Төрийн нарийн бичгийн дарга нарт хүндэтгэл үзүүлэв

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 25

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа хүмүүсийг 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Төрийн ордонд хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлэв. УИХ-аас батлан гаргасан хуулийн дагуу 1996 оны 8 дугаар сарын 8-ны өдөр 5 яамны Төрийн нарийн бичгийн даргыг томилсноос хойш 15 жил болж байна. Ойн баярын өдрийн мэндчилгээг Ерөнхий сайд хүргээд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

Төрийн нарийн бичгийн дарга нар төрийн жолоог атгалцан, салбар бүрээ зангидаж, хариуцлагатай, үр бүтээлтэй ажиллаж байсан, одоо ч ажиллаж байгааг тэрээр онцлон тэмдэглэв. Төрийн алба мэргэшсэн, чадварлаг болж, хөгжлийн том алхаанд хөл нийлүүлэн улам боловсронгуй болохын зэрэгцээ улс төрөөс хамааралгүй байх суурь тавигдсан. Цаашид үр дүнд тулгуурласан, тогтвортой, мэргэшсэн байх зарчим мөрдөгдөх, боловсон хүчний сонголт, томилгоо холбогдох хууль, дүрмийн хүрээнд байх ёстой гэж Ерөнхий сайд С.Батболд үзэж байна.

Жишээлбэл яамны Газрын дарга гэхэд л тухайн яамандаа 5-аас доошгүй жил ажилласан байх ёстой гэдгийг хуульчлах зэргээр ярьж байгаа бөгөөд төрийн албыг чадваржуулахад үе үеийн Төрийн нарийн бичгийн дарга нарын санаа оноо, оролцоо, хувь нэмрийг хүлээн авч дэмжинэ гэлээ. Түүнчлэн Канад Улсад айлчлах үеэр төрийн албаны шинэтгэлээр амжилт олж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн туршлагыг нь авч өөрийн орны онцлогт тохируулан нутагшуулах талаар ярилцсан нь ажил хэрэг болж байгааг дуулгалаа.

1996 оны 8 дугаар сарын 8-нд 7 яамны Төрийн нарийн бичгийн дарга томилогдсоноос хойш өдгөөг хүртэл 50 хүн энэ албыг хашжээ. Эдгээрээс УИХ-ын гишүүнээр 7, Засгийн газрын сайд, адилтгах албан тушаал болон Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар тус бүр 5 хүн ажиллаж байна. Төрийн нарийн бичгийн дарга нараас шинжлэх ухаан болон боловсролын 15 доктор, 3 генерал төрөн гарчээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.   

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top