухал юм. Өөрийн бий болгосон гэр бүлээ сайн сайхан авч явах нь бас залуу хүний туйлын зорилго юм гэдгийг санах хэрэгтэй. "Би хүн төрөлхтөн мөн шүү, хүн юуг ч хийж чадна" гэсэн хүсэл эрмэлзлэл, чин зориг, самбаа байвал түүнд хожил, ялалт, үр дүнд хүрэх үндэс байна гэсэн үг. Тиймээс хүнд зоригтой шийдмэг чанар маш чухал билээ. 

 

-Хэдийгээр та архи бага хэрэглэхийг захисан боловч архидалт буурахгүй байна.  энэ тал дээр та юу гэж  сургууль хайрлах вэ?

 

-Архи хортой гэдгийг бүгд мэднэ. Тэр дундаа элгэнд ихээхэн хортойг би та нарт хэлмээр байна. Архины муу муухай үйлийн талаар бид өдөр бүр сонсдог. Харин архинаас хэрхэн гарах, донтохгүй байх гээд энэ бүх зүйлийн талаар залуу үе өөр хоорондоо зөв мэдээлэл солилцох хэрэгтэй байна. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслийг илүү их ашиглаж энэ талаарх мэдээллийг хүргэвэл их үр дүнтэй байна. Буддын сургаальд олон төрлийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх тал дээр олон тооны санал зөвлөгөөг агуулж байдаг юм. Ийнхүү эргэцүүлэн бодох аваас бидний сэтгэлийн нэг төрөл нь бэрхшээл зовлонг үүсгэгч бөгөөд хааж хориуштай, нөгөө төрөл нь түүний эрс тэс тал буюу өөрт болоод өрөөл бусдад тус болох улам хөгжүүлүүштэй болох нь тодорхой ойлгогдоно. 

 

Асуулт хариултын дараагаар хурсан олонд ном уншсанаар тус лекц өндөрлөв.  Маргааш өглөө Соёлын төв өргөөнд мөн энэ сэдвээр лекц өглөө 9 цаг 30 минутаас унших юм.  

А.Баярмаа.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top