С.Сэрчмаа: Би Хятадын уран бүтээлч биш

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 12

Дуучин С.Сэрчмаатай ярилцлаа.

-Урд хөршид гэр бүл зо­хио­гоод нэг хэсэгтээ дуу хөгж­мөөсөө хол байлаа. Эх орон­доо ирээд шинэ уран бүтээ­лийнхээ ажилд ороод байгаа сурагтай?

-Шинэ уран бүтээлдээ орсон. Нэг жил хагас завсарлалаа ш дээ. Энэ хугацаанд дуу хөгжмөөс хол­доогүй. Өвөрмонголд уран бүтээ­лээ хийж байлаа. Яг өөрийнхөө хувьд зогсолтгүй уран бүтээлээ хийж байсан гэж хэлж болно. Урд байх хугацаандаа Өвөр­монголын болоод Монголынхоо хөгжмийн зохиолчтой хамтарсан “Цагаан сүүний домог” нэртэй CD гаргасан. Монгол, хятад хэл дээр дуулсан. Харин эх орондоо ирээд эрчимтэй уран бүтээлийнхээ ажилд ороод байна. Саяхан 25-р телевизийн олон ангит киноны дууг дууллаа. Бас хөгжмийн зохиолч Пүрэв­доржтой хамтарч ажиллаж байна. Шинэ жилийн дуу гаргах гэж байгаа гээд олон дуу эзнээ олоод ирлээ. Заавал би дуу захиалаад байх шаардлагагүй, дуунууд маань эзнээ олоод ирдэг юм байна.

-Эх орондоо хэзээ ирсэн бэ. Өөрийг тань ирсэн гэдгийг нэг хэсэг хэвлэлээр нэлээд  шуу­­ги­лаа? 

-Би эх орондоо ирээд зургаан сар орчим болж байна. Ганцаараа бие дааж дуулаад арван нэг, хоёр жил өнгөрчээ. Анх гарч ирэхдээ л муулуулж байсан. Эх орондоо эргээд иртэл муулсан хэвээрээ л байна. Сэрчмаа нөхрөөсөө салаад ирлээ гэх зэргээр шар хэвлэлүү­дээр муулдаг нь эхэлчихэж. Энэ мэдээллүүд ташаа гэдгийг хэлмээр байна.

-Хятад руу буцах уу?

-Энд ирэнгүүтээ нэг дуу гарга­чихаад явлаа гээд байвал болохгүй л дээ. Эндээ нэлээд хугацаанд байж уран бүтээлээ хийнэ. Сонсог­чид маань бас асууж байсан л даа. Та нэг дуу гаргачихаад явчих юм биш биз дээ. Бид нар таныг маш их хүлээсэн гэж хэлж байсан. Дуу­чин Б.Сарантуяагийн тоглолтод оролцоход намайг хүлээсэн, шинэ уран бүтээл хүссэн хүмүүс олон харагдаж байсан. Тийм учраас уран бүтээлээ эндээ туурвина. Хүүхэд маань ч гэсэн жаахан байна. Агаар, ус  солигдохоор эрүүл мэндэд хортой гэдэг ш дээ.

-Урд байхдаа томоохон тог­лолтод оролцож байв уу. Хята­дад таныг яаж хүлээж авч байв?

-Тэгэлгүй яахав. Хөх хотын “Улаан” театрт өөрийнхөө бие даа­сан “Хайрын захидал” нэртэй тог­лолт хийсэн. Монголоос манай урлагийн баг очсон. Бүгдээрээ л намайг дэмжиж ирсэн учраас маш сайхан тоглолт болсон. Тий­мээс энэ дашрамд  баярлалаа гэж хэл­мээр байна. Бас Бээжингээс мун­даг том гэрэлтүүлгийн компани тайз засал дээр ажиллаж, Өвөр­монголын “Одон” телевиз бүрэн бүрэлдэхүүнээ ажилласан. Хоёр өдөр оюутнууддаа зориулаад үнэгүй тоглосон. Сүүлийн өдөр нь тасалбараар үзүүлсэн. Ер нь бол Өвөрмонголын бүх хот, аймаг, сумдаар явж тоглолтоо хийсэн гэхэд болно. Бас Хятадын хамгийн том Гуанши хотод Азийн ерөнхий сайд нарын уулзалт болсон. Энэ уулзалтын үеэр урлагийн үндэс­ний их наадам болсон юм. Тэнд Сингапур, Малайз гээд Азийн маш олон орны алдартай дуучид ирж оролцсон. Би Монгол Улсаа төлөөлж ардаа 60 бүжигчин­тэй дуулах маш сайхан байсан. Хятадын тал бүжигчдээ бэлдсэн байсан л даа. Харин би монгол үндэсний хувцсаараа, монгол дуу­гаараа гангарч байсандаа бахар­хаж байлаа.

-Хуримынхаа талаар яриач. Хэчнээн зочид ирсэн. Аль хотод болсон бэ?

-Хурим маань Бээжин хотын “Шангрила” зочид буудалд болсон. Ойролцоогоор 300-аад хүн ирсэн байх. Монголоос тийм ч олон хүн ирээгүй л дээ. Яагаад гэвэл Хята­дад болсон учраас.  Харин  манай нөхөр талын ар гэр, хамаатан садан, бас миний Өвөрмонголын найз нөхөд, хөгжмийн зохиолч, уран бүтээлчид гээд олон хүн ирсэн. Монголоос миний ойр дот­ны урлагийн найзууд, найз нөхөд, ээж, аав, хамаатан садан хүрэлцэн ирсэн. Хурим маань их гоё болсон. Христийн шашны ёс заншлаар, европ маягаар хуримаа хийх сонир­холтой юм билээ. Хамгийн гоё нь тайзан дээр пастр гарч ирээд “Та энэ хүнийг  сэтгэлдээ хайрлах уу, үнэнч байх уу” гэж асуух. Тэр олон хүнийг гэрчээр байлгаж бай­гаад андгай тангараг авч гэрлэх ёслол үйлдэх сайхан юм шиг са­нагдсан. Тэр бүр манай гэрлэж байгаа хосууд бие биедээ андгай тангараг өгдөггүй ш дээ. Хүний амьдралд тохиолдох нэг л зүйл. Ямар ч хурим сайхан болдог байх.

-Манай урлагийнхнаас ямар хүмүүс зочилсон бэ?

-Дуучин Номин, ая зохиогч Ангирмаа эгч, бас дуучин Чингэс эхнэртэйгээ хамт ирсэн. Ардын жүжигчин Жаргалсайхан гуайн хүү ш дээ. МУГЖ Д.Сосорбарам гуай ирж манай хуримыг хөтөлсөн.

-Христийн шашин шүтээд нэлээд удаж байгаа байх аа?

-2008 оноос Христэд итгэж эхэлсэн. Бурхан багш ч бай, есүс ч бай ямар ч л байсан бурхан байдаг гэдэгт итгэдэг. Бурханд итгэж байж хүн тодорхой хэмжээнд нийгэм­шиж, хүмүүжиж байдаг. Аливаа нийгмийн хурцадмал байдлыг алдагдуулахгүй, барьж, дарж бай­даг зүйл бол бурхан гэж тайл­барласан байдаг шүү дээ. Түүний нэг адил би дотроо бурхан байдаг гэдэгт итгэдэг. Гэхдээ  нээх туйлш­раад “ээ бурхан минь” гээд шүтээд бишрээд байдаггүй л дээ.

-Христийн шашны заншлаар хуримаа хийх саналыг та өөрөө гаргасан уу. Танай нөхөр яаж хүлээж авсан бэ?

