МУГЖ С.Жавхлан өвөг дээдсийн уламжлалыг биеэр үлгэрлэхийг хичээж яваа нэгэн. Монголоо гэсэн зүрх сэтгэлтэй түүнийг уран бүтээл, үзэл бодол талаас нь хүндлэх хүн цөөнгүй ч "дуучин Жавхлан жаахан юмтай болчихож" гэх хүмүүс бас бий. Гадны соёлыг хэт шүтэж, Монголын баялгийг хувааж идээд байгаа төрийн томчуудыг хараад боож үхэхийн даваан дээр яваа тэрээр үзэл бодлоо үгээр илэрхийлэхийн зэрэгцээ гадаад төрх, байгаа байдлаараа ч харуулдаг. Гавьяат маань дөрөв таван жилийн өмнө өмсөж байсан гадаад хувцаснуудаараа энэ хавар малын нэмнээ оёулах гэнэ. Түүний хувцаснууд багагүй үнэтэй бөгөөд нэг пиджак нь гэхэд хоёр мянга зургаан зуун долларын үнэтэй аж. Угаас гадны юманд сүжиггүй болоод байгаа С.Жавхлан өөрийнхөө өмсч байсан хувцсаа малын нэмнээ хийхэд олон зүйдэлтэй, олигтой нэмнээ болохгүй ч байж мэднэ гэж голж суугаа аж. "Үнэтэй брэндийн хувцсаа ах дүү хамаатан садандаа ч болтугай өгч болоогүй юм уу" гэсэн сэтгүүлчийн асуултанд “Би тэдэндээ ч бас гадаад хувцас өмсүүлмээргүй байна” гэж хариулсан байна. Юутай ч гавьяат маань энэ яваа насандаа дахиж гадаад хувцас өмсөхгүй гэдгээ ийнхүү тунхаглалаа.
Б.Гарьд
Сэтгэгдэл ( 0 )