Догсомын Бодоо нь 1885 онд Мандшир хутагтын шавь Дэндэвийн отог буюу одоогийн Төв аймгийн Сэргэлэн сумд төржээ. Их Хүрээн дэх Монгол хэл бичгийн сургуульд суралцаж, Шавийн яаманд бичээч хийж байсан тэрээр Хаант орос улсын консулын дэргэдэх орчуулагч хэлмэрчдийн сургуульд багшаар ажиллаж оросын залуу дипломатуудтай ойр холбоотой байсан байна. Бодоо Монгол, түвд, манж, хятад хэл бичгийн боловсролтой тэргүүний сэхээтэн хүн байсан юм.
Харбины Монголын сонин бичиг сонины Их хүрээн дэх төлөөлөгч, 1912 оноос гаргаж байсан “Шинэ толь хэмээх бичиг”, “Нийслэл Хүрээний сонин бичиг” сонинуудын сурвалжлагч, хянан найруулагчаар ажиллаж, "Болд илд, Бо" гэсэн уран бүтээлийн нэртэй байжээ. Уран зохиол сонирхон оролдож Үзэмжит өгүүлэл, Уянгат шүлэглэл зэрэг зохиол бичиж хойч үедээ үлдээжээ.
Тэнд ажиллаж байхдаа большевизмд талтай оросуудыг хамарсан Их Хүрээний Оросын хувьсгалт нууц хороо гэдгийн гишүүн, хэвлэлийн хорооны механикч М.И.Кучеренкотой танилцсан нь түүнд Оросын большевизмын олж сонсох боломж олгожээ. Улмаар түүгээр дамжин Их Хүрээний большевикуудын дунд нөлөө бүхий Хүрээн дэх оросын иргэдийн Гүйцэтгэх хорооны нарийн бичгийн дарга польш гаралтай Я.В.Гембаржевскийтэй танилцсан байдаг.
1919 оны намар Хятадын генерал Сю Шүжан Монголын автономитыг унагах үед Бодоо нь Консулын дэнжийн нууц бүлгэмийг үүсгэн байгуулжээ. Уг бүлгийн цөм нь Бодоогоос гадна түүний орос хэлний орчуулагч байсан Хорлоогийн Чойбалсан, лам Дамбын Чагдаржав нар байжээ. Улмаар Сангийн яамны түшмэл Жамьян, залуу лам Д.Лосол, Жигмиддорж зэрэг хүмүүс ч нэгдсэн байсан байна. Мөн яг энэ үед Гаалийн хорооны түшмэл Солийн Данзан Зүүн хүрээний нууц бүлгэм гэгчийг үүсгэн байгуулсан ба уг бүлэгт Цэргийн яамны түшмэл Дансранбилэгийн Догсом, Магсаржав хурцын Дугаржав, тухайн үед хэвлэлийн үйлдвэрийн үсэг өрөгч байсан Дамдины Сүхбаатар, Галсан, Тогтох, Даш, буриад Балсанов зэрэг хүмүүс уг бүлэгт багтаж байжээ. 1920 оны эхээр уг хоёр бүлгэм нэгдэж Хятадын дарангуйллыг буруушаасан ухуулах хуудсууд тараах, Их Хүрээн дэх гамин цэргийг хүч, байрлалыг судлах, Богд хаан болон бусад томоохон ноёд язгууртнуудын үзэл бодлыг тандах зэрэг ажлуудыг хийж байжээ. Бодоогийн холбоо тогтоосон большевик оросуудаар дамжуулан уулзсан Коминтерны хэсэг төлөөлөгчид нууц бүлгэмийнхэнд Зөвлөлт Орос улс руу очиж тусламж хүсэхийг зөвлөсөн байна. 1920 оны 6-р сарын 25-ны хурлаас Монгол Ардын Нам гэж нэрийдэх болжээ.