-Өнгөрсөн юмыг л асуугаад байх юм аа. /инээв/ Сэтгүүлчидтэй уулзахаар миний хувийн амьдрал илүү хөндөгдөөд байдаг юм л даа. Яалт ч үгүй урлагийн хүн учраас миний хувийн амьдрал их сонин байдаг шиг байгаа юм. Би өөрөө хувийн амьдралаа уг нь нууц байлгая гэж боддог. Хүн бүрийн амьдралд олон нийтэд зарлаад байх албагүй нууц зүйл гэж байдаг ш дээ. Гэтэл урлагийнхны амьд­ралыг тэгсэн гэнэ, ингэж гэнэ гээд л бичих юм. “Өдрийн сонин” өдөр тутмын том хэвлэл. Уншигчдынх нь хүрээ нь ч тэр ямар билээ дээ. Тиймээс үнэн зөв мэдээллийг хүр­гэ­дэг гэж боддог. Хуримаа яаж хийх тухайд, манай нөхөр намайг итгэгч гэдгийг мэднэ. Намайг христэд итгэдэг болохоор үнэлдэг байсан. Магадгүй өөрөө итгэгч болох ч юм бил үү.  Аливаа гэр бүлийн хосууд хоорондоо эвтэй, нэгдмэл нэг санаатай байж, нэг нэгнийгээ ойлгож хүндэлж байх хэрэгтэй. Тэр үүднээс манай нөхөр намайг ойл­гож, христийн шашны заншлаар хурим хийх саналыг санаачилж гаргасан. Тэр нь надад том гэнэ­тийн бэлэг болсон л доо.

-Кинонд тоглох санал ирж байгаа юу. Тэгж сонссон юм байна? 

-Үгүй үгүй. Киноны дуу дуулсан болохоос кинонд тоглох санал одоогоор ирээгүй байна. Кинонд тоглох хэцүү юм байна лээ. /инээв/ Өмнө нь “Удам” киноны гол дүрд тоглосныг мэдэж байгаа байх. Дүр бүтээсэн гэхэд ичмээр ч юм шиг санагдаж байна л даа. Яагаад гэвэл би мэргэжлийн жүжигчин биш учраас. Гэхдээ залуу сайхан бай­гаа үедээ киноны хальсанд дүрээ үлдээнэ гэдэг аз завшаан. Хөгшир­сөн хойноо ч гэсэн манай үр хүүх­дүүд харахад дурсгалтай. Бодоод байхад би хоёр гурван кинонд тоглосон юм байна лээ.  ”Тэнгэрийн ивээл” кинонд тоглосон. Энэ кино Монгол, Өвөрмонголын жүжигч­дийн хамтарсан бүтээл. Дуучин Сэрчмаа нэрээрээ ямар нэг дүрд хувираагүй. Тэрүүгээрээ надад амар байсан. Тайзан дээр дуугаа дуулаад, миний дуулж байгааг хүмүүс үзээд, алга ташиж байгаа туслах дүр байсан. Бас “Уучлаарай хайрт минь” нэртэй  кинонд туслах дүрд тоглосон. Жүжигчин гэдэг мэргэжил агуу юм гэдгийг ойлгосон. Аан тийм, сая NTV телевизийн таван жилийн ой болоод. Тэгээд би нэвтрүүлэгч болж үзлээ. Нэвтрүү­лэгч болоход их хөгжилтэй байсан. Дараа нь олон хүмүүсээс гоё бай­сан шүү гээд мессеж ирж байсан.

-Өөрийг тань нөхрөөсөө са­лаад ирсэн гэж хэвлэлүүдээр мэдээлж байна. Үүнд тайл­бар өгөөч. Яагаад Монголдоо ирэ­хээр шийдсэн бэ?

-Албан ёсоор “Өдрийн сонин”-д мэдэгдэл хийх нь туйлын зөв. Ирснээсээ хойш би хэвлэл мэдээ­лэлд ярилцлага өгөхөөсөө татгал­заж зугтаагаад байсан л даа. Яагаад гэвэл, би ээж хүн. Хоёр­дугаарт нялх хүүхэдтэй. Уран бү­тээ­лээ ч эхлээгүй байж би ирчихлээ гээд  ярилцлага өгч зарлан тунхаг­лаад байх надад сонин биш бай­сан. Хийсэн уран бүтээлээрээ учрах нь мэдээж. Тэр цаг үеийг хүлээж байлаа л даа. Тэгсэн гэнэт л шар сонин, сэтгүүлээр намайг муулаад эхэлсэн. Намайг нөх­рөөсөө 500 сая төгрөг нэхээд өгөхгүй байхаар нь  нөхрийнхөө машины цонхыг хагалаад салаад ирсэн. Нэг л их зодоонч хүүхэн мэтээр бичсэн байсан. Надад тийм хүмүүжил байхгүй. Би ёс сурта­хууны доголдолтой биш. Манай ээж, аав ч тийм хүн биш. Энэ мэдээлэлд манай ээж, аав их эмзэг­лэсэн. Машины цонх байтугай гэрийн цонх ч хагалж үзээгүй. Ташаа мэдээлэл гарсан байна лээ гэдгийг хэлмээр байна. Худлаа мэдээлэл гаргасан хэвлэлүүдийг шүүхэд өгч нэр төрөө сэргээх бодолтой байгаа. Бас Монголд ирэнгүүтээ л хоёр дахь амьдралаа зохиогоод нэг тамирчин залуутай суух гэж байгаа гэсэн мэдээлэл гарсан. Энэ бас худлаа. Би эх орондоо уран бүтээлээ хийхээр ирсэн. Уран бүтээлч хүн уран бүтээлээ хаяж чаддаггүй юм байна. Манай нөхөр тэндээ ажилтай. Намайг дагаад салбаганаад яваад байхгүй. Хүүхэд маань нялх байгаа учраас ээжийгээ дагаад энд ирсэн. Тийм учраас тусдаа амьдарч бай­на. Бид хоёр албан ёсоор гэрлэл­тээ салгуулаагүй. Нөхрөөсөө са­лаа­гүй гэдгийг хэлмээр байна. Хамгийн сүүлд гарсан нэг гүт­гэлгийн мэдээлэлд дуучин Сэрчмаа Бээжинд УИХ-ын гишүүнтэй зочид буудалд амраглаж байхдаа нөхөр­төө баригджээ гэсэн мэдээ гарсан байна лээ. Яаж ч бодсон би тийм жаахан хүүхэдтэй байж ингэж явна гэж байхгүй. Би монгол эмэгтэй хүн, ээж хүн. Хөхүүл хүүхэдтэй эмэгтэй хүн өөр хүнтэй амраглаад хүүхдээ, нөхрийгөө бузартуулаад, өөрийн­хөө нэр төрийг бузартуулаад, бүх зүйлээ золиослоод хүнтэй амраг­лаад явна гэж байхгүй. Ээж хүмүү­сээс та чадах уу гэж асуумаар байна. Байж болшгүй  юм. Тэр сонинд бичүүлээд байгаа УИХ-ын гишүүн хэн ч гэлээ тэр хүний өмнөөс ичиж байна. Яагаад худлаа юм бичиж байгаа юм бэ. Тэр сэт­гүүлчийг шүүхэд өгнө. Нэр төрөө сэргээлгэнэ. Арай дэндүү хүний нэр төрд халдаж байгаа юм биш үү. Монголчуудаа бие биедээ урам өгч, хайрлах хэрэгтэй шүү дээ. Хэн нэгнийг арай дэндүү гүтгэж мөнгө олох нь буруу юм биш үү.

-Урд урлагийн сургууль байгуулж байгаа гэсэн. Энэ үнэн үү?

-Урлагийн сургууль байгуулах миний мөрөөдөл юм. Өөрийнхөө мэдэх зүйлийг хүүхдүүдэд зааж сургана гэдэг сайхан шүү дээ. Урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа залуучуудыг хувь­даа их дэмждэг. Түүний нэг адил би урлагийн сургууль байгуулна гэсэн бодолтой байсан. Ар гэрийн амьдралаа зохиогоод хүүхэдтэй болоод ирэхээр зарим ажил маань цалгарддаг юм байна. Урлагийн сургууль одоогоор нээгээгүй байгаа шүү. Нээнэ гэсэн бодолтой явдаг. Хүн мөрөөдлөө биелүүлж, цогц­лоож болдог. Нэг л өдөр мөрөөд­лөө биелүүлнэ.

