“Монгол Маркетер” ТББ нь Монголын маркетингийн салбарт ажиллаж буй боловсон хүчнийг хөгжүүлэх, тэдний мэргэжлийн ур чадвар, мэдлэгийг нэмэгдүүлэх, маркетингийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг олон нийтийн байгууллага юм. Тус ТББ нь эрхэм зорилгынхоо хүрээнд “Монгол Маркетер” ТББ, “Монголын Харилцаа Холбооны Зохицуулах Хороо”, www.reclam.mn хамтран монголд анх удаа хэвлэл мэдээллийн байгууллага, бизнес эрхлэгч, маркетеруудад зориулсан “Зар сурталчилгааны нэгдсэн үзэсгэлэн , яармаг-2011”- ийг 11 сарын 29, 30-нд зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээний зорилго нь Монголын бизнесийн зах зээлийн өнөөгийн хөгжил, чиг хандлага, реклам, зар сурталчилгааг ямар сувгаар хэрэглэгчиддээ хүргэвэл үр дүнтэй болох, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг сурталчилж тэдний талаар үнэн бодит мэдээлэл өгөх, нөгөө талаас үйлчилгээ авах хэрэглэгчдийг холбож өгөх юм. Үзэсгэлэнгийн үеэр “Зар сурталчилгааны өнөөгийн чиг хандлага” бага хурал болох бөгөөд бага хуралд “Хэвлэл мэдээллийн өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага”, “Дижитал эринд шилжихэд хэвлэл мэдээллийнхэн бэлэн үү“, “New media marketing, Дэвшилтэт медиа маркетинг”,“Нэг орц – Олон гарц”, “Хэвлэл мэдээлэлтэй хамтран ажиллах нь” зэрэг сонирхолтой сэдвүүдээр ММХХТГазрын дэд дарга А.Мөнхбат, МХХЗХ-ны дэд дарга О.Баттогтох, Монголын хэвлэлийн хүрээлэнгийн судалгааны албаны дарга Г.Гүнжидмаа, “The new media marketing agency”-ийн гүйцэтгэх захирал Т.Төгөлдөр, “Гоёот Медиа” группийн маркетингийн газрын захирал, Монгол Маркетер ТББ-ын удирдах зөвлөл Б. Амарсайхан, Оюу Толгой ХХК-ийн ОХН албаны ахлах Ганзориг нар илтгэл тавьж, хэлэлцүүлэг явуулах юм. Энэхүү ач холбогдол бүхий үзэсгэлэнд оролцсоноор өөрийн компанийг олон нийт болон зорилтот бүлэгтээ сурталчлах, захиалагч байгууллагатай харилцаа холбоо тогтоох, бизнес хамтын ажиллагаа үүсгэх, маркетеруудын нэгдсэн сүлжээнд орох давуу талтай.
Үзэсгэлэнд телевиз,ФМ радио,сэтгүүл, сонин, хэвлэлийн компани, рекламын студи, фото студи, вэб сайт, мэйл маркетингийн үйлчилгээ, гудамжны төрөл бүрийн самбар, түрээсийн үйлчилгээ эрхэлдэг байгууллага, үүрэн операторууд, сав баглаа, хаяг рекламын байгууллагууд гэх мэт хэвлэл мэдээллийн хэрэгслийн бүхий л байгууллагууд оролцох бөгөөд хэвлэл мэдээллийн ивээн тэтгэгчээр Оюу Толгой ХХК, Хас банк, Мишээл групп ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 0 )