1920 оны 7-р сарын эхээр Данзан, Чойбалсан нар Оросын зүг хөдөлсөн ба уг сарын дундуур Бодоо, Чагдаржав нар араас нь хөдөлжээ. Бүлгэмийн үлдсэн гишүүд хятадын түрэмгийллийн эсрэг Зөвлөлт Орос улсаас тусламж хүссэн Богд хааны тамгатай бичгийг Да Лам Пунцагдоржийн тусламжтайгаар олж аван Сүхбаатар, Лосол, Догсом нар 7-р сарын эцсээр Орос руу явжээ. Чухам Ардын намын тамгатай бичиг үү, Богдын тамгатай бичиг үү гэдэг дээр нууц бүлгүүдийн тэргүүлэгч нар санал зөрөлджээ. Большевизмын нөлөөнд илүү орсон байсан Бодоо Ардын намын тамга хангалттай гэж үзсэн бол түшмэлүүдийн төлөөлөл болж байсан Зүүн Хүрээний бүлгийн удирдагч Данзан Богдын тамга зайлшгүй чухал гэж үзжээ. Бодоо голдоо Соёмбо тэмдэг бүхий Монгол ардын намын тамгыг анх сийлсэн гэдэг. 1920 оны 8 сард Ардын намын төлөөлөгчид бүгд Эрхүү хотод очиж Зөвлөлт засгийн төлөөлөгч нартай уулзсан байна. 9-р сарын эхээр Данзан, Лосол, Чагдаржав нар Москва руу явж, Сүхбаатар, Чойбалсан нар Эрхүүд үлдэн, харин Бодоо, Догсом нар Их Хүрээ руу буцжээ.
1920 оны эцсээр Барон Унгерн фон Штернбергийн удирдсан Оросын цагаан армийн Азийн девиз Монголд орж ирэн 1921 оны 2-р сард Хятадын гамин цэргийг бут цохин Их Хүрээг эзэлсэн байна. Энэ үед Бодоо Барон Унгерний цэрэгт элсэн орж тагнаж, тэдний нэг гол зорилго нь Монголын хүчийг ашиглан Зөвлөлт Оростой тэмцэх явдал гэдгийг олж тогтоон намын нөхдөдөө мэдээлж байжээ.
1921 оны 3-р сарын 1-нд Дээд Шивээд эхэлсэн хуралдаанаар Монгол Ардын Намыг албан ёсоор байгуулж намын даргаар Данзан, Түр засгийн газрын ерөнхий сайдаар Чагдаржав, гадаад хэргийн сайдаар Бодоо, бүх цэргийн жанжнаар Сүхбаатар томилогдсон байна.
1921 оны 3-р сарын 18-нд Сүхбаатараар удирдуулсан Ардын цэрэг хүчээр хэд дахин давуу Хятадын гамин цэргийн хүчийг бут цохин Хиагт хотыг эзлэн авчээ. 1921 оны 4-р сарын 16-нд Бодоо нь Чагдаржавын оронд Монгол улсын ерөнхий сайд болжээ. 5-р сарын эцсээр Барон Унгерн Их Хүрээнээс хойд зүг хөдөлсөн ба гол хүч нь Улаан арми болон, Ардын цэрэгт бут цохигдон Зөвлөлт Орос улс руу гарчээ. 1921 оны 7-р сарын 6-нд Ардын цэрэг Их Хүрээнд орж ирсэн ба 11-нд Ардын эрхт хэмжээт цаазат Монгол улс ба Ардын хувьсгалын ялалтыг зарлан тунхаглахад Бодоо үг хэлсэн байна.
Ардын засгийн газрыг эмхлэн байгуулахад Бодоо голлох үүргийг гүйцэтгэн тухайн үеийн Монголын төр засгийн бодлогыг боловсруулах, тулгамдсан зорилтуудыг гарган тавьж шийдвэрлэх алхмуудыг хийж байжээ. Ардын засгийн газраас 1921 оны 9-р сарын 14-нд гадаад олон улсуудад Монгол улс тусгаар тогтносон тухай зарлан мэдэгдсэн тунхаг бичиг болон худалдаа эдийн засгийн харилцаа тогтоох уриалгыг гарган илгээхэд Ерөнхий сайд ба Гадаад хэргийн сайд Догсомын Бодоо гарын үсэг зуржээ. 1921 оны 9 дүгээр сараас Данзаны хамт Зөвлөлт Орос улстай найрамдлын гэрээ байгуулах төлөөлөгчөөр ажилласан.
Тэрбээр 1922 оны 1 сарын 7-ыг хүртэл Монгол Ардын түр ба байнгын засгийн газрыг тэргүүлэхдээ улс орноо харийн түрэмгийллээс бүрмөсөн чөлөөлж, тусгаар тогтнолоо дэлхий дахинаа хүлээн зөвшөөрүүлж Орос, Хятад, АНУ-тай найрсаг эрх тэгш харилцаатай байхыг тэргүүлэх зорилт болгож түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд нэлээд бодитой ажил сэдэж зохих үр дүнд хүрч байсан билээ. Америкийн нэгдсэн улсын консултай уулзаж ярилцан Хятад улсаар Монголын тусгаар тогтнолыг зөвшөөрүүлэх талаар туслалцаа хүсч байсан ба мөн ижил хүсэлтийг Зөвлөлт Орос улсаас хүсч байжээ.
Богд хаан хэвээр үлдсэн боловч хязгаарлагдмал эрхтэй буюу зөвхөн шашны хэргийг мэдэх болж төрийн үйл хэргийг Монгол ардын нам, ардын засгийн газар шийдэх болжээ. Намын дарга байсан Солийн Данзан 1921 оны намар намын даргаасаа чөлөөлөгдөн, Сангийн сайдаар ажиллах болжээ. Бодоо Ерөнхий сайдын хажуугаар Намын даргын үүргийн 1921 оны 11 сарын 22 хүртэл гүйцэтгэж байсан ба энэ үед Сүхбаатар Цэргийн яамны сайдаар ажиллаж байсан байна. Данзан түүнтэй таарамжгүй байсан ба Бодоог хурц ааштай, богино бодолтой, тулхгүй хүн хэмээн шүүмжилдэг байжээ. Сүхбаатарын хувьд тэрээр Данзангийн талыг барьж байсан байна.
1921 оны эцсээр Бодоо Бошгыг халах залуучуудын эвлэлийн шугамаар шинэчлэлийн хэт зүүний бодлого явуулан эмэгтэйчүүдийн үсийг тайрах, дээлийн нударга тайрах зэрэг компанит ажлууд явуулж байсан байна. Мөн энэ үед буюу 1921 оны 12 сард хувьсгалын эсэргүү Саж ламын хэрэг гэгч гарч 48 хүнийг буудан цаазаар хороосон байна.
Бодоог АНУ, Хятад зэрэг улсуудтай сүлбэлдсэн, хувьсгалын үйл хэргийн эсэргүү бодлого явуулсан гэж буруутгасны дараагаар тэрээр эрүүл мэндийн шалтгаан зааж ажлаасаа огцрох хүсэлт гарган 1922 оны 1 сарын 7-нд бүх албан тушаалаасаа өөрчлөгдсөн байна. Улс төрийн тавцангаас гарсан хэдий ч Бодоог зүгээр орхилгүй мөрдөн байцааж, улмаар 1922 оны 8 сарын 31-нд Догсомын Бодоод эх орноосоо урвасан хэрэгт хилсээр ял тулган цаазалжээ. Мөн Дотоод яамны сайд асан Да Лам Пунцагдорж, Түр засгийн газрын ерөнхий сайд асан Чагдаржав нарыг хамтруулан хилс хэрэгт хэлмэгдүүлэн цаазалжээ.
Бодоог хэлмэгдүүлэн зайлуулах ажиллагаанд чухам Данзан, Сүхбаатар, Чойбалсан, Элбэгдорж Ренчино нарын хэн нь ямар хэмжээтэй оролцсон нь маргаантай. Данзан Бодоотой улс төрийн үзэл баримтлал, цаашдын хөгжлийн чиг хандлагын хувьд санаа нийлдэггүй байсан тул Бодоогийн хэрэг гэгчийг үүсгэн түүнийг зайлуулсан гэж олон судлаачид үздэг боловч Элбэгдорж Ренчино Данзан, Сүхбаатар нарыг ашиглан Бодоог зайлуулсан гэдэг ч онол байдаг. Бодоогийн дараа Жалханз хутагт Содномын Дамдинбазар Ерөнхий Сайд болсон боловч тун удалгүй нас барсан байна.
1922-оос 1989 онуудад Догсомын Бодоогийн нэр эх орноосоо урвагч, хувьсгалын эсэргүү гэсэн тодотголын доор явж ирсэн бөгөөд түүний тухай үнэн бодитойгоор үг хэлэх, бичих нь коммунист үзэл суртлын хувьд тэрс, эсэргүүд тооцогдож байсан.
Д.Сүхбаатар гэдэг цэргийн жанжин, Монгол ардын намын хоёр Ерөнхий сайдыг, тодруулбал Ардын намын түр засгийн Ерөнхий сайд Д.Чагдаржав, Ардын намын анхны Ерөнхий сайд Д.Бодоо нарыг баривчлан эрүү шүүлт тулган цаазалжээ. Д.Сүхбаатар өөрийн гарын үсэг зурсан цаазаар аваачих ялыг гүйцэтгэсэн хөлсний цэргүүддээ 10 төгрөгөөр шагнасан түүхэн баримт энэ байна. Ардын намын анхны Ерөнхий сайд Д.Бодоо, Д.Чагдаржав нарыг Д.Сүхбаатар цаазлахдаа Бароны Засгийн газрын Ерөнхий сайд Манзушир хутагт Цэрэндоржийн Цэргийн яамны сайд Цэвээн тэргүүн, Гүн Тогтох, Тайж Дэндэв нарын 15 хүний хамт 1922 оны наймдугаар сарын 31-ний үүрээр Шар хаданд аваачиж бууджээ. Ардын намын анхны Засгийн газрын Ерөнхий сайд Д.Бодоо, шадар сайд Д.Чагдаржав нарыгаа Засгийн газрын кабинетын гишүүн Цэргийн яамны сайд нь өөрөө тушаал гарган баривчилж өөрийн тушаалаар гүйцэтгэсэн түүхэн баримт байна.
БАРИМТ 1
БҮХ ЦЭРГИЙН ЗӨВЛӨЛИЙН ГАЗРААС
Ардын Засгийн газар хуудас дагуулан өргөн илгээв,
Явуулахын учир:
... эдүүгээ Бодоогийн зэрэг хүнд ялт арван таван хүнийг цаазаар аваачихад буудан үхүүлсэн зэрэг арван таван хүнд тусгай шагнал хүртээх болов уу хэмээн эрмэлзэхийн тулд, үүнд хянавал, урьдахь автономит засгийн үест энэ мэт эрүү барьсан цэрэгт улсын сангаас шан олгож байсан тогтоол буй бөгөөд эдүүгээгийн засгийн үед тусгайлан тогтсон зүйлгүй тул, үүнийг Бүх цэргийн зөвлөлийн газраа өргөн мэдүүлээд олдвол байцаан толилж эд нарт шагнал олгох эсэх, хэрэв олгох аваас хүн бүрт хичнээн ямар шагнал олгуулахыг заан тушаах ажаамуу гэх зэрэг эрснийг тус Зөвлөлийн хуралд хянан хэлэлцээд ийнхүү мэдүүлсэн нь зүйтэй учир зүй нь хүн бүрд арваад төгрөг шагнавал зохих болов уу хэмээх тул үүнийг Засгийн газраар өргөн илгээгээд олдвол байцаан толилж гүйцэтгэн шийтгэх ажаамуу хэмээн үүний тул өргөн илгээв.
Дугаар 187
Олноо өргөгдсөний арван хоёрдугаар он сарын -ны өдөр есөн арван тав Зөвлөлийн тэргүүлэгч Элбэгдорж Зөвлөлийн гишүүд: Сайд Жанжин Сүхбаатар Штабын дарга Хува Нарийн бичгийн дарга Буяннэмэх".
