Өчигдөр Хятадын цагдаагийн байгууллага хар тамхины томоохон бүлэглэлийг илрүүлжээ. Тус бүлэглэл нь Ази, Европ, Африкийг холбосон мафийн зохион байгуулалт бүхий өвөрмөц сүлжээгээр ажиллаж байсан бололтой. Одоогоор тус бүлэглэлийн гэх 12125 хүнийг сэжиглэн шалгаж эхлээд байгаа ажээ. Тэгвэл хар тамхины наймааны сүлжээ Монголд аль хэдийнээ ороод ирсэн. Манай урлагийнхнаас нэлээд хэдэн хүн энэ хэргээр ял сонсоод байгаа. Гэхдээ монголчуудын хувьд хар тамхины Ази дахь томоохон бүлэглэлүүдийн гар хөлийн үзүүрт зарагдаж, хэрэглэгч гэхээсээ, дамжуулан зуучлах, зөөвөрлөх төдий л үүрэг гүйцэтгэдэг бололтой. Манай цагдаагийн байгууллагаас ч иймэрхүү мэдээлэл өгч буй. Гэвч зөвхөн Хятадын Ардын шүүхээс хар тамхи зөөвөрлөсөн хэргээр манай эмэгтэйчүүдээс бүх насаараа хоригдох ял сонссон хоёр, 10-15 жилийн хорих ялтай дөрөв, найман жилийн хорих ялтай гурван эмэгтэй тэндэхийн шоронд ял эдэлж сууна. Зарим мэдээллээс харахад дэлхий дахинд мансууруулах төрлийн бодис наймаалдаг бүлэглэл энэ тэндгүй түгсэн бөгөөд тэд жилд дунджаар 100 тэрбум ам.долларын ашигтай ажилладаг ажээ. Тухайлбал Энэтхэг, Тайланд Афганистаныг холбосон маш том мафийн сүлжээ бий. Энэхүү сүлжээнд Дундад азийн “стан”-уудаас гадна “Монгол” гэсэн нэр тодоос тод бичигдсэн байх юм. Чингэлтэй дүүргийн шүүхээс өнгөрөгч онд Зүүн өмнөд азийн мафийн"Алтан гурвалжин" бүлэглэлийн бүс нутаг хариуцсан хятад гаралтай Малайзын иргэн Эдвартад золиослогдсон манай улсын иргэн М.Ойгонбаярын хар тамхи зөөвөрлөсөн хэргийг шүүсэн юм. М.Ойгонбаяр нь өнгөрөгч 2010 оны хоёрдугаар сарын 5-нд Замын-Үүдээс Эрээн рүү 1.7 кг героиныг бусдад дамжуулахаар явж байхад нь цагдаагийн саатуулжээ. Тэрбээр уг бодисыг Цэрэндулам гэдэг эмэгтэйн зуучлалаар Филиппинээс Монгол руу оруулж ирсэн тус улсын иргэн Эдвардаас авчээ. Эдвард нь Сөүл-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор авчирч өгсөн гэдэг. Улмаар М.Ойгонбаярт Цэрэндуламын хамт ажиллаж байсан Саранцэцэг гэх эмэгтэй гадаад паспорт, галт тэрэгний тасалбар, 1300 юань, саарал чемодантай зүйлийг нь төмөр замын төв буудалд авчирч өгсөн аж.
Энэ ачааг Эрээнд Наранцэцэг гэдэг эмэгтэй тосож авах байсан ч тэрбээр цагдаагийнхантай явж байгааг нь мэдээд зугтсан байна. Шүүхийн хэлэлцүүлгийн үеэр Сөүлээр дамжин Монгол руу хар тамхи оруулж ирж, Монголыг хар бизнесийнхээ дамжуулагч орон болгон ашиглаж байдаг Филлипиний 3-4 иргэн байдаг. Эдвардаас гадна Бобби нарын дөрвөн хүн Улаанбаатарт ирж монгол хүнд мансууруулах бодис дамжуулж өгчихөөд явдаг талаар тэрбээр мэдүүлсэн байдаг. Түүнд улсын яллагч Т.Мөнхжаргал Эрүүгийн хуульд заасан зохион байгуулалттай гэмт бүлэглэлд оролцож, хар тамхи мансууруулах бодис Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн гэсэн зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэн юм. Харин шүүхээс зохион байгуулалттай гэмт бүлэглэлд оролцсон гэсэн зүйл ангийг нь хэрэгсэхгүй болгож, мансууруулах бодис онц их хэмжээгээр улсын хилээр нэвтрүүлсэн гэсэн үндэслэлээр 13, мансууруулах бодисыг үгсэн тохиролцож, олж авч тээвэрлэсэн гэсэн үндэслэлээр 12 жилийн хорих ял оноож, уг ялыг хүндийг нь хөнгөнд нь багтааж, нийт 15 жил хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Гэтэл хар тамхи зөөвөрлүүлсэн Эдварт гэгч мафийн бүлэглэлийн этгээд аль эрт зугтаж амжсан юм. Түүнийг одоо интерполоор эрэн сурвалжилж байгаа. Хятадад хар тамхи зөөвөрлөсөн хэргээр ял сонссон эмэгтэйчүүд ч Эдвартын талаар шүүх хурлын үеэр мэдүүлэг өгсөн байдаг. Тэгвэл энэ нэр дахин сонсогдох болсон. Азийн орнуудад хар тамхи зөөвөрлөдөг хоёр том сүлжээ бүлэглэлийн нэг болох “Алтан гурвалжин”-тай дахин нэр холбогдсон хүн бол улсын начин Ц.Улаанхүү. Тэрбээр шүүх хурлийн үеэр “Би ямар ч хар тамхи зөөвөрлөөгүй. “Алтан гурвалжин гэж мэдэхгүй. Шүүх гэм бурууг тогтоодог” гэсэн билээ. Хэдийгээр түүний гэм буруутай үйлдлийг шүүх тогтоосон ч монголчуудын дунд яагаад “Алтан гурвалжин” Эдварт гэх нэр дахин яригдаад эхлэв. Энэ бүхнээс эргэцүүлэхэд Хятадын цагдаа нарын илрүүлэн шалгаж эхлээд байгаа дээрх 12125 хүний дотор Монгол хүн бий эсэх нь одоогоор тодорхой бус байгаа ажээ. Зарим эх сурвалжууд ийм том бүлэглэлд нэг ч монгол хүн оролцоогүй гэхэд итгэхэд бэрх гэж байна.
Б.Отгонбаяр
Сэтгэгдэл ( 0 )