Хубилай хааны үед хуулиар байгал хамгаалдаг байжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 26

Хубилай хааны үед хэд хэдэн хууль цааз батлагдан гарсны дотор томоохон нь “ Их Юаний нэвтэрхий хууль” , “Их Юаний хууль цаазын бичиг” мөн болохыг эрдэмтэн судлаачид тэмдэглэж байна.
Түүхч, академич Ч. Далай “ Их Юаний нэвтэрхий хууль” нь өмнөх хууль зарлигуудын эмхэтгэл байсан гэж үздэг.
Юан гүрний үеийн хууль Монголын эртний бусад хууль цаазуудтай харьцуулахад бага судлагдсан байдаг байна. Юан гүрний хамарсан өргөн уудам нутаг дэвсгэр, суурьшмал болон нүүдэлчин соёл иргэншлийн хослол, зан заншил, ахуй амьдрал, эдийн засаг, засаг захиргааны онцлогтой уялдан хууль цаазны судалгаа нь нарийн төвөгтөй байж болох билээ.
Их Юаний нэвтэрхий хуульд Монгол хуулийн тэр дундаа Их засаг хуулийн заалт, нөлөө, Монгол заншил үлэмж ихээр тусгагдсаны дотор байгаль хамгаалахтай холбоотой зүйл заалтууд олонтой байгаа болно. Ялангуяа газар хөрс, ус, ой мод, ан амьтаныг хамгаалах, ан ав хийх, ой хээрийг түймрээс хамгаалахтай холбоо бүхий эрх зүйн хэм хэмжээ тусгагдсан нь үндсэндээ Их засаг хуулийн заалтууд бараг тэр чигээрээ оржээ.
Доор дурдсан 3 зүйл заалтыг нарийвчлан шинээр оруулсан байдаг байна.
Ан ав хийх заалт :
Хубилай хааны зарлиг: “ Их хааны захиргааны бүх газар нутагт  гуравдугаар сараас арванхоёрдугаар сар хүртэл  ан амьтан үржиж төллөх үед  ямар ч хан ван, ноёд сайд ер хэн хүн бүх төрлийн ан амьтан, марал буга, туулай чандага, зээр гөрөөс мэтийг авлахыг хориглоно. Хэрэв зөрчвөл хатуу цээрлүүлнэ” гэж заасныг, түүнийгээ биелүүлэхийг хатуу шаарддаг тухай “ Жил бүр 3-аас 10-дугаар сар хүртэл туулай, буга, бор гөрөөс, цагаан зээр, хар сүүлт зэргийг төрөх үржих цагт нь хан ван, эрхтэн дархтан ямар ч хүн агнах эрхгүй гэсэн хууль дүрэм Монголд байх юм гэж Монголд 25 жил амьдран суугаад 1327 онд нутаг буцсан Италийн иргэн Марко Поло номондоо дурдан бичсэн байна.
Хубилай хааны өөрийн сонгон авсан нийслэл Хаанбалгасанд (Бээжин) хотоос жил бүр Шар мөрний зүг их ан ховоргод морддог байсан бөгөөд ийнхүү явахдаа олон зуун бараа бологчид мөн ан амьтныг бариулж сургасан нохой, арслан, бар, чоно, шонхор, бүргэд мэтийн олон амьтнаа авч явж тааралдсан ан амьтныг бариулдаг байсан нь ан авын ажил гол төлөв хаад ноёд зэрэг ихэс дээдсийн зугаа цэнгэлийн шинж чанартай байж, эгэл жирийн ардууд ан авыг мал аж ахуйнхаа зэрэгцээ амьдрал ахуйдаа нэмэр сэлбэг төдийгөөр эрхлэж байсныг харуулах нэг баримт юм.
Өртөө замын дагууд мод тарьж хамгаалан ургуулах заалт:
Хубилай хааны зарлиг : “ Их хаан бээр элч зарлага, худалдаачид хийгээд энгийн ардын үргэлж хөлхдөг их замын дагуу хоёр хоёр алхмын зайтай газар мод тарихыг ...” заажээ.
Энэ тухай Марко Поло тэмдэглэлдээ “ Монголчууд өртөө замын хоёр хажуугаар мод тарьсан нь нар шарахгүй сүүдэртэй, өвөл цас унахад зам алдаж төөрөхгүй сайн талтай. Энэ модод алсаас их сүрлэг харагдана.         ... Говь цөлийн зам дагуу ч мөн тийм мод суулгасан нь худалдаачид хийгээд элч нарт туйлын таатай. Тэрчлэн бүх хаант улс муж улсын замын дагуу тийм мод цөм буй ажээ ” гэж бичсэн байна.
Мөн Өлзийт хааны үед гаргасан хууль цаазын бичигт 1294 оны орчим мод огтлохыг хориглон : “ ... Хавар болоход хамгийн урьд мод тарьж суулгах хэрэгтэй . Модыг зүй бусаар огтолж үл болно. Зөрчигчдийг хууль ёсоор ялласугай . Ой мод их болох аваас  алба ба амины цөм ашигтай ... “ гэж заасан байна.
Цаг агаарын байдлыг зурхайн аргаар урьдчлан төсөөлөх заалт :
Их Юан гүрний үед байгаль хамгаалах талаар эрх зүйн хэм хэмжээний хүрээнд хийж байсан ажлын нэгэн баримтыг иш татъя.
Байгаль орчны төлөв байдлыг урьдаас танин мэдэж түүнтэй зохицон аж төрөх арга ухааныг Хубилай хаан ихэд эрхэмлэн зурхайн ухааныг үүнд илүү хэрэглэж байжээ.
Их хаан 5000 орчим зурхайч, төлөгч нартай байсан бөгөөд тэд од гариг тэнгэр эрхсийн орчлыг шинжиж мэдээд цаг улирал ямар байх жилийн сар бүрийн онцлог зэргийг шинжиж тодорхойлдог байжээ. Тухайлбал: ямар сард тэнгэр эхэлж дуугарах , салхи шуурга болох, газар хөдлөх, догшин ширүүн бороо орох, өвчин тахал гарах, үхэл зовлон тохиолдох гэх мэтийг урьдаас хэлдэг байжээ. Тэдний шинжиж  мэдсэний хэрээр энэ сард ийм тийм юм болно, харин болох хэргийг бурхан тэнгэр өөрийн тааллаар  их бага аль нэгэн хэмжээгээр өөрчилж болно хэмээн нийтэд зарлан мэдээлж ард олныг сэрэмжлүүлэн болгоомжлуулж байгаль орчинтой зохицон амьдрах арга ажиллагаанд сургаж байсан байна.

ҮТА-ын ЦСТ- ийн архивч операторч Д. Лхагвасүрэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top