ҮАБЗ-ийн Стартегийн судалгааны хүрээлэн 20 нас хүрлээ

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 23

ҮАБЗ-ийн Стратегийн судалгааны хүрээлэнгээс “Стратегийн судалгаа 20 жилд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд 2011 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр зохион байгуулж байна. Уг хурлыг тус хүрээлэнгийн 20 жилийн ойн хүрээнд XXI зуунд аюулгүй байдлын нөхцөл өөрчлөгдөж, уламжлалт бус аюулгүй байдлын асуудал сөхөгдөн гарч буй өнөө үед ОХУ, БНХАУ, АНУ болон Монгол Улсын нэр хүнд бүхий эрдэмтэн судлаач, төрийн зүтгэлтэн, дипломат албаны мэргэжилтнүүдийг оролцуулан явуулж байгаагаараа онцлог юм.

Хурлыг “Шинэ зууны аюулгүй байдал: сорилт, хариу”, “Монгол Улсын үндэсний аюулгүй байдал: судалгааны байгууллагын үүрэг оролцоо”, “Хоёрдугаар суваг, Тинк танк, ил эх сурвалж” гэсэн 3 хэсэгт явуулж, “Аюулгүй байдлын шинэ орчин, Монголын үүрэг оролцоо”, “Монгол Улс дахь аюулгүй байдал судлалын тинк танкуудын үйл ажиллагаа”, “Ил эх сурвалжийн мэдээлэл боловсруулах ажиллагаан дахь судалгааны байгууллагын үүрэг” “Үндэсний аюулгүй байдал судлал: анхаарах асуудал” зэрэг илтгэлийг тавьж, хэлэлцүүлэх юм.

Хүйтэн дайны үед коммунист Монгол Улсын аюулгүй байдал, гадаад бодлогыг Москва тодорхойлдог байсан учир тэр үед “тинк танк” хүрээлэнгийн хэрэгцээ байхгүй байв. Харин 1990-ээд онд Монгол Улс тусгаар тогтнолоо бүрэн утгаар олж авсны дараа аюулгүй байдлын асуудлаа өөрсдөө үнэлж, дүгнэх хэрэгтэй болсон юм. Ингээд Цэргийн түүхийн хүрээлэнгийн дэргэд орон тооны бус Стратегийн судалгааны төвийг анх 1990 онд байгуулж, улмаар 1991 онд уг төв БХЯ-ны дэргэд шилжсэнээр Монгол Улсад стратегийн судалгаа хөгжлөө олж, хүрээлэнгийн суурь тавигдсан түүхтэй.

Стратегийн судалгааны хүрээлэн 2006 онд ҮАБЗ-ийн харъяанд очиж өмнөө тавигдсан үүргээ амжилттай хэрэгжүүлэн ҮАБЗ-ийг мэдээлэл, судалгаа, зөвлөмжөөр хангасаар байна. Тус хүрээлэн 1994 онд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалыг анхлан боловсруулж, 2010 онд Үндэсний аюулгүй байдлын Үзэл баримтлалыг шинэчлэн өөрчлөхөд мэдээлэл, судалгаа, зөвлөмжөөр хангаж хувь нэмрээ оруулсан юм. Эдүгээ тус хүрээлэн дотоод, гадаадад нэр хүнд бүхий эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага болон бэхжив.

Тус хүрээлэн ҮАБЗ-ийн бодлого, шийдвэрийг судалгааны үндэстэй болгох зорилгоор аливаа эх сурвалжид дүн шинжилгээ хийхийн зэрэгцээ бүс нутгийн хоёрдугаар сувгийн хүрээнд яриа, хэлэлцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцдог. Түүнчлэн судалгааныхаа үр дүнг олон нийт, судлаач эрдэмтдийн хүртээл болгон хэвлэн нийтэлсээр байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top