Мотив хамтлагийн дуучин Б.Сайнцогт: Бид тайзан дээр нисэж, цасаар бороо оруулна

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 21

“Мотив” хамтлагийн хоёр дахь бие даасан тоглолт өнөөдөр, маргааш Монгол бөхийн өргөөнд болох гэж байгаа билээ.  Тоглолтын  бэлтгэл  болон тус хамтлагийн дуучин Б.Сайнцогтын хувийн амьдралын талаар тодруулснаа хүргэе.  

- Тоглолт маргааш боллоо.  Бэлтгэлээ базааж амжив уу?

- Тоглолт болоход ганцхан хоног үлдсэн байна. Одоо тоглолтын бэлтгэл ажлаа жигдэлж дуусгах л үлдлээ.  Бэлтгэл ажил 80 хувьтай байна даа.  

-Бусдад хэлж амжаагүй тоглолтын сонин сайхнаас яривал?

-  “Цасан бороо” бидний хоёр дахь бие даасан тоглолт байгаа.  Мэдээж хоёр дахь гэдэг утгаараа урьдны тоглолтоос онцлогтой. Анхны тоглолтыг бид өөрсдөө зохион байгуулж байсан. Тэрэн дээр тодорхой хэмжээгээр алдаа дутагдалтай зүйл гарч байсан л даа. Тэр бүхнийг дүгнээд энэ тоглолтон дээр нарийн төлөвлөж, алдаа мадаггүй  хийхийг  зорьж, бэлдэж байна.  Энэ удаагийн тоглолтод онцлог зүйл их байгаа. Тухайлбал Монгол бөхийн өргөөнд хийж байгаа нь бас онцлогтой.  Яагаад гэхээр Монгол бөхийн өргөөнд гэнэтийн бэлэг үзүүлэхэд боломжийн газар.  

- Тоглолтын гэнэтийн  бэлгээс нэг биш нэлээдийг задлахгүй юу?

- Бид тайзан дээр нисэж, цасаар бороо оруулахыг үгүйсгэхгүй. Яаж ч болно. Бид нар их л зүйл хийх гэж хичээж байна. Тоглолтод маань “Рийн маск”, “Жонон” хамтлаг, Өнөдэлгэр нар урилгаар оролцож байгаа. Тоглолт сайхан болох байхаа.  

- Хэчнээн дуу дуулагдах вэ?

- Тоглолтын нийт хугацаа нь хоёр цаг гарантай болно. Манай хамтлаг таван гараатай 20 дуу дуулна. Мөн өөр хамтлаг дуучид сонирхолтой хөтөлбөр бэлдсэн байгаа.  Хөтлөгчөөр UBS tv-хөтлөгч Гантулга ах, тоглолтын ерөнхий найруулагчаар УДЭТ-ийн Болд найруулагч, бүжигчдээр  Төгсөө багштай  “Сарны чулуу” чуулгын  бүжигчид оролцож байна.

-Тоглолттой холбоотойгоор хоёр клип гаргалаа. Нэг нь нэгэндээ дарагдчих байх гэж санаа зовохгүй байгаа хэрэг үү?

- Архангай аймгийн театрын дууны найруулагч Төгсөө гэж залуу ая зохиогч  “Чи минь ганц” дууг бидэнд өгсөн. Мөн хөгжмийн зохиолч Балхжавын ая, манай Эрдэнэбаярын шүлэг “Зөвхөн чи”  гэсэн энэ хоёр дуундаа бид клип хийлгэсэн байгаа. “Цасан бороо” дууны клипнээс хойш манайх клип гаргаагүй. Дээрх хоёр дууны клипийг цомгийн үргэлжлэл мөн тоглолтыг угтаж зэрэг хийлгэсэн.

- Дараагийн клип цээжинд байгаа байх?

- “Цасан бороо” цомогт маань арав гаран дуу орно гэж төлөвлөгдөж байгаа.  Есөн дуу нь буюу  80 хувь бэлэн болоод гарчихсан байна. Эдгээр дуунууд тоглолтод дуулагдана. Залгуулаад л цомгоо хүргэнэ гэж бодож байгаа. Цомгийн маань гурван  дуу залууст хүрчихлээ. Одоо оноос өмнө хотын залууст зориулсан ритмтэй  нэг дуугаа клипжүүлэхээр яригдаад явж байгаа.

- Тоглолтын дараа?

- Тоглолтоо хийж эрч хүч, урам зориг авсан эрчиндээ бид шинэ уран бүтээлдээ орно. Угаасаа төлөвлөгөө маань гарчихсан байгаа. Оны өмнөөс цомог маань гарч, клипний ажилд орно.

-  Шүлэг, ая зохиох авьяастай биз?

- Шүлэг оролдож үзсэн. Миний хувьд барахгүй даваа юм билээ /инээв/. Би ая зохиох дуртай. Одоогийн байдлаар хамтлагтаа нэг дууны ая зохиосон байна. “Бидэнд буцах зам үгүй” гэж  дуу байгаа. Дараа дараагийн дуунуудаа зохионо гэж бодож байна. Залууст таалагдах ая зохиохыг хичээж байна даа.  

- Ая зохиохоос өөр авьяас?

- Айхтар гоц гойд авьяас хараахан илэрээгүй байна. Эхний ээлжинд дуулдаг, хоёрт өөрийнхөө хэмжээнд ая зохиодог. Дараагийн авьяас яваандаа амьдралын туршлагаар гарч ирж магадгүй.  

- Зураг бол зурна биз?

- Зураг бол ёстой худлаа. Монгол телевизийн “Hey hey”  гэж нэвтрүүлэгт хоёр удаа ороод зураг зурах даалгаварт сүүлийн байрт ороод хоёуланд нь шийтгүүлж байсан.

- Гарын эв дүйтэй юу?

- Чимхлүүр, нарийн нямбай ажилд тааруу.  

-Тэгвэл спортын тал дээр?

- 10 жилд байхдаа хүүхдүүдийг дагаад секцэнд явна. Бөх, сагс, воллейбол гээд явахгүй юм байхгүй. Тэгсэн хэрнээ секцэнд явсны үр дүнг нь гараагүй. Хэрвээ тухайн үедээ бөх юм уу сагсаар явсан бол амжилт гаргах л байсан байх. Дуучин болчихсон. Гэхдээ өөрийнхөө хэмжээнд надтай ойролцоо хүмүүстэй бол тоглочихноо. Ганц хоёр гоол оруулнаа.  

- Хувийн амьдрал руу чинь “хошуу дүрчих” үү?

- Болноо болно.  Хувийн амьдрал гэх юм бол ам бүл наймуулаа.  Эцэг эхээс зургуулаа. Дээрээ хоёр ах, нэг эгчтэй, доороо хоёр дүүтэй. Одоо бол тусдаа гарсан.  Гэр бүлтэй.

-Эрх өссөн байх?

- Үгүй ш дээ. Дээрээ ах эгчтэй, доороо дүүтэй гэхээр яг айлын гол болж таарч байгаа байхгүй юу. Дунд талын хүүхэд чинь шоовдор, бүх юмыг хийдэг, дүү нараа зарж болдоггүй, ах эгч нартаа загнуулдаг хүүхэд байдаг ш дээ. Миний хувьд гэр орны ажилд аягүй сайн хүүхэд байсан гэдэг.  

- Одоо гэр орны ажилд ямар вэ?

-  Өөрийнхөө хийх ёстой юмыг хийгээд л явж байна.  

-Хоол хэр хийдэг вэ?

- Амьдралдаа би нэг л хоолыг “галзуу” хийдэг юм. Тэр нь ерөөсөө будаатай хуурга.  Болохгүй бол будаатай шөл болгоно. Гарын хоолоо нэг их хийдэггүй дээ.  

- Гэр бүлийнхээ хүнийг танилцуулахгүй юу?

- Нийлээд гурван жил болж байгаа. Намайг ойлгож, мэдэрдэг бүсгүй.

Бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа.  Тоглолтод тань амжилт хүсье.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top