XVII зууны эцсээр Заяын хүрээнд Гүдэн сүм, Лавиран, Сэмчинг байгуулж, 1696 онд байгуулсан Гүдэн сүмийг хоёрдугаар Зая бандид Лувсанпэрэнлэй өөрийн лавиран болгосон байна. Лавирангийн дээд давхрын сүмийг шүтээний гурван сүм гэх бөгөөд баруун Гүдэнд үүрд нам нойрссон Зая бандид хутагт Лувсанпэрэнлэй, Лувсанняндаг, Лувсанжигмэддорж нарын шарилыг оршуулсан гурван суварга, зүүн Гүдэнд тавдугаар хутагт Лувсанжигмэднамжилын шарил тус тус байжээ.
Гол сүмд лам Чодог бурхныг тахиж, жасаа хурал хурдаг байсан бөгөөд дээд давхрын тасалгааны хутагтын номын санд эртний түүх, уран зохиол, шашны ном судрыг төвд, монгол, хятад хэлээр төрөл ангиар нь ялган байрлуулж байжээ.
Гуравдугаар Заябандид Лувсанжигмэддоржийн үед 1802 онд Зүүн, Баруун Сэмчинг барьсан бөгөөд анх дээд давхар нь модон асар дээвэртэй доод давхар тоосгон төвд хэлбэрийн барилга байжээ. 1908-1909 онд Сэмчингийн гуравдугаар давхрыг буулган хурлын дуган, нөгөө Сэмчинг Цогчин дуган болгон 1909-1910 оны үед засвар хийж одоогийн байдалтай болгосон байна.
Заяын гэгээний хийдийн сүм дуганыг 1887 онд тухайн үед нэрд гарсан монгол дархан, урчууд сэргээн засварлаж байжээ.Заяын хүрээг хоорондоо 5км зайтай газарт дээд доод хүрээ болгон байгуулсан бөгөөд дээд хүрээнд 6 аймгийн бүгд 26 сүм дуган, лам нарын орон сууц, жижиг байшин барилга, доод хүрээнд 2 аймгийн дуган, лам нарын байшин барилга байжээ. Заяын хүрээнд үргэлж 1000 лам суудаг байсан бөгөөд нэг жилд хэдэн удаагийн их хурал хурах үеэр 4000 орчим түүнээс ч илүү олон лам нар цуглардаг байжээ.
Хуучны Заяын хүрээнээс үлдсэн сүм дуган тухайлбал, Зүүн, Баруун Сэмчин, Хүлгийн сүм, Гүдэнг сэргээн засварлаж өдгөө аймгийн Угсаатны зүйн музей болгон ашиглаж байна. Эдгээр барилгыг 1971 онд аймгийн хамгаалалтад, 1994 онд улсын хамгаалалтад авсан юм. Уул, ус, байгалийн гоо үзэсглэнтэй хосолсон Заяын хүрээний сүм дуганууд төвд, төвд-монгол, төвд-хятад хийцийнх бөгөөд барилгын үндсэн материал нь мод, чулуу, хөх тоосго, ваар юм. Барилгуудыг толь, жанцан, ганжир зэргээр чимэглэсэн бөгөөд маш уран гоё сийлбэртэй, хурц тод өнгийн дагнаас будагтай ажээ.
Сэтгэгдэл ( 1 )
sain bna uu onoodor zay gegeenii hiid ajildag bolov uu