Д.Сүхбаатар нь 1893 оны 2 дугаар сарын 2 нд Маймаа хотноо Сэцэн хан аймгийн Ёст бэйс Доржжавын хошууны харъяат Дамдины гэрт төрсөн. Бага залуу насандаа Нийслэл хүрээ, Хиагтын өртөөний Хүй-Мандал-Бургалтайн замд улаа хийж байв. Тэрбээр 1911 оны 12 дугаар сард цэрэгт дайчлагдан ирсэн бөгөөд 1912 онд Хужирбулангийн үндэсний цэргийн боловсон хүчнийг бэлтгэх сургуулийг анх нээн байгуулахад орж суралцан 1913 онд төгсгөж пулемёт сумангийн даргаар томилогджээ.
Д.Сүхбаатар уг сургуулийг амжилттай сайн суралцан төгсгөсний учир мөн оныхоо 7 дугаар сард 5 дугаар зэргийн жинс, тогосны отгоор, улмаар удирдсан цэргээ сайнаар сурган боловсруулсны төлөө 1915 оны 6 дугаар сард 4 дүгээр жинс, тогосны отгоор, мөн Зүүн ба Зүүн өмнө хязгаарт хятад цэргийн эсрэг байлдаанд эрэлхэгээр тулалдсан учир Монгол улсын Засгийн газраас 1917 оны 12 дугаар сард 3 дугаар жинс тус тус шагнагдаж байв. Д.Сүхбаатар цэргийн албыг 1912-1918 онд хаасан ба 1918 оноос хууль шастир хэвлэх газар шилжин ажилласан байна. Энэ үеэс тэрээр Хүрээний нууц бүлгэмд элсэж 1920 оны 1 дүгээр сарын 5-нд гамин цэргийн эрхтнүүд монгол цэргийг татан буулгасны дараагаар Хужирбулангаас Нийслэл Хүрээнд ирж бүлгэмийн ажилд идэвхийлэн оролцох болсон ажээ. Д.Сүхбаатар 1920 онд ЗОУ-аас тусламж гуйх төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд оролцож Эрхүү хотноо 4 сар шахам ажиллахдаа Сибирийн 5 дугаар армийн газар цэргийн сургууль хийж байв. 1921 оны 2 дугаар сараас АЖЦ элсүүлэх ажлыг удирдсан бөгөөд 1921 оны 3 дугаар сарын 6-нд АЖЦ-ийн штабыг байгуулахад Д.Сүхбаатарыг Бүгд ерөнхийлөн захирах жанжнаар томилсон ажээ.
Тэрбээр 1921 оны 3 дугаар сарын 24 - 1922 оны 12 сар хүртэл Цэргийн яамны тэргүүн сайдаар, 1921 оны 4 дүгээр сарын 10-наас 1923 оны 2 дугаар сар хүртэл Бүх цэргийн зөвлөлийн гишүүн, 1921 оны 2 дугаар сараас насан эцэс болтлоо Бүх цэргийн жанжны албыг тус тус хашиж байв.
Д.Сүхбаатар нь 1921 онд ЗОУ-тай гэрээ байгуулах Монголын Засгийн газрын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд оролцож найрамдлын гэрээнд гарын үсэг зурсан юм.
Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө мятрашгүй тэмцэж, ардын хувьсгалыг мандуулахад ард түмнээ хөтлөн жолоодсоны учир Д.Сүхбаатарыг 1922 оны 9 дүгээр сард Ардын эрхт Монгол улсын анхны зоригт баатар цолоор шагнажээ. Тэрээр мөн 1922 онд Зөвлөлт Бүгд Найрамдах Холбоот Орос Улсын Улаан тугийн одонгоор шагнагдсан юм. 1923 оны хоёрдугаар сарын 20-ны наран мандах үед Монгол улсын анхны зоригт баатар насан эцэслэсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )