Үнэндээ хэвлэлийн хурал хийлгэсэн нөхдөд ингэж хэлмээр байна, би. Гадны улс орнуудад шашин хоорондын мөргөлдөөн гарч хүн үхлээ иргэний дайн боллоо гэх яриаг анх сонсоод монголчуудын хувьд гайхдаг.
Гэтэл харин энэхүү гадныхны хувьд сонин биш бидний хувьд ихэд сонин энэ үзэгдлийг Монгол оронд бий болгох гэж тэд хүсч байгаа бололтой. Тийм ч юм гэж харин байхгүй шүү.
Монгол оронд шашны олон урсгал чиглэл бий. Гэхдээ монголчууд бидний эртнээс шүтэж ирсэн шашин бол буддын шашин. Бөөгийн шүтлэгтэй бид буддын шашин шүтээд бараг л үндэсний гэхээр болчихсон ард түмэн. Тийм дээ ч Гандантэгчилэн хийд ороод нэг мөргөсөн байхад хийморь лундаа сэргэнэ хэмээн ярьдаг. Ерээд оноос хойш монголчууд гадны улс орнуудаас орж ирсэн олон шашны урсгалыг тэр бүр сайнаар хүлээж аваагүй ч шашин шүтэх, эс шүтэх нь тухайн хүний эрх юм хойно түүнийг даган хуйлрах хүмүүс багагүй байсан. Гэхдээ тухайн үед орж ирсэн шашнаас хамгийн их газар авч нийслэл хот төдийгүй 21 аймагт хаа сайгүй хурал цуглаанаа хийдэг сүм байгуулсан нь христийн шашин. Христийн шашин монголд анх орж ирж байхад үхэшгүй мөнх амьдрал эргэж төрнө гэх сургаал айлдаж үүнд автсан нэг биш нэлээд олон хүн амиа хорлож хорвоогийн мөнх бусыг үзэж байсан. Гэвч тэд эргэж төрөөгүй. Хүн ямар шашин шүтэх нь тухайн хүний эрх учраас буруутгах аргагүй. Айл бүрийн хаалга хашааанд “Эзэн Есүс чамайг аварна” гэх зурагт хуудас тарааж тэднийг залхааж байлаа.
Гэхдээ ингэж ад үзэгдэж зүтгэснийхээ үр дүнд олон монгол хүнийг их эзнийхээ үнэнч “боол” нь болгож чадсан. Гэхдээ бүгдийг нь биш. Худал зүйлийг мянга ярихаар үнэн болдог гэдэгтэй ижил их эзний “боол” болсон хүмүүс тэдэнд хангалтгүй санагдсан бололтой. Бас зарлалын самбар дээр хуудас наан залхаж бас хуучирсан арга болсон уу өөр бусад шашингаа муулж эхэллээ. Гэхдээ монголчуудын үндэсний биш ч үндэсний мэт шүтэгдэж ирсэн буддын шашинг элдэв бусаар ярих нь юуны цондон вэ. Дээр хэлсэнчлэн шашин хоорондын мөргөлдөөнийг болгох гээд байна уу.
“Есдүгээр Богдыг Монголчууд Буддын шашныхаа тэргүүнээр сонгож ширээнд залсан, Далай лам Монголд удаа дараа ирсэнтэй холбогдуулан “Үндэсний үзэлт” зарим судлаачид Монголын түүхэн дэх шарын шашны сөрөг нөлөөний талаар шинэ баримт дэлгэнэ.” Гэсэн хурлын зар тарааж уг зарын дагуу очтол “Би Монгол цустай, монгол хүн. Гэхдээ би Есүс шүтдэг” хэмээсэн хоёр залуу бусад өөрийн бус өрөөлийн шашинг муулаад эхлэхээр гайхах сэтгэл төрөв.
Гэтэл худал зар тарааж буддын шашинг муулж өөрийн үзэл бодлоо зүгээр л хэвлэл мэдээллээр дамжуулан илэрхийлэх гэж хүссэн нөхдүүд байлаа. Тэд энэхүү хурлыг зарласан нь хоёр шалтгаантай гэнэ.
Нэгд: Монголын бурхан шашны тэргүүнийг ямар ч хамаагүй бараг л ярьж сонсч чадахгүй төвдөөс ирсэн есдүгээр Богд Жавзундамбыг сонгосон явдлыг эсэргүүцсэн.
Хоёрт: Загалмайтны шашин бол Монголын үндэсний шашин бөгөөд мөнх хөх тэнгэрийн шашин. Их эзэн Чингис хаан шүтэж ирсэн үндэсний шашин учраас монголчууд будда биш христийг шүт гэсэн хоёр асуудлаар энэхүү хурлыг зарлажээ. Харин Богд, Далай ламын нууцтай холбоотой нэг ч зүйл дурдагдсангүй. Өөрөө шүтдэггүй бол бусад шашин хэнийгээ тэргүунээрээ сонгох нь мань мэтэд ямар хамаа байна. Магадгүй тэд шашин хоорондын мөргөлдөөн үүсгэх гээд байна уу гэх бодол төрж байсан. Уг нь өөрөө тэр шашинг сонсоод шүтэж байгаа юм хойно бусад хүмүүс яагаад өөртэй нь ижилхэн дуртай шашнаа шүтэж болохгүй гэж. Ардчилсан эрх чөлөөтэй нийгмийн хувьд энэ бол чөлөөтэй. Асуудал үүсгэх зүйл биш. Хамгийн гол нь өөрсдийн шашинд мөрдөгддөг зүйлээ дагаж мөрдөөд явж байвал болох атал бусдын тогоо руу өндийж ийм зүйл ярьж байгаа нь хүний үзэл бодол эрх чөлөөнд халдсан хэрэг болох бус уу. Хэн дуртай нь монголчууд буруу шатин шүтэж байна хэмээн амандаа орсноо бүхнээ хэлэх нь тун удахгүй Монголд шашин хоорондын дайн болоход бэлэн болчихсон. юм шиг. Магадгүй аль эрт эхлэл нь тавигдчихсан байх.
Аливаа зүйлд хэрээс хэтрэн хэтэрхий гүнзгий орохоороо утгаа алддаг гэдэг шиг энэ бүхэнд анхаарал хяналт тавих цаг нь болсон юм шиг. Эзэн Чингис хаан гаүтдэг байсан гэх ч энгийн иргэд нь түүнийг шүтэх эс гаүтэх нь бидний эрх. Бид 13 дугаар зуунд амьдараагүй. Христийн шашин шүтдэг тэдний хэлснээр Монголд буддын шашин орж ирэн бурхны шашны тэргүүнээр харийн хүнийг сонгож байсан цагт Монгол Улс мөхөх дээрээ тулж байсан. Гэтэл ахиад ийм цаг ирж байгаа нь муугийн ёр. Тийм учраас мөнх хөх тэнгэрээс монголчуудын үндэсний шашин болж ирсэн христийн шашинг шүт хэмээн тушааж хэлсэн нь Монголын ард түмнийг доромжилсон хэрэг боллоо. Магадгүй энэ нь монголчуудын эсрэг харийнхан турхирч байгаа явуулгатай үйл ажиллагаа байхыг үгүйсгэх аргагүй юм.
Энэ асуудал жижиг юм шиг боловч улс орны аюулгүй байдал тэр дундаа ардчилсан гэх нэрийн дор явж байгаа монголчуудын эрх чөлөөнд халдаж байгаа хэрэг болж байна.
Энд зүгээр нэг энгийн иргэн өөрийн үзэл бодлоо хэлээд өнгөрөх биш төр засаг үүнд анхаарал хандуулж юу болоод байгаа талаар судалж ямар нэгэн шийдвэр гаргах цаг болсон юм шиг байна. Шашин хоорондоо мөргөлдөхөд улс орон хэрхэн барьц алдаж гарах гарцгүй болдог гэдгийг гадны улс орны байдлаас бэлхнээ харж болно. Гурав хүрэхгүй сая хүн амтай манай улсын хувьд шашин хоорондын дайн гарлаа гэхэд юу болох нь төсөөлөгдөхгүй байна. Төсөөлөхийг ч хүсэхгүй байна. Жижиг зүйлийг дэвэргэж байгаа мэт боловч энэ монголын нийгэмд тулгамдаад байгаа том асуудал болон хувирч байна.
Эх сурвалж: Улаанбаатар таймс
Сэтгэгдэл ( 0 )