Охидын хамтлагийн загалмайлсан эх “Уруулын будаг” хамтлагийнхан үсээ улаан, шар, ягаанаар будуулж үеийн залуусыг байлдан дагуулж байснаас хойш цөөнгүй жил өнгөрчээ. Мэргэжлийн хөгжмийн ангийн дөрвөн охиныг нийлүүлж хамтлаг байгуулах санаа анх сэтгүүлч Ш.Гүрбазарт төрсөн гэдэг. Улмаар мань хүн ая зохиогч Б.Долгион эрхэмд өнөөх саналаа хэлснээр “Уруулын будаг” мэндлэх суурь тавигдаж байж.
Тус хамтлагийн нүүр царай болж байсан хамтлагийн ахлагч Дээгий Солонгосын нэгэн хип хоп хамтлагийн гишүүнтэй хайр сэтгэлийн холбоотой болж Солонгос явснаас хойш “Уруулын будаг” хамтлагийн карьер тун удалгүй төгсөхөд хүрсэн билээ. Саяхан өдөр тутмын сонинд банкинд өрөө төлөөгүй хүмүүсийн тоонд түүний нэр, зураг хөрөгтэйгөө дээгүүрхэн заларсан нь нүдэнд тусав. Одоогоос дөрвөн жилийн өмнө Солонгосын урлагийн сургуульд сурч буй нь телевизийн нэвтрүүлгээр гарснаас хойш сураггүй байсан тэрээр ийнхүү сонины хуудаснаа дахин гарах боллоо. Тус хамтлагийн гишүүн Ганаа Франц эрийн цай чанах болжээ. Хайр дурлалын оронд франц залуутай тансаг орд харшид хангалуун сайхан амьдардаг хэдий ч дуучин бүсгүй хүний нутагт гараа хумхин зүгээр суухыг хүсээгүйгээр үл барам бага хөлстэй гэлтгүй айлын хүүхэд хардаг гэнэ. “Уруулын будаг” –ын Гэгээнээ Монголдоо хувиараа бизнес эрхэлж байгаа бол Ичко нь БСШУЯ-ны харьяа Соёл урлаг, бодлого, зохицуулалтын газарт ажиллаж төрийн албанд хүч үзэж буй. Амьдаар дуулж, тухайн үедээ дажгүй амжилтанд хүрч байсан “Уруулын будаг”-ийнхан ийнхүү цагийн аясаар салж тус бүрдээ ажиллаж амьдарч байна. Хэдийгээр хамтлагийн пррдюссер Б.Долгион эрхэм “Уруулын будаг”-т өнөөдрийг хүртэл дуулах, оршин тогтнох боломж байсан” гэж байгаа ч хамтлагийн гишүүд бол эсрэг байр суурьтай байдаг. Тэдний хувьд охидын хамтлаг л бол тодорхой цаг үедээ л тэр тодотголдоо таарч тохирсон уран бүтээлээ хийгээд л зогсох ёстой, тарах ёстой. Бид тэр зарчмыг л барьсан гэцгээдэг юм билээ.
М.Гэрэлцэцэг
Сэтгэгдэл ( 0 )