-Та нөхрөө танилцуулаач. Өвөрмонгол хүн үү, хятад уу. Нөхрийн тань ээж, аав Мон­голд нэг хэсэг амьдарч бай­сан гэж сонсч байсан юм байна?  

-Хүмүүс манай нөхрийг их тань­даг болсон юм байна лээ. Надаар дамжуулаад манай нөхөр нэрд гарсан юм биш үү. Сэрчмаагийн олны танил нөхөр Баяр болсон байна л даа. Өвөрмонгол залуу. Өвөрмонгол чинь манай монгол­чуудын нэг хэсэг шүү дээ. Хил таслахад л Ар, Өвөрмонгол гээд үлдсэн болохоос. Өвөрмонголчууд монголчуудыгаа гэсэн сэтгэлтэй байдаг. Монголдоо хайртай хүмүүс. Гэхдээ хятад улсад харьяалагдаж байгаа. Манай нөхрийн аавыг Сарчингаа, ээжийг нь Дүүриймаа гээд өвөрмонгол хүн байгаа. Мон­голд амьдарч байсан эсэхийг нь  сонсоогүй юм байна.

-Нөхөр тань юу эрхэлдэг вэ. Бизнес хийдэг үү?

-Нөхрийнхөө бизнест орол­цоод байдаггүй л дээ. Юу хийдэг гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Ерөнхийдөө уул уурхайн чиглэлээр ажилладаг. Уул уурхайгаас гадна янз бүрийн жижиг охин компани­тай.

-Нэлээд хөрөнгөтэй, баян хүн гэж сонссон?

-Харин тэгээд яриад байна лээ. Баян, тэрбумтан хүнтэй суусан гээд яриад байгаа. Тийм биш шүү. Хуримын зурган дээр яаж ч хараг­даж болно. Эхлээд цуурхсан ойл­голтоороо баян хүн гэж яриад байх шиг байна. Би тэр хүний хөрөнгөнд нь болж суугаагүй. Сэтгэлийг нь харж ханилсан.

-Өвөрмонгол хүнтэй хани­лахдаа Монголын ард түмэн өөрийг нь яаж хүлээж авах бол гэж бодож байв уу?

-Намайг хятадтай, өвөрмонгол хүнтэй суулаа гээд муулдаг. Миний хувьд би өөртөө үнэнч эмэгтэй. Хятад улсын үнэмлэхтэй өвөр­монгол хүнтэй суусан гэж хэлж болно. Гэхдээ би өөртөө үнэнч байгаа учраас хятад хүнийг сон­гоод сууж чадсан. Нэр төр, карье­раа бодсон бол би юун хятад хүн, заавал монгол хүнтэйгээ л сууна гэж бодно. Харин миний хувьд сэтгэл зүрх, дотоод хүнээ харж байж тэр хүнийг сонгосон.  Ямар ч хүн өөртөө үнэнч байхаас өөр сайхан зүйл байхгүй биз дээ. Хүнд муу хэлүүлэхээс айгаад өөр сон­голт хийгээгүй, сэтгэлээ дагасан.

-Та айлын хэд дэх хүүхэд вэ?

-Айлын хамгийн бага нь. Манай хүүхдийн аав ч гэсэн айлын отгон. Хоёулаа эрх, дураараа. Тийм боло­хоор хоорондоо муудалцах зүйл гар­даг л даа. Мэдээж айл гэрт муу­далцах зүйл байлгүй л яахав. На­майг Монгол руугаа явна гэхэд эн­дээ байгаач дээ гэж дургүйцсэн.  Би Монголын дуучин Сэрчмаа бо­ло­хоос, хятадын дуучин биш. Ми­ний ху­вийн амьдрал өвөр­мон­гол хү­нийг сонгосон болохоос уран бү­тээлээ, дуугаараа би хятадыг сон­гоо­гүй. Энэ тал дээр бид хоёрт жаа­хан зөр­чилдөөн үүсдэг л дээ. Хэ­рэл­дэхгүй, муудалцахгүй гэр бүл байхгүй гэдгийг ойлгож байгаа биз дээ.

-Охиндоо Хураа гэдэг нэр хайрласан байна лээ. Яагаад энэ нэрийг өгсөн бэ?

-Охиныг маань төрж байхад их бороо орж байсан юм. Хувьтай хүн хур борооноор гэж билгэшээгээд энэ нэрийг өгсөн.

-Хятадад охиноо төрүүлэхэд ямар байсан бэ. Хувийн эмчтэй байв уу. Эмнэлгийн тоног тө­хөөрөмж нь манайхыг бодвол сайн л байдаг байх?

-Урд төрөхөд нөхцөл байдал муу байсан. Мэдээж эмнэлэг, ана­гаах ухааны хөгжил манайхаас өндөр байгаа л даа. Би монгол хүн учраас монгол эмч дээрээ, эх орондоо төрдөг байж дээ гэж бод­сон. Хятад эмч нарын дэргэд төрө­хөд хэцүү юм байна лээ. Хятад хэл ойлгодог ч гэсэн эх хэл маань биш учраас их өвдөлтийн хажуугаар ойлгохгүй чихний хажуугаар л өнгөрөөд байдаг юм билээ. Дараа нь өвөрмонгол эмч орж ирсэн л дээ. Тэгэхээр ээжийнхээ дэргэд, монгол эх орондоо хүүхдээ төрүүлэх сай­хан байсан юм байна даа гэж бодож байсан. Дараа дараагийн­хаа хүүхдүүдийг Монголдоо тө­рүүлнэ гэж бодож байна.

-Нөхрөөсөө авсан том бэлэг юу вэ?

-Охин маань шүү дээ. Миний хувь тавилан л ийм юм байна. Тэр холоос ийм хөөрхөн хүүхэдтэй болж, гэр бүлээ зохиох байсан юм байна. Намайг өмнө нь ойр дотны маань хүмүүс хүнтэй суухгүй оройт­лоо гэдэг байсан. Ялангуяа урла­гийн хүн уран бүтээл, ажилдаа анхаарлаа хандуулаад ар гэр, хувийн амьдралаа зохиож чадах­гүй хугацаа алддаг нь яахын аргагүй үнэн юм.

-Нөхөртэйгөө яаж танилцаж байсан бэ?

-Бээжинд оюутан байхдаа та­нилцсан. Тэгээд уулздаг болсон юм. Манай хүн миний дууг сонсох их дуртай. Тэгээд цаашдаа гэр бүл болох гараа маань Бээжингээс эхэлсэн.

-Яагаад энэ асуултыг сонирх­сон бэ гэхээр таныг нөхөр­тэйгөө гэрээ хийж суусан гэж ярьдаг юм байна лээ? 

-Яанаа тийм үү. Худлаа худлаа. Янз бүрээр л хэлэх юм. Тэр бүр хүн болгон дээр очоод  би тэгээгүй гээд хэлээд яваад байх хэцүү. Нэг сонины сэтгүүлч намайг чи хар PR-аар нэрд гарсан хүн ш дээ гэж хэлж байсан л даа. Яагаад гээд бодсон чинь дээхнэ үед болдог байсан “Алтан микрафон” гээд урлагийн наадамд хэвлэлийн баатар номи­нацид би шалгарч байсан юм. Тэр цомыг нь аваад гэртээ залчихсан сууж байлаа ш дээ. Тэгэхээр би хэвлэл мэдээлэлд их өртдөг, аманд нь орчихдог юм шиг байгаа юм. Дээрээс нь муугаар бичигдсэн ч тоохгүй өнгөрчихдөг л дөө. Хов живийн араас гүйхийнхээ оронд шинэ уран бүтээл гаргачих юмсан гээд суучихдаг. Дуугүй байгаад, нэр төрөө сэргээнэ гээд явдаггүй уч­раас Сэрчмааг бичээд байж болох юм байна, энэ угаасаа ч даруухан, дуугүй эмэгтэй хүн гээд зарим сэтгүүлчид олзолдог байсан байх. Би нөхөртэйгөө гэрээ энэ тэр хийгээгүй ээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top