Нар мандахад…

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 27

Үүр  цайж нар мандахад шартсан сэтгэлээр өнөөдөр ганц лонх юм яаж олж уух вэ гэсэн ганцхан зорилготой орноосоо өндийх хөх толботонгууд цөөнгүй бий. Дээрх байдал бямба, ням гарагийн өглөө мануусын дунд бүр ихээр нэмэгддэг гээд хэлчихэд нэг их хол зөрөхгүй байх аа. Та биднийг шилтэй цэнхэр эргүүлж, /галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг/ амьдарч байх хойгуур сэтгэлгүй нөхдүүд улс гүрнийг минь самарч байна. Магадгүй та намайг юу бичээд хүмүүсийн сэтгэл санаа үймүүлээд байгаа юм бэ гэж харааж болох юм. Гэвч би хэн нэгэнд зусардалгүйгээр гарцаагүй үнэнийг бичих болсон учир нь монгол ахан дүүсээ бодит байдалтай эвлэрэх бус, харин сэрээе гэсэн санаа юм шүү. За олон зүйл нуршилгүй өнөөдрийн бодит байдлын тухай сийрүүлье. 2007 онд УИХ-аар ашигт малтмалын хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж батлахдаа 36-хан хувийг нь төр эзэмшинэ гэсэн заалт байсныг та санаж байгаа биз ээ. Бас мэдэхгүй ч байж болох юм. Энэхүү хуулийг манай улсын төрөөр дамжуулж та бидэнд хахууль өгсөн “Оюу толгой”-н эзэмшигч "Айвенхоу майнз" компанид зориулж баталсныг та бид мэдээгүй, мэдэхийг ч хүсээгүй. Харин энэ бүх зүйлийг эх оронч болж жүжиг тавьдаг зарим нэг /улстөрч/ жүжигчид мэдсэн, мэдэх байтугай бүр гар бие оролцсон гээд та бод доо. Мөн энэ тухай монголоо гэсэн сэтгэлтэй цөөхөн хэдэн эрдэмтэн судлаачид, нутгийн ард иргэд үнэний тухай ярин үзэл бодлоо илэрхийлсэн ч бид тэднийг дэмжээгүй, дэмжих байтугай юу яриад байгааг нь ойлгохыг ч хүсээгүй. Тэгсэн атлаа бидэнд төрөөс архины мөнгө авч өгнө гэсэн нөхдүүдийг дэмжин уриа лоозон барьж их жанжныхаа талбай дээр жагсан цуглаж тэр байтугай 21 аймагт салбарлан хөдөлгөөн өрнүүлсэн билээ. Энэ байтугай зүйлийг цаана чинь байгаа хэсэг нөхдүүд хийхээр төлөвлөж 2 хуваагдан нанчилдаж эхэллээ. Энэ юу вэ гэвэл Таван толгойн нүүрс, Асгатын мөнгөний орд, ураны орд газрууд болон бусад ашигт малтмалын нөөц газруудыг урд, хойд хөршийн алинтай нь нийлж идэх тухай маргалдаж байна. Урд хөршүүд манай улсын 7 боомтод төмөр зам, дэд бүтэц, цахилгаан дулаанаа тулгасан бол хойд хөрш мөн адил бидэнд анхаарлаа тавьж халамжилж эхэлснийг та  мэдээгүй байж ч  болох юм. Энэ тухай эрдэмтэн судлаачид та бидэнд ойлгуулах гэж цөөнгүй нийтлэл бичиж ТВ-ээр нэвтрүүлэг явуулсан ч  даанч бид ойлгож, түүнийг дэнсэлж бодсонгүй. Бодох байтугай тоож үзэж уