Хүн болгон цорын ганц хувь. Гэхдээ олноос онцгой нь цөөн байдаг шүү дээ. Онцгой заримдаа хачирхалтай ч гэж “оношилж” болохоор нэгэн бүсгүй ярилцлагын минь эзэн. Ойрд тэр хэвлэлийнхнээс “харшилтай” болчихож. Алхаа гишгээ бүрийг нь тандаж, амар тайван байлгахгүй болохоор арга ч үгүй биз. Юутай ч ярилцах хүсэлтэйгээ хэлэхэд, ямар нэг шалтгаан тоочилгүй “за” гэх хариу өгсөнд баярлан, тэднийхийг зорьсон юм.
Зүрхэн хээтэй бэлтгэлийн өмдийг өвөрмөц зурагтай богино цамцтай хослуулж өмссөн, үсэ янзлаагүй, үнэртэй ус ч түрхээгүй өөр нэгэн төрх биднийг угтлаа. Элдэв чимэггүй, энгийн байхдаа үзэсгэлэнтэй харагдах түүнд “өхөөрдөм” гэх бас нэг тодотголыг миний зүгээс нэмсэн. Өөрийн гэсэн төсөөллийн ертөнц дэх үлгэрийн орны гүнж. Энэ бол Мөнхтөрийн Нарантуяа буюу олны нэрлэдгээр дуучин Нара.
-Өөрөө олоод ирье гэж бодоод танайхыг хайсан чинь олддоггүй ээ. Гэтэл замд таарсан эхний хүнээс асуухад л танайхыг заагаад өгчих юм. Танайх энэ газарт хэдэн жил амьдарч байгаа юм бэ?
-Би төрснөөсөө хойш л хорооллын эцэст амьдарч байна. Тийм болохоор манай энэ хавийнхан андахгүй ээ, сайн мэддэг юм байна лээ. инээв
-Та ганцаараа амьдардаг юм уу?
-Манайхан амралтанд явчихсан, удахгүй ирнэ. Би эрэгтэй дүүтэйгээ бас хоёр хөөрхөн мууртайгаа үлдсэн юм. Манай энэ хоёр чинь ээж, охин хоёр гэж байгаа. Эхийг нь Китти, зулзагыг нь Мимми гэдэг. Муурнууд бие биенийгээ долоон эрхлүүлэхийг хараад Тээр бие биендээ аймаар хайртай байгаа биз.
-Би муурнаас их айгаад байдаг юм. Та хэзээнээс тэжээж эхэлсэн бэ. Арчилгаа их шаарддаг уу. Өмнө нь өөр амьтан тэжээж байсан уу?
-Муурнаас өөр амьтан тэжээж үзээгүй ээ. Бид нар ч гэсэн эхлээд дургүй байсан. Аяндаа хамт амьдраад дасчихдаг юм байна лээ. Муурын зулзага юунаас ч илүү эгдүүтэй болохоор тэжээдэг болсон. Анх манай дүү нялх муужгай авчраад, бид нар хэрхэн хооллохоо мэдэхгүй, идэж байгаа болгоныг нь өгөөд байсан чинь өвчин тусаад, харамсалтайгаар нас барчихсан.
Тэгээд түүний дараа зорин байж, захаас Киттиг худалдаж авсан юм. Манай Китти хоёр ч удаа төрсөн. Муур нэг төрөхдөө 3-5 муужгай гаргадаг. Би Миммигээ авч үлдээд бусдыг нь хамаатныхаа дүү нарт бэлэглэчихсэн. Үс нь унаад байдгаас биш уг нь арчилгаа багатай ш дээ. Нэг их өвчин тусаж зовоохгүй. Хамгийн гол нь муураа тэжээлээр хооллох, зориулалтын шампуунаар угаах болон тусгай жорлонд бие засуулж сургах хэрэгтэй.
-Нара амьтанд их хайртай юм
Манай муурнууд чинь гэр бүлийн минь гишүүд шүү дээ. Эгдүүтэй хөөрхөн амьтад байгаа юм. Өө нээрэн, би нохойны амь аварсан. Уржнангийн шинэ жилийн үеэр манай гражны хажууд нэг нохой дайруулчихсан бололтой хэвтэж байхаар нь очоод харлаа. Тэгсэн хамаг бие нь мэдээгүй болж хөшөөд, дөрвөн хөл нь хөлдчихсөн байсан. Дулаан бүтээлэг нөмөргөөд, бүлээн хоол авчирч идүүлсэн чинь ам нь хөдлөхтэй үгүйтэй л, маш өрөвдөлтэй. Тэр шөндөө орцондоо хонуулаад, маргааш нь “Энэрэл” мал эмнэлэгт аваачиж хэвтүүлсэн.
Эмч надаас нэрийг нь асуухаар нь гудамжны нохой бол гаргачихаж магад гэж сандарсандаа Баавгай гээд хэлчихэж билээ. Гэтэл эмэгтэй нохой байж таарсан. Машинд дайруулаад амьтны гол тулгуур эрхтэн болох нурууны яс нь маш хүнд гэмтсэн учир амьдрах найдвар тун бага гэж хэлсэн ч хэсэг хугацааны дараа хөл дээрээ босоод ирсэн шүү. “Энэрэл” мал эмнэлэгийнхэн түүнийг Нарагийн “нандин эрдэнэ” гээд нэрлэчихсэн байсан. Одоо тэр нохой манай ахын хашаанд байдаг. Хоёр ч удаа гөлөглөсөн. Магадгүй ийм буян үйлдсэн учир миний амьдрал сайхан байдаг байх гэж боддог юм.
-Та өглөө хэдэн цагт босдог вэ?
Би өглөө бүр гүйдэг дэглэмтэй болсон. Ихэвчлэн 05.30-аас босоод өөрийгөө бэлдээд 06.00 гэхэд Зайсан толгойд очоод тойроод гүйчихнэ дээ. Нэг удаад 5-6 км гаруй зайг туулна. Хүн амьдралынхаа 40-45 хувийг унтаж өнгөрүүлдэг гэсэн судалгаа бий. Тал хувийг нь унтаад өнгөрүүлчихээр өөр бусад зүйлсээ хэдийд нь хийж амжуулах вэ дээ. Одоогоор амарч байгаа учраас ядаж энэ цаг мөчөө өөрийнхөө бие организм, оюун ухаанаа хөгжүүлэхэд зарцуулмаар байна. “Эрт босвол нэгийг дуулна” гэж үг байдаг шүү дээ.
-Жин хасаж байгаа юм уу, байнга тараг уух юм. Эсвэл цагаан идээнд ингэтлээ дурладаг юм уу. Биеийнхээ харьцааг хэлж болох уу. Таны цээж их гоёмсог харагддаг. Миний хувьд та дэглэм барих шаардлагагүй сайхан биетэй биш гэж үү?
-Тийм гэж үү, баярлалаа. Гэхдээ би жингээ хасахын зэрэгцээ өөрийгөө эрүүлжүүлмээр байна л даа. Өмнө нь шарсан төмс, хагас утсан бүтээгдэхүүн ихээр хэрэглэдэг байсан. Одоо бол тийм хүнс, хүний биед орохоороо юу болон хувирдаг талаар мэддэг болсон учраас хоолны дэглэмд ороод байгаа. Тухайлбал, төмс сахар болдог бол хагас утсан бүтээгдэхүүн хүний биед хамгийн муу эд байна лээ.
Цагаан идээнд чихэр жимснээс илүү дуртай. Багаасаа л тийм байсан, одоо ч тийм байгаа, цаашдаа ч тийм байна. Тараг их уугаад байгаагийн учир нь зуны дэлгэр цагт жинхэнэ “оригинал” хөдөөний тараг гардаг. Яг энэ цагт нь сайн уугаад авбал, өвөл ханиад томуу барагтай бол тусахгүй дээ. Мэдээж дэглэм барьж байгаатай ч холбоотой байлгүй яахав.
Биеийн харьцааны хувьд 100:75:95 байх аа, 168 см өндөр, 57 кг жинтэй. Нэг удаа гадуур найзуудтайгаа явж байтал нэг эмэгтэй хүрч ирснээ миний хөхийг барьж үзээд “жинхэнэ юм байна” гэж хэлээд яваад өгсөн. Хийлгэсэн байж магадгүй гэж бодож л дээ. Үнэхээр хийлгэсэн бол би нуухгүй “тийм ээ” гээд хэлчих зоригтой эмэгтэй гэж өөрийгөө дүгнэдэг. За одоо ингээд өөрийгөө магтсан хэрэгт орчих вий. Ойрд ямар нэг зүйл ярихаасаа ч айгаад байгаа шүү. Эцэс сүүлд нь өөрийнхөө ярьсан хэлсэнд ороогдоод, дахиад л бичүүлдэг болохоор хэцүү шүү дээ.
