Мал өвөлжилт, хаваржилтын бэлтгэл 89,6 хувьтай байна

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 23

Улсын хэмжээнд мал өвөлжилт, хаваржилтын бэлтгэл 89.6 хувьтай байна. Дорноговь /74.9 хувь/ аймгаас бусад бүх аймаг бэлтгэлээ 80-аас дээш хувиар хангасан тухай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай Засгийн газрын хуралдаанд танилцуулав.

Энэ жил улсын хэмжээнд 180 мянган өрхөд нийт 37.1 сая мал, хонин толгойд  шилжүүлснээр 59.9 сая мөл өвөлжинө. Үүнээс 19.1 мянган өрхийн 5.3 сая мал отроор өвөлжих мэдээ гарчээ.

Энэ жил улсын хэмжээнд 1181.2 мянган тонн өвс, 18.2 мянган тонн сүрэл, 34.3 мянган тонн ногоон тэжээл, 47.1 мянган тонн үйлдвэрийн тэжээл, 46.3 мянган тонн гар тэжээл бэлтгэсэн байна. Энэ нь өнгөрсөн жилээс 8.3 хувиар илүү гэсэн үг юм.

            Нийт малд шаардагдах өвс, тэжээлийн бэлтгэл улсын хэмжээнд дунджаар 81.3 хувь байгаа бөгөөд Баянхонгор, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Өвөрхангай аймаг 24-47.7 хувь буюу буюу хангалтгүй биелүүлсэн байна.

Засгийн газрын тогтоолын дагуу аймаг, нийслэл, сум, дүүргийн бэлтгэсэн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн хэмжээний дүн ч гарчээ. Аймаг, нийслэлийн нөөц 62.8, сум, дүүргийнх 78.6 хувьтай байгаа нь өмнөх жилээс 10 хувиар илүү гэсэн үг юм. Хөдөө орон нутгийн хүн ам, мал аж ахуйг усаар хангах 42 419 худгийн 36 672 буюу 87 гаруй хувь ашиглахад бэлэн байгаа тухай салбарын сайд танилцуулгадаа дурдлаа.

            Аймгуудын мэдээнээс үзвэл одоо ашиглаж байгаа бэлчээрийн хангамж 78 хувьтай байгаа бөгөөд Орхон /12 хувь/, Дорноговь /17.2/ аймаг хамгийн хүндрэлтэй байна. 

Энэ жилийн хувьд бэлчээрийн даац харьцангуй сайн байгаа учир отроор өвөлжилж, хаваржих малын тоо өнгөрсөн жилээс 3.6 саяар буурчээ. Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын хүрээнд хөнөөлт шавьж, мэрэгчтэй тэмцэх, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зэрэг арга хэмжээг төлөвлөсний дагуу хийж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top