Далай лам дахин ирэхээ амлаад буцлаа

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 12



  Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Данзан жамц Монголд найм дахь удаагаа айлчлаад өчигдөр буцлаа.

Энэ долоо хоногийн эхээр ирсэн тэрбээр сүсэгтэн олны талархлыг хүлээж, нийгмийн элдэв хөндүүрээс сэтгэлээ түр ч болов чөлөөлөхөд нь тусалсан биз. Нисэх дэх 5050 хүний суудалтай спорт ордон гурав хоногийн турш хөл гишгэх зайгүй өнжиж, багтаамжаасаа хоёр дахин олон хүнээр дүүрсэн байв. Сүсэгтнүүд “Өөр ямар ч тоглолт энэ байгууламжийг ингэж дүүргэж чадахгүй биз” хэмээцгээж байснаас үзвэл энэ бурханлиг хүнийг манайхан хэрхэн үнэлдэг нь илэрхий. Түүний энэ удаагийн айлчлал олон онцлогтой болсныг хэвлэлийнхэн дурдаж байгаа. Есдүгээр богд Жавзандамбыг бурхан шашны тэргүүнээр залснаас болж манай сүм хийдүүдийн тэргүүнүүд хоорондоо “би”, “чи”-дээ хүрэн талцан муудалцаж амжив. Яг энэ үйл явдлын дараагаар Далай багшийн хийсэн гэнэтийн айлчлал уур амьсгалыг аятай сайхнаар зөөллөж чадлаа.

Төрийн хэргээ хүлээлгэн өгч, шашин номын ажлаа дагнахаар болсон түүнийг харь орноос хавчих хандлага харьцангуй багассан нь ч ажиглагдав. Хятадын зүгээс ямар эсэргүүцэл тулга рахыг тааж ядахдаа зарим нэг нь “Тэд өөрийн тусламжаар бариулсан спорт ордондоо Далай ламыг ном хуруулахгүй гэнэ” гэсэн цуу ч гаргасан. Гэсэн ч “Монголчуудад би хайртай” хэмээн үнэн сэтгэлээсээ хэлдэг Далай багшийн энэ удаагийн айлчлал тайван, сайхан боллоо. “Монголын ирээдүй залуусын гарт байгаа. Эрдэм мэдлэгтэй ойр дотно нөхөрлө, бүтээ, хөдөлмөрлө. Ингэж чадвал улс орныхоо тусгаар тогтнолыг хамгаалж чадна” хэмээн залууст хандан айлдсан Дээрхийн гэгээнтэн явахаасаа өмнө сэтгүүлчдэд цаг гарган чухалчлан уулзсан нь онцлох бас нэгэн явдал байв. Найман удаа айлчлахдаа хэвлэлийнхэнтэй хэзээ ч уулзаж байгаагүй гэдэг. Дээрхийн гэгээнтэн XIV Далай багш ”Сүүлийн 50 жилийн турш би эх орноосоо цагаачлан амьдарч буй ч хүний сайн сайхны төлөө идэвхийлэн ажиллаж байна. Монгол, Төвд хоёр түүхийн явцад ахан дүүс болсон улс. Сүүлийн үед барууны орнуудад дотоод сэтгэл, ёс суртахууны хямрал явагдаж байна. Бурхны шашин бол энэрэхүйн урлаг.

Тэр ч утгаараа ирээдүйн сайн сайхан, гэрэл гэгээний төлөө нийгмийг эрүүлжүүлэхээр ажилладаг сэтгүүлчидтэй адил зорилготой. Заан урт хошуугаараа бүх зүйлд хүрдэгтэй адил сэтгүүлч хүн өнгөрсөн, ирээдүйд болох бүх зүйлд оролцох боломжоо ашиглан аливаа асуудалд үнэн бодитоор хандах хэрэгтэй. Уулзалт бүр дээр “Архиа бага ууж, айргаа тааваар ууцгаа” гэсэн айлдварын талаар асууж байгаа нь монголчууд архидалтад ихээхэн сэтгэл эмзэглэх хэмжээнд хүрснийг илэрхийлж байна. Энэ асуудалд та нарын оролцоо их байгаа” хэмээн сэтгүүлчдэд хандан хэллээ. Харин энэ удаагийн айлчлалд Хятад улс хэрхэн хандаж буй талаар сонирхсон сэтгүүлчийн асуултад “Намайг хаана ч явсан Хятад улсын зүгээс гаргах дарамт, таагүй байдал байнга дагадаг. Тийм болохоор одоо бараг хэвийн, байх ёстой явдал шиг санагдах болж дээ. Хэрэв монголчуудад тийм таагүй сэтгэгдэл төрсөн бол хүлцэл өчье” хэмээв. Ийнхүү “Дараа дахин ирнээ” хэмээн хугацаа товлолгүйгээр амлалт үлдээн явсан түүнийг өчигдөр 09.30 цагт Буянт-Ухаагаас үдэж мордуулснаар Монголд хийсэн найм дахь удаагийн айлчлал нь өндөрлөсөн юм.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top