Их Монгол Улс байгуулагдсаны 2220, Монгол Улс тусгаар тогтносны 100 жил болон Монгол, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 90 жилийн ойг тохиолдуулан Олон улсын соёлын аялал жуулчлалын төв, ОХУ-ын Буриад болон Монгол Улсын боловсролын байгууллагууд хамтран оюун ухааны тоглоомын тэмцээн зохион байгуулав.
Найм дахь удаагаа болж буй энэ тэмцээнд орос хэл, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай "Галакси" бүрэн дунд сургуулийн сурагчдын баг тэргүүлж, гран при шагнал хүртлээ.
Тэмцээнд Монголоос "Галакси" бүрэн дунд сургууль, Орос-Монголын хамтарсан сургууль, 23 дугаар сургууль, ОХУ-аас Эрхүү, Гусиноозерск, Благовещенск, Северобайкальск, Улаан-Үд хотын 10 баг оюун ухаанаа сорьсон байна.
"Галакси" сургуулийнхан тэмцээний үндсэн дөрвөн номинаци болох оюун ухаан, шатар, Монголын түүхийн асуулт хариулт, англи хэлний гэсэн бүх тэмцээнийг хошуучиллаа.
11 дүгээр ангийн сурагч Ч.Дөлгөөннаран минут хүрэхгүй хугацаанд оньсон тоглоомыг эвлүүлж үе тэнгийнхнээ гайхуулав.
Шатрын тэмцээнд есдүгээр ангийн сурагч Э.Энхмандах нэг ч хожигдолгүйгээр өрсөлдөгчдөө буулгаж авсан бол "Галакси"-ийн сурагчид бусад багийнхантай орос хэлээр ном хаялцав.
Тэмцээнд "Галакси" баг Монголын түүхийн мэдлэгээрээ илүүрхэв. Уг тэмцээнд Г.Энх-Амгалан тэргүүн байрт шалгарсан юм.
Сурагч Б.Билэгсайхан, Д.Номин, Г.Энх-Амгалан нар англи хэлээр Франц улсын тухай илтгэл тавьж тэргүүн байр эзэлсэн нь "Галакси"-ийн баг нийт оноогоороо бусдаас түрүүлэх үүдийг нээсэн гэж тэмцээний шүүгч нар ярьж байна.
Ийнхүү “Галакси” сургуулийн сурагчдын баг олон улсын тэмцээний гран при шагнал хүртлээ.
Т.Отгон
Сэтгэгдэл ( 0 )