Репийн хаан, “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандахын үндэсний их өв соёл, эх орон, элгэн саднаа магтан дуулсан нийт 18 дуу бүхий “Би Монгол хүн” бие даасан цомог улс тунхагласны баярын өмнөхөн мэндлэх гэж байна. Тулгар төр байгуулагдсаны 2220 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 805 жил, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жил, Ардын хувьсгалын 90 жилийн ойд зориулан бүтээж буй “Би Монгол хүн” цомгийн нээлт 2011 оны 11-р сарын 25-ны үдэш I LOFT club-т болно. Монголоо гэсэн сэтгэлээ уран бүтээлээрээ илэрхийлдэг, үндэсний үзэлтэй Амараа бие даасан цомгийнхоо нээлтэнд зориулж олон сюрприз барихаар төлөвлөж байгаа аж. “Хар сарнай” хамтлагийн фэнүүдэд дуулгахад Амараа Маадайтайгаа хамтран дуулах гэнэ. Удаан хугацааны туршид салангид байсан тэднийг дахин нэгдээсэй гэсэн хүсэл цөөнгүй хүмүүст бий. “Би Монгол хүн” цомгийн нээлт “Хар сарнай” хамтлагийн залуусыг дахин хамтдаа уран бүтээлээ хийж эхлэх гүүр болохыг үгүйсгэх аргагүй. Юутай ч тэд хамтдаа дуулж нэг үдшийг доргиохоор төлөвлөж бэлтгэл ажлаа хэдийнээ эхэлсэн байна. Мөн цомгийн нээлтэд Төрийн шагналт Д.Сосорбарам, Ардын жүжигчин А.Долгор, Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ, “Чингис хаан” хамтлагийн ахлагч, Гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан, УДБЭЧ-ын уртын дууч, СТА Д.Оюунжаргал нар ая дуугаа өргөж, “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн, хөөмийч Наранбадрах, Хөсөгтөн, “Эрх чөлөө”, “Бөртэ чонын үрс” хамтлагууд тоглолтонд оролцох юм байна. Есөн хөлт цагаан туг, эрэлхэг баатрын хувцас өмссөн хамгаалагчаас гадна монгол ахуйг мэдрүүлсэн орчинг бүрдүүлсэн тоглолтод “Би Монгол хүн” цомогт багтсан “Их хаантай учирсан зүүд”, “Дүүлэнхэн нис”, “Хар сарнай”, “Үндэсний минь цаг ирж байна”, “Урагшаа”, ”Өөрөөр амьдарцгаая”, “Төр улс минь гэрэлтээсэй”, “Хүннү гүрэн”, “Төрийн дуулал”, “Төмөр хаан” зэрэг дуунууд дуулагдах ажээ. “ Би Монгол хүн” цомог нэг зуун мянган төгрөгийн такстайгаас гадна 10 зочин нэг ширээнд тухлах юм байна. Хэзээнээсээ залуусыг цөсийг хөөргөж чаддаг “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандахын “Би монгол хүн” цомгийн нээлт Тусгаар тогтнолын өдрийн нэгэн сюрприз болох биз ээ.
П.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 0 )