-Олон эмэгтэй танаас үлгэр дууриал, урам зориг авдаг. Магадгүй та тэдний “идиал” байж ч болох. Та манай уншигч бүсгүйчүүдтэй өөрийнхөө гоо сайхны жороос хуваалцаач?
-Хэрвээ хэн нэгэн надаас урам зориг авдаг бол би үнэхээр баярлана. Яагаад гэхээр орчлонд амьдарч байгаагийн бас нэг учир утга бол хүнд сайн сайхныг бэлэглэх явдал байх. Би найз нөхдөө үргэлж урмын үгээр дэмжиж, тэтгэж явахсан гэж хүсдэг, зорьдог. Бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ гэж. Би халуун биш хүйтэн усанд ордог. Хүйтэн ус арьсыг чангаруулдаг учир үрчлээ гэдэг асуудал ирээдүйд намайг угтахгүйд бүрэн итгэлтэй байдаг. Муу муухайг бодохоос аль болох зугтаж, сайн сайхан, гэрэл гэгээтэй зүйлийг бодож, сэтгэл санаагаа үргэлж өөдрөг байлгахыг хичээдэг. Хамгийн гол нь гаднаасаа тордохоос илүү, дотоод сэтгэлээ тайван, хангалуун байгах хэрэгтэй болов уу.
-Та оргилох гэж байгаа галт уул шиг л эрч хүчтэй байх юм. Бас өөртөө итгэлтэй. Хаанаас энэ их эрч хүч, өөдрөг энергийг олж авдаг вэ?
-Би хором мөч бүхэнд өөрөөрөө бахархдаг. Бусдын хувьд би хэн бэ гэдэг биш, өөрийнхөө хувьд “хэн байх вэ” гэдэг нь миний хувьд илүү чухал санагддаг. Би яг сонин дээр бичсэн шиг хүн ч байж болно, үгүй ч байж болно. Хамгийн гол нь Нарантуяа өөрийнхөө хувьд зөв хүн байхыг эрхэмлэдэг. Гэхдээ миний эрх бусдын эрхээр хязгаарлагддаг учраас өөрөөрөө байна, би хүсэж байна гээд өрөөл бусдад хортой байж бүр болохгүй. Өөрийнхөө сайн сайхны төлөө бусдыг золиослодог хүнийг би тэвчдэггүй. Энэ бол тэнэг хэрэг. Би чинь өөрөө өөртөө дүрэм зохиогоод тэрнийхээ дагуу амьдардаг хүн байхгүй юу. Чи бүр намайг ямар “ёоёотой” гэж бодно оо. Өөрийгөө байнга машиныхаа толинд харж явдаг. Би энэ амьдралдаа үргэлж сэтгэл хангалуун байж, талархаж амьдардаг. Гэхдээ Есүс яриад байгаа хэрэг биш шүү. Энэ бол миний дотор байдаг чанар. Тийм учраас би эрч хүч дүүрэн алхаж гишгэдэг.
-Ганцаардлыг та хэрхэн ойлгодог вэ? Байнга ийм асаалттай танк шиг байдаггүй л байх. Хаа нэг цэнэг дуусаад унтрах тохиолдолд хэрхэн буцааж асаадаг вэ?
-Мэдээж би машин биш учраас байнга цоглог, эрч хүчтэй хэвээрээ байж чадахгүй нь тодорхой. Хүний амьдралд тохиолдож буй учрал, явдал бүр утга учиртай. Болох ёстой зүйл болдгоороо л болно. Ганцаардал бол боломж. Хүн яагаад дандаа олноор хүрээлүүлэх ёстой гэж. Тэгээд ч олон төрлийн ганцаардал байна. Зарим үед маш олон хүнтэй газар байсан ч орь ганцаараа байгаа мэт сэтгэгдэл төрдөг шүү дээ. Миний ганцаардал бол гунигийн ганцаардал биш, өөрөө өөртөө дүгнэлт хийх тэрхүү цаг хугацааг олгож байгаа боломж юм.
-Аз жаргал гэж юу вэ. Түүнийг та хэрхэн мэдэрдэг вэ. Нарагийн аз жаргал юунд оршдог вэ?
-”Аз жаргалыг хэнээс ч, юунаас ч бүү хай” гэдгийг би их сайн ойлгоод байгаа. Хэн нэгэнд чиний аз жаргал байхгүй, зөвхөн чамд оршдог. Мөнгө, хувцас, машин энэ бүгд түр зуурын хэрэглээ. Бид хэрхэн ирсэн тэр хэвээрээ л орчлонгоос буцаад явна. Миний хувьд алхам тутамдаа аз жаргалыг мэдэрч байдаг.
-Нара чин сэтгэлээсээ дурлаж, хайрлаж үзсэн үү. Таны хайр хэр бат бөх байв. Хайр танд ямар мэдрэмжийг төрүүлсэн бол?
-Хайрыг цэцэг гэж үзвэл усалж тордох тусам өнгө орж үзэсгэлэнтэй болдог. Цаашлаад олон жил болж үржээд өөрийн төглийг үүсгээд амьдардаг байх. Чин сэтгэлээ зориулахгүй, хайхралгүй хаявал цэцэг гандаж үхдэг. Зарим цэцэг гандсан ч өчүүхэн төдий усаар тэтгэхэд буцаад сэргэдэг бол зарим нь хувин дүүрэн ус хийгээд ч дахин дэлбээлдэггүй. Миний бодож төсөөлснөөр хайр ийм байх. Шохоорхол, дурлал, сайн болохын амтыг мэдэх ч хайрын амт яг ийм тийм гээд хэлж хараахан чадахгүй нь. Эмээ болсон хойноо, эргээд бүх амьдралаа дүгнээд, тэр л миний хайр байж гээд шүүрс алдах ч юм билүү, хэн мэдэхэв.
-Та хэдэн хүүхдийн ээж болох вэ. Тэр цаг мөч ойртсон болов уу?
-Эмэгтэй хүн болж төрсний бас нэг утга учир үрийн зулай үнэрлэхэд орших байх. Би өнөр өтгөн гэр бүлд өссөн учраас ямартай ч гурваас олон хүүхэдтэй болно гэж боддог. Хүүхдийн инээд цангинасан газар үргэлж сайхан эерэг энерги мэдрэгддэг шүү дээ. Манай гэр бүлээс уламжлагдан ирсэн зөв хүмүүжил миний генд байдаг. Тиймээс би сайн ээж, сайхан эхнэр, ухаантай бэр болж чадна. Хамгийн азтай эр надаар өрхөө татуулаг. Би бол зуун хувь эмэгтэй. Одоохондоо хүүхдийг хойшлуулаад тархиа цэнэглэмээр байна.
-Таныг дуучин Байзда болон дуучин Минжинсорын ард бүжиглэдэг байсан тухай сонссон. Тэгэхээр бага балчираасаа л урлагтай холбогджээ дээ. Хүүхэд насныхаа тухай дурсаач?
-Би гэрийнхээ хажуу талын XIII дунд сургуулийг төгссөн. Урлаг уран сайнаар их хөөцөлдөнө өө. Дунд ангид байхдаа нэг удаа арайхийж дунд авчихаад “ий яана аа” гээд уйлж ухаарч байлаа. Тэр үед манай алгебрийн багш хатуу зан ааштай, сурагчтайгаа тулж ажилладаг эмэгтэй байсан юм.
Ялангуяа надад илүү анхаарлаа хандуулдаг. Түүний ачаар би алгебраа давтаж, буцаад онц сурлагатан болсон. нийгмийн төрлийн хичээлдээ илүү сонирхолтой бас идэвхтэй оролцдог. Уншаагүй байсан ч гараад цээжин доторхоо дуржигнатал нь ярьчихдаг сэргэлэн, адтай, сахилгагүй охин байлаа. Аравдугаар ангийнхаа хонхны баяын үеэр, багш нарын танхимд ядраад унтаж байсан багшийнхаа гутлын үдээсийг холбож уячихаад, ус цацаж зугтаагаад, багш цочиж сэрж, бүдэрч унаад, манай ангийн хөвгүүд “алуулж” билээ.
Хөөрхий гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлээд ийм л хүүхэд байлаа шүү дээ. Таэквондогоор хичээллэдэг, хөвгүүдтэй найзалдаг, эршүүд зантай. Англи хэлнийхээ хичээлд дөрөв авбал уурлаад дэвтрээ ураад шидчихнэ. Хор шартай дураараа хүүхэд байсан. Одоо харин энэ зан маань бараг байхгүй болсон байх аа. Монголын Хүүхдийн ордны бүжгийн дугуйланд олон жил сурахдаа их зүйлийг мэдэж авсан. Бүсгийн спорт эмэгтэй хүнийг биеэ зөв авч явахад тусалдгийн зэрэгцээ хүмүүжүүлдэг гэж би ойлгодог. Рэп бүжгийн охидын “Корпус” гэдэг хамтлагтай байсан.
