Шихихутуг ХЗДС –ийн 20 жилийн ойн арга хэмжээнд АНУ, Солонгос, ОХУ, Япон, Буриад зэрэг улсаас төлөөлөгчид оролцож байна

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 11

Монголын ууган хувийн хэвшлийн сургууль болох Шихихутуг ХЗДС-ийн 20 жилийн ойн баярын арга хэмжээ найр наадам гэхээсээ илүүтэйгээр бодит үр дүнг хүлээсэн томоохон ажлуудаар үргэлжилж байна. Өчигдөр энэ сургуулийн нэрэмжит Монголын чансаа өндөр шилдэг 12 шатарчны тэмцээн явагдаж өндөрлөсөн бол өнөөдөр МУИС-ийн дугуй зааланд “МУ-ын эрх зүйн шинэчлэл”, “Ази номхон далайн орнуудын эрх зүйн чиг хандлага” гэсэн сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний чуулга эхэллээ. Чуулганд Монгол улсын хууль, эрх зүйн салбарын шилдгүүд болох Нарангэрэл, Амарсанаа, Лүндээжанцан нар илтгэл тавих бол бусад төлөөлөгчид илтгэлээ тавиад байна. Мөн энэ цаг мөчид Шихихутуг ХЗДС-ийн хүндэт докторын зэрэг олгох ёслолын ажиллагаа болох бөгөөд үдээс хойш ДБЭТ-т тус сургуулийн түүхэн замналыг харуулсан баримтат кино, баярын хурал, хүндэтгэлийн концерт болохоор төлөвлөгджээ. Харин маргааш буюу 11 сарын 12-нд тус сургуулийн нэрэмжит Монгол улсын начин цолонд хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдарт цолтой хүчит 128 бөхийн барилдаан зохиогдох юм. Шихихутуг ХЗДС-ийн 20 жилийн ойн энэ бүх арга хэмжээнд тус сургуультай хамтын ажиллагаа тогтоосон АНУ, Солонгос, ОХУ, Япон, Буриад улсын их дээд сургуулиудын зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцож байгаагаараа онцлог болж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top