Гадаад орнуудад буцалтгүй тусламж үзүүлнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 09

Байгалийн гамшиг болж хүний амь эрсдэн, эд материалын үлэмж хэмжээний хохирол учирсан Тайландын Вант Улсад 20 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний тусламж үзүүлэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Үерийн улмаас тус улсын 28 муж, Бангкок хотын 9 дүүрэг, түүний дотор тариалангийн талбай, үйлдвэрийн газрууд, аж үйлдвэр-технологийн хэд хэдэн парк, онгоцны буудал усанд автаж, 370 гаруй хүн амь насаа алдаад байна.

2.7 сая хүн ямар нэг хэмжээгээр үерт өртөж, 6 тэрбум ам.долларын хохирол учран, 600 гаруй мянган хүн ажилладаг 14 мянган аж ахуйн нэгж ажлаа түр зогсоожээ. Тайландын Вант Улс манай улсын эдийн засгийн хүндрэлийг давах, ой, хээрийн түймрийн хохирлыг арилгах, зуданд нэрвэгдсэн малчдад туслах, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх зэрэгт тусламжийн гараа сунгаж байсан юм. Хамгийн сүүлд буюу 2009 онд Тайландын гүнж манай улсад айлчлахдаа Төв аймгийн Алтанбулаг сумын сургуульд “Үдийн хоол” хөтөлбөрийг эхлүүлэхэд 60 мянган ам.доллар өгч, техникийн зөвлөгөө, сургалтыг өөрийнхөө ивээл дор явуулж байна.       

Мөн БНАСАУ-аас тавьсан хүсэлтийг харгалзан хүнсний тусламж үзүүлэх нь зүйтэй гэж хуралдаанаас үзлээ. Энэ дагуу 35 тонн ямааны мах худалдан авч БНАСАУ-д тээвэрлэн хүргэхэд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болсон байна. Манай улс өнгөрсөн жил мөн тус улсад 30 тонн махыг буцалтгүй тусламж болгон хүргэж байсан юм. БНАСАУ-ын Засгийн газар энэ оны эхээр НҮБ болон гадаадын улс орнуудад хандаж 1 сая тонн хүнсний тусламж үзүүлэхийг хүсчээ. Тус улсын хүн амын хүнсний жилийн хэрэглээнд 5.3 сая тонн ургац хэрэгтэй байдаг бөгөөд жил бүр дунджаар 4 сая тонныг өөрсдөө хураан авдаг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top