БАРИМТ 2
БҮХ ЦЭРГИЙН ЗӨВЛӨЛИЙН ГАЗРААС
Монгол ардын засгийн газраа хуудсаар өргөн явуулах учир мөнөөхөн манай газраас Засгийн газрын товч хурал лугаа нийлж улс төрд самуун хувьсгал өдүүлэхийг завдсан ялт Бодоо нар ба их гянданг эвдэж улс иргэдийг самууруулах гэсэн ялт таван хүний хамт дэс дараалан ял оноохоор томилон гаргасан комиссын сайд түшмэдээс хууль ёсоор харьяат самуун муу хүнд хэрэг өдүүлсэн нэр бүхий ялт нарын доор оноох ялыг тус тус төлөвлөн жагсаан бичиж хүнд хөнгөнийг ялган салгаж, заан тогтоохыг эрж мэдүүлэн ирснийг манай Бүх цэргийн зөвлөлд хянан үзэж мөн нэн даруй гүйцэтгэн шийтгэж олон нийтэд дүрзм үзэмж болговол зохих явдлыг хэлэлцэн тогтсон боловч Засгийн газрын хурлаар батлуулан тогтоолговол зохихын тулд уг ирсэн өчиг хуудсыг бүрнээ хүргүүлж, үүнийг олдвол монгол ардын засгийн газраа өргөн явуулаад байцаан толилж нэн даруйхнаа батлан тогтоож хариу ирүүлэх зэргээр гүйцэтгэн шийтгэх ажаамуу. Үүний тул хуудас өргөн илгээв.
Дугаар 165
Олноо өргөгдсөний арванхоёрдугаар он долоон шинийн найман сарын Европын найман гучин нэгэн Зөвлөлийн тэргүүлэгч Элбэгдорж Зөвлөпийн гишүүн сайд, жанжин Сүхбаатар Штабын дарга Хува Нарийн бичгийн дарга орлосон Буяннэмэх".
БАРИМТ 3
"ДОТООДЫН ХАМГААЛАХ ГАЗРЫН ТУСГАЙ ТОМИЛСОН САЙД ТҮШМЭДЭЭС:
Бүх цэргийн тусгай зөвлөлийн газар өргөв. Тогтоон шийтгэхийг гуйн мэдүүлэх учир: Үүний урьд улсад самуун өдүүлэхийг өвөрлөсөн лам Бодоогийн зэрэг нэг агчдыг уг тушаасан ёсоор бариулан авч байцаан тодорхойлсон бүдүүвч өчгийг Бүх цэргийн зөвлөлд хүргүүлэн мэдүүлсэн бөлгөө. Эдүгээ хойш тушаасан нэгэн зуун тавин наймдугаар бичгийн ёсоор нэмэн томилсон бичгийн ёсоор нэмэн томилсон түшмэдийн хамт нийлэн нэр бүхий ялтныг дараалан чангалан байцаан шүүвээс лам Бодоогийн зэрэг нэр агчид харьяат улсад буруу санааг өвөрлөн эрх чөлөөг олж тогтнон буй эдүгээгийн засгийг хувьсган халж ард түмэнд харштай хэрэг өдүүлэхээр тэрслэн явсныг зүйл зүйлээр илрэн хүлээсэн бөгөөд энэ хэргийн нэр бүхий ялт нар Манжуур зүгийн цагаан нам ба Дамбийжанцан лугаа сүлбээлдэх хэргийг тус тус зөвлөлдсөн, бас автномийг дахин босгох хэргийг Америкийн консулаас гуйлхийлэн явсан хэрэг болох.. .үүнийг бүх цэргийн газраа өргөн мэдүүлээд, олдвоос байцаан толилж тогтоон шийтгэх ажаамуу. Бас ч харьяат ялт нарын биеийг хэвээр сахиулан хүлээлгэн бүхий учрыг хамтаар гаргаж үүний тул өргөв.
Зуны сүүл Арванхоёрдугаар он сарын хорин долоон аргын улирлын найман
Дугаар 9
Сайд Данзан, Дарга Балдандорж, дарга Баваасан, Буяннэмэх..." [1]
Монгол улсын дээд шүүхийн 1997 оны 6 сарын 11-ны өдрийн 236 тоот тогтоолоор Догсомын Бодоод ногдуулсан хэргийг хэрэгсэхгүй болгон нэр төрийг нь цагаатгасан байна.
Сэтгэгдэл ( 2 )
Гоё
маш