Тухайн үеийн ганц диско клуб болох “Топпэн” болон циркт зохиодог, “Бравко пинк” , “Одод болох хүслэн” зэрэг рэп бүжгийн тэмцээнд хамтлагаараа оролцож байр эзэлнэ. Дуучин Байзда ах , Минжинсор эгчийн ард хамтлагаараа бүжиглээд цалин авдаг байлаа. Мөн Монгол телевизээр өглөө гардаг “Гамма” нэвтрүүлгээр бүжгийн хичээл зааж байсан гээд бүжгийн урлагийн хувьд нэлээд туршлагатай гэж хэлж болно шүү.
Харин ээж аав хоёр намайг мундаг эдийн засагч болно гэж андуураад “Их засаг” их сургуулийн олон улсын эдийн засагчийн ангид оруулчихдаг байгаа. Би гэж хүн чинь урлагт учиргүй дуртай юм хойно нөгөө сургуульд нь ороод бас л уран сайхнаа хөөгөөд давхина. Дөнгөж нэгдүгээр курс байж дөрвийнхөнтэйгөө нийлээд “Дэвжээ” наадамд оролцож байсан юм чинь. Тэгээд нөгөө дуртай зүйл рүүгээ тэмүүлсээр байгаад 18 настайдаа Японд Токиогийн хөгжмийн их сургуулийн гоцлол дуулаачийн ангид орж суралцсан.
-Арлын оронд хэдэн жил суралцсан бэ. Ямар зүйлсийг сурч мэдэв. Япон орны хөгжлийн нууц нь юу юм бол?
-Би анх Японд очоод хичээлээ хийдэггүй оюутан байлаа. Даалгавраа хийхийг хүсэхгүй бол өөрийгөө хүчилдэггүй, хэнэггүй толгой арлын оронд очоод их зүйлийг сурч мэдсэн дээ. Олон ч найз нөхөдтэй болсон. Амьдрал ер нь дандаа хүнийг сургаж байдаг байх аа. Миний хийж байгаа алхам бүр надад ямар нэг шинэ ухаан хайрладаг юм. Япон багшийгаа самбар дээр юм бичээд зогсож байхад хүртэл “Багш аа толгойгоо ав даа, наад бичсэн юм чинь харагдахгүй байна” гэж хэлж байсан удаа ч бий.
Хэдий өөрийнхөөрөө байсан ч, тэнд очоод ажиллахын зэрэгцээ сураад, бие дааж амьдраад эхлэхээрээ хүн өөрийн эрхгүй ухаан сууж аливааг эргэцүүлдэг юм билээ. Сургууль дээрээ ихэнх цагаа өнгөрүүлдэгг байсан л даа. Тэнд байхдаа би гудамжинд хэрэлдээд зогсож буй эхнэр нөхөр хоёрыг битгий хэл, шөний клубт хагаралдаж буй залуусыг хараагүй. Тийм сайхан эе эвийг эрхэмлэдэг соёлтой хүмүүс дээ. Асар их тэвчээртэй, хүлээцтэй, бие биенээ хүндэтгэнэ. Гэхдээ хөгжилтэй орны хөгжилгүй иргэд гэж нэрлэмээр санагддаг. Улсын хөгжил иргэнээс эхэлнэ гэж би боддог. Харин Япон бол дэд бүтэц сайтай ч хүмүүсээ алаг цоог хөгжүүлчихсэн орон.
-”Улсын хөгжил иргэнээс эхэлнэ” гэж та сая хэллээ. Тэгвэл Монгол Улсынхаа хөгжилд таны зүгээс оруулж буй хувь нэмэр юу байна. Монгол залуусын талаар ямар бодолтой явдаг вэ?
-Хөгжил гэхээр чамин машин, өндөр барилга, ямар нэг брэндийн дэлгүүр биш шүү дээ. Манай улсын хувьд хөгжиж буй орны тоонд ордог. Миний ажигласнаар манайханд өөриймсөг сэтгэл байдаггүй. Заза хүнийх юм чинь гэсэн сэтгэхүйгээр байгаль дэлхийдээ хүртэл хүнийрхүү ханддаг.
Бид чинь уламжлалаа бодвол тэнгэр шүтлэгтэй, байгальтайгаа хүйн холбоотой хүмүүс. Хамгийг гол нь эх орноо өөрийн биенээс өөрцгүйд бодож, дотно сэтгэлээр хандах нь чухал. Хүнийхээ оюуныг сөрөг энергиэр цэнэглээд байна. Сайн сайхн руу татахгүй, муу муухай руул даллаадбайх юм. Ингээд байхаар яаж бидний эх орон дэлхийн улс оронтой хөл нийлүүлэх юм бэ. нилээд бухимдав Залуусыг архинд живчих вий гэж хамгийн ихээр айдаг. Яахав зугаалж цэнгэх, наргих юм байлгүй яахав. Би ч шоуддагаа нуухгүй. “Өнөө маргаашаа аргацаасан, өрөвдөлтэй амьдрал тийм сайхан хэрэг үү” гэж зарим хүнээс асуумаар байдаг. Залуус ирээдүйн тэмүүлэл хүсэл, бүтээлч зорилгоор өөдрөг амьдраасай гэж хүсэх юм. Аливаа зугаа цэнгэл хэмжээнээсээ хэтэрвэл зовлон болдог гэдгийг хэзээ ч мартаж болохгүй.
-Та Японд ямар ажил хийдэг байсан бэ? Их аварга Дагвадоржтой уулзажбайсан уу. Таны хувьд аварга ямар хүн бэ?
Монгол түмний нэрийг дэлхийн тавцанд цуурайтуулж буй жинхэнэ монгол хүн гэж би бардам хэлнэ. Бид хоёр Элчингээс зохион байгуулж буй арга хэмжээний үеэр тааралдаж байсан. Өө би янз бүрийн л ажил хийж байлаа. Шөнийн клубт ажиллаж үзсэн. Хагмийн хүнд нь шөнийн ээлжинд ажиллааг түргэн хоолны газар байсан.
-”Өөрийгөө хайж явна” дуугаараа уран бүтээлийн гараагаа эхэлсэн. Тухайн үед таны клипэн дээрх шиг хувцаслалт, үс засалт, нүүр будалтыг мэдэх хүн тун ховор байлаа. Жишээлбэл нүднийхээ өнгийг өөрчилж линз зүүдэг моод ч дэлгэрээгүй байсан. Та ер нь нүүр будалтаа өөрөө хийдэг үү?
-Тэр цаг үед намайг гудамжаар алхахад хүмүүс эвэртэй туулай үзсэн мэт зорьж ирээд хардаг байсан. Ямар аймаар будаж, янхан шиг хувцасладаг юм бэ гэх шүүмжлэлийг ч сонсож байлаа. Дэлхийд одоо энтертайнмент, шоу бизнес гэдэг зүйлийг огт өөрөөр ойлгодог болсон цаг үе. ХҮмүүс юу сонсох вэ гэхээсээ илүү, юу үзэх вэ гэдгээ чухалчилдаг болжээ. Хэн нэгнээс ямар нэг сонин, содон гайхалтай, гоё зүйлийг хүсдэг хүлээлт үүсчихсэн байна.
Энгийн нэг Нара гарч ирээд дуулахаасаа илүү өөр Нараг хүмүүс хүсдэг байхгүй юу. Би чинь урлагийн хүн. Гэртээ байдаг шигээ тайзан дээр дуулах нь битгий хэл гадуур ч гарч болохгүй шүү дээ. Нүүр будалт гэдэг хүртэл өөрөө асар том соёл. Тухайн арга хэмжээ болон хүмүүст зориулж тусгай цаг зав, үнэ мөнгө хөдөлмөр гарган өөрийгөө бэлдээд очиж байна гэдэг бол дээд зэргийн хүндэтгэл юм. Японд байхдаа би энэ соёлд суралцсан.
Манай ээж Хүүхэд залуучуудын театрын жүжигчин байсан учраас би арын өрөөнд нь гоё эгч нарын нүүрээ будаж байгааг нь хараад зогсчихдог байлаа. Манай ангийн охидууд орцонд ирээд надаар нүүрээ будуулаад болзоонд явдаг байсан. Японд урлагийн сургууль энэ талын анхан шатны мэдэгдэхүүнийг нь зааж сургадаг. Учир нь урлагийн хүн бүхэн ийм төрлийн тодорхой хэмжээний чадвартай байх ёстой байдаг л даа. Харин ирэх жилээс энэ тал дээр мэргэшиж сурах төлөвлөгөөтэй байгаа.
-Гэр бүл салалт сүүлийн жилүүдэд манай улсад улам ихэссээр байгаа нь бас нэг санаа зовох асуудал болоод байна. Та бол бусдаас хамааралгүй, хүчтэй эмэгтэй. Энэ тал дээрх таны үзэл бодлыг сонсмоор байна?
-Тийм ээ энэ бол яах аргагүй сүүлийн жилүүдэд газар аваад байгаа том асуудал.Миний эргэн тойрныхон ч салж сарниад , хүүхэд өнчрүүлсээр л байна. эрхээ эдлэхдээ инээчихээд, үүргээ биелүүлэх болохоор уйлж унжаад байдаг ийм ардчилал гэж байхгүй байлгүй дээ. Манай залуус “хариуцлага” гэдэг зүйлийг ухамсарлахаа мартчихдаг юм биш үү. Эхнэртэй мөртлөө өөр бүсгүй рүү нүдээ унагаад, танилцаад уулзаж учрах эрчүүд байхад, яасан гоё залуу вэ гээд шүүрс алдаад шүлсээ залгих бүсгүйчүүд ч олон бий.
Хэнийг хайрлаж, хэнд дурлах вэ гэдэг тухайн хүний өөрийн сонголт. Нүдээрээ хараад, сэтгэлээрээ дамжуулж, оюунаараа шүүгээд, ор хөнжлийн асуудлаа дараа нь бодох ёстой гэж бодох юм. Харин манай эрчүүд нүд, доодох хоёроо хэтэрхий ажиллуулаад өөрийнхөө бөндгөр, зүрх хоёроо огт ашиглахгүй байгаа нь харамсалтай. Хайрын үнэ цэнэ бидний амьдарч буй энэ үед алдагдахын дээдээр алдагдчихсан гэж хэлмээр байна.
“Хөхөө гаргасан хувцас өмссөн хүн бүхэн хормой султай байдаг “ гэж эндүү ойлгох юм. Хайран дээр суурилсан гэр бүлийн харилцаа хамгийн удаан настай гэдэгт би итгэдэг. Гэхдээ дан ганц халуун хайрандаа шатаад эрхлээд хэвтээд байвал яаж амьдрах вэ гэдэг бас сонин. Хамтдаа зүтгэж, хөдөлмөрлөөд, бүтээгээд явахад аяандаа болно доо болно. Хэн нэгнийг бүхэл амьдралынхаа туршид үнэнчээр хайрлана гэдэг дурын хүнд заяадаггүй, хамгийн үнэт чанар.
-Та Монголын хамгийн дур булаам бүсгүйчүүдийн нэг хэмээн олон эрчүүд хүлээн зөвшөөрдөг. Харин та өөрийгөө секс бэлгэ тэмдэг гэж боддог уу?
-Дэлхийд олон тэрбум хүн амьдарч байна. Тэднээс алийг нь гоё, алийг нь хөөрхөн гэх юм бэ. Эн бол харьцангуй ойлголт. Монголын хоёр сая иргэн бүгд дахин давтагдашгүй дүр төрхтэй. Дэлхийн бүх эмэгтэйчүүд сайхан болохоороо нөхөрт гарч, үр хүүхэдтэй болж байгаа. Эрчүүд ч ялгаагүй бүгд сайхан учраас эмэгтэй хүнээр хайрлуулж айлг эр болон амьдарч байгаа шүү дээ. Хүн болгоын сонирхол ондоо учраас намайг харах нүд ч өөр байж таарна. Яахав, хэсэг бүлэг хүмүүс намайг тэгж үнэлдэг бол баярлалаа. Гэхдээ би тийм болох гэж хичээдэггүй. Энэ бол миний байгалиас заяасан чанар байх.
-Хорин жилийн дараах Нараг төсөөлбөл?
-Юун түрүүн намайг энэ үеэсээ илүү залуу болсон байвал битгий гайхаарай. Би хорин жилийн дараа Монгол Улсын гавьяат жүжигчин болсон байна. Мэдээж гэр бүлийн амьдралаа зохиож, олон хүүхдийн ээж болох болно.
Сэтгэгдэл ( 0 )