“Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амараагийн бие даасан “Би Монгол хүн” цомог тун удахгүй ард түмнийхээ сонорыг мялаах нь. Тус цомгийн нээлт I-LOFT FUNCTION HOUSE-т энэ сарын 25-нд тусгаар тогтнолын өдрийг угтан тохиох юм. Үндсэрхэг үзэлтэй С.Амармандахын бие даасан цомгийн нээлт зочдыг жинхэнэ монгол ахуйг мэдрүүлсэн орчноор амьсгалуулах гэнэ. Есөн хөлт цагаан туг, эрэлхэг баатрын хувцас өмссөн хамгаалагчид, халх эмэгтэйн өмсгөл бүхий зөөгч нар зочин бүрт “Би Монгол хүн” гэдгийг мэдрүүлэх аж. Репийн хааны бие даасан тоглолтонд “Би Монгол хүн” цомогт багтсан “Их хаантай учирсан зүүд”, “Дүүлэнхэн нис”, “Хар сарнай”, “Үндэсний минь цаг ирж байна”, “Урагшаа”, ”Өөрөөр амьдарцгаая”, “Төр улс минь гэрэлтээсэй”, “Хүннү гүрэн”, “Төрийн дуулал”, “Төмөр хаан” зэрэг үеийн үед дуулагдсаар ирсэн болон шинэ уран бүтээлүүд дуулагдах юм. Эдгээр уран бүтээлүүд дээр хамтран ажилласан “Хар сарнай” хамтлагийн дуучин Б.Маадай, Төрийн шагналт Д.Сосорбарам, Ардын жүжигчин А.Долгор, Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ, “Чингис хаан” хамтлагийн ахлагч, Гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан, УДБЭЧ-ын уртын дууч, СТА Д.Оюунжаргал нар ая дуугаа өргөж, “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн, хөөмийч Наранбадрах, Хөсөгтөн, Эрх чөлөө, Бөртэ чонын үрс хамтлагууд тоглолтонд оролцох юм. Тоглолтыг “Мобиком” корпораци, “Морьт хангай”, групп ивээн тэтгэжээ. “Хар сарнай” хамтлаг үүсч байгуулагдсанаас хойш хорин жилийн дараа тоглогдож буй энэхүү бие даасан цомгийн нээлт 99 мянган төгрөгийн такстай. 10 зочин нэг ширээнд тухлах энэхүү тоглолтын сурталчилгаа явагдаж амжаагүй байхад тасалбарын тал хувь нь зарагджээ. Магадгүй, энэхүү цомгийн нээлт нь тусгаар тогтнолын өдрийн хамгийн доргио сюрприз, энэ жилдээ мартагдахгүй дуулиант арга хэмжээ байж мэднэ.
Н.Энгүүн