Манай хойд хөршийн нийслэл хотноо байрлах Монгол Улсын Элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн дарга А.Батсайхан тамхины хэргээр Польш улсын хил дээр саатуулагджээ. Тэрбээр их хэмжээний тамхи хилээр гаргах гэж байгаад Польш улсын хууль хяналтынханд баригдсан байна. А.Батсайхан өмнө нь Польш улс дахь Монголын Элчин сайдын яаманд ажиллаж байсан гэдгийг эх сурвалжууд мэдээлж байна. Элчин сайдын яамны ажилтны хилээр гаргахыг завдсан тамхи нь хуулиар хориотой тамхи байсан бөгөөд мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх тамхины төрөл биш ажээ.
Гадаад харилцааны яамны хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас энэ талаар тодруулахад “Ийм мэдээл гадуур байна. Бид одоогоор үнэн худал эсэхийг нь шалгаж байгаа. Яг энэ асуудалд яамны Консулын газрын дарга Д.Ганхуяг мэдэгдэл өгнө” гэж хариуллаа.
Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Д.Ганхуягаас тодруулахад “Би энэ асуудалд мэдээлэл хийх эрхтэй эсэхээ мэдэхгүй байна. Асуудлыг нягталж, тодруулаад үдээс хойш мэдээлэл өгнө. Мэдээллээ хэрхэн өгөхөө удирдлагуудтайгаа зөвлөлдөж байна” гэж мэдэгдлээ.
Тамхины худалдаа нь хэд дахин нугардаг ашигтай бизнес бөгөөд манай улсын гэлтгүй зарим улсын элчин сайдын яамны ажилчид энэ чиглэлээр “гаршсан” байдаг ажээ. Эх орноо төлөөлөн гадаадад ажиллаж байгаа элчин сайдын яамны ажилчид өмнө нь энэ төрлийн хэрэгт холбогдож байсан бөгөөд зарим нэг нь ял авч байсан ч тэнсэн харгалзахаар хэргээс мултарч байсан юм байна.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )