Сүүлийн үед хотын төвд болон олны хөлийн газарт бага насны хүүхдээр гуйлга гуйлгагчид олшроод байгаа билээ. Тэгвэл хүүхээр ингэж гуйлга гуйлгах нь Монгол улсын Эрүүгийн хуулийн 115-р зүйлийн насанд хүрээгүй хүнийг биеэ үнэлэх, гуйланчлалд ашиглах гэдэг зүйл анги болон Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн хүүхдээр гуйлга гуйлгах хориотой гэсэн заалтыг тус тус зөрчиж байгаа хэрэг юм. Дээрхи хуулийн заалтыг зөрчин гуйлга гуйж байсан тохиолдол өнөөдөр Нийслэлийн цагдаагийн газарт бүртгэгдсэн байна. Тодруулбал Чингэлтэй дүүрэг нүхэн гарцны орчим бага насны хүүхдийг ашиглан гуйлга гуйж байна гэсэн мэдээлэл Нийслэлийн цагдаагийн газарт иржээ. Энэ мээдэллийн дагуу очиж шалгахад 43 настай Алтангэрэл гэх эрхэлсэн тодорхой ажилгүй Сонгинохайрхан дүүргийн Баянхошуунд оршин суугч өөрийн ахын хүүхэд гэж танилцуулсан Шарков гэгч хоёр настай хүүхэдтэй гуйлга гуйж байсан юм. Шарков хэмээх хоёр настай энэ хүүхдийг ашиглан удаа дараа гуйлга гуйж байсан тохиолдолд цагдаагийн байгууллагад бүртгэгдээд байна. Иргэн Алтангэрэл өөрийн хадам ээжтэйгээ ээлжлэн Шарковтой гуйлга гуйдаг байсан аж. Тодруулбал өглөөнөөс өдөр болтол Алтангэрэл Шарковтой гуйлга гуйдаг байсан бол өдрийн 14:00 цагаас орой болтол нь Алтангэрэлийн хадам ээж Багшийн дээд сургуулийн орчим хүүтэй цуг гуйлга гуйдаг байжээ. Өөрөөр хэлбэл өөрсдөө хагас өдрөөр “ажиллаад” хүүхдийг бүтэн өдрөөр ашиглаж гуйлга гуйдаг болох нь тогтоогдоод байна. Гэр бүлээрээ гуйлга гуйгчид хүүхдийг байнгын өлөн байдалтай байлгадаг байжээ. Тухайлбал тэд хүүхдийг өглөө гэрээсээ гарахдаа хооллосон бөгөөд 14:00 цаг хүртэл хооллоогүй байсан юм. Байнга гадаа байдаг болохоор даарч хөрдөг нь тодорхой нус нь гоожиж цээжин дэх цэр нь ховхорохгүй ханиана. Өлссөндөө ундууцах хүү өөрт нь өгсөн жоохон чихрийг газар дээр нь идэж байгааг харсан ямар ч хүний зүрх өөрийн эрхгүй эмтэрнэ. Одоо хүүхдийг Нийслэлийн цагдаагийн газрын харъяа Хүүхдийн хаяг тогтоох төвд байлгаж эцэг эхийг нь тогтоох юм байна. Харин Алтангэрэл гэгч энэхүү сэтгэцийн эмгэгтэй хүнийг Шарков хэмээх энэхүү хүүтэй ямар холбоотой болохыг нь тогтооно. Сэтгэл мэдрэлийн өвчтэй хүн учраас Алтангэрэлд ямар нэгэн хуулийн хариуцлага хүлээлгэхгүй ч албадан эмчилгээ хийлгэх юм байна. Харин хүүхдийн эцэг эх санаатай гуйлга гуйлгах ажлыг зохион байгуулсан бол хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх буюу эцэг эх байх эрхийг нь хасахаас эхлээд эрүүгийн хуулийн дагуу шийтгэх ажээ. Алтангэрэл гэгч нь гурппт байдаг, сэтгэл мэдрэлийн өвчтэй буюу шар хадны эмнэлэгт сар бүр хэвтэн эмчилүүлдэг нэгэн юм. Тэрээр өөрийн эхнэр, хадам ээж, ах болон түүний эхнэр хоёр хүүхлдийн хамт амьдардаг гэж мэдүүлсэн байна. Энэ бол зөвхөн ганцхан жишээ. Үүний цаана гуйлга гуйдаг хүүхэд цөөнгүй бий. Тэдгээр хүүхдийн эрх гэж ярихад бэрх болжээ. Хүүхдээр гуйлга гуйлгагчид ядаж Монгол улсын ирээдүй болсон өөдөсхөн хүүхдийг хооллодог болоосой. Хүүхдээр гуйлга гуйлгуулсан тохиолдол цөөнгүй гардаг бөгөөд цагдаагийн газраас тухай бүрт нь арга хэмжээ авч ажилладаг ажээ. Хамгийн сүүлд л гэхэд Сонгинохайрхан дүүргийн оршин суугчдын эцэг эх байх эрхийг нь хассан юм. Хүүхдээрээ гуйлга гуйлгадаг эцэг эхчүүд хуулийн дагуу хариуцлага хүлээх дургүй ажээ. Тодруулбал хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх чадваргүй тэднийг хуулийн дагуу эцэг эх байх эрхийг нь хасахаар шүүх хуралдаанд оруулахад олон тайлбар тавьж, хүүхдийн тэтгэмжийн мөнгийг хувьдаа завшдаг байна. Тэжээж чадахгүй байж төрүүлсэн хүүхдээ мөнгөний зорилгоор ашиглагчдын эцэг эхчүүдийн эрхийг нь хасах ч багадмаар...
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )