Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилт 81,3 хувьтай байна

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 23

Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийн энэ оны III улирлын хэрэгжилтийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар танилцуулав.

Тайлант хугацаанд Засгийн газрын 3917 шийдвэрийн 5921 заалтыг хэрэгжүүлэх арга хэмжээ авснаас 1840 заалт буюу 31.1 хувь нь биелж, 3982 нь хэрэгжих шатанд, 100 нь биелэлтийг тооцох хугацаа болоогүй байна. Харин 18 арга хэмжээ тасарсан болон хэрэгжилтийн явц удаашралтай байгаа дүн гарчээ.

УИХ-ын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж, Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж, Засгийн газрын хуралдааны тэмдэглэл зэрэг 4050 шийдвэрийн 6190 заалтыг хяналтад авч ажилласан нь 80.4 хувийн биелэлттэй байна.

Засгийн газар УИХ-ын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж зэрэг 133 шийдвэрийн 266 заалтыг хэрэгжүүлэх арга хэмжээ авчээ. Эдгээрээс 60 заалт буюу 22.6 хувь нь биелж, 201 нь хэрэгжих шатанд байгаа бол 5-ынх нь биелэлтийг тооцох хугацаа болоогүй, 3 арга хэмжээний хэрэгжилтийн явц удаашралтай байна.

Танилцуулгатай холбогдуулан тогтоол, зарлиг, шийдвэрийн зааот, арга хэмжээ бүрийг хяналтад бүрэн авч хэрэгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах, тасарсан, хэрэгжилт нь удааширч байгаа заалтуудыг хэрэгжүүлэхийг сайд, агентлагийн дарга болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.

Мөн хуралдаанаар Засгийн газрын 10 дугаар сарын үйл ажиллагааны мэдээлэлтэй танилцав. Өнгөрсөн сард Засгийн газар 4 удаа хуралдаж, 53 асуудал хэлэлцэн 22-той танилцсан байна.

7 асуудлыг УИХ-д өргөн мэдүүлэхээр, 4-ийг хууль санаачлагчид уламжлахаар, 2 асуудлыг Байнгын хороотой зөвшилцөхөөр, 1 асуудлыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр, 3 асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахаар болж, 7 асуудлыг хойшлуулжээ.

Танилцуулгаас үзвэл Засгийн газар ирэх оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлуулсан байна. Нэгдсэн төсвийн орлого эхний 9 сарын гүйцэтгэлээр нийт орлого 3100.3 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөгөө 767.7 тэрбумаар буюу 32.9 хувиар давжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 1041.7 тэрбум төгрөг буюу 50.6 хувиар өссөн гэсэн үг юм.

“Хүний хөгжил сан”-д эхний 9 сарын гүйцэтгэлээр /өссөн дүнгээр/ нийт орлого 286.4 тэрбум төгрөг төвлөрч, төлөвлөгөө 24.4 хувиар буюу 56.1 тэрбум төгрөгөөр давж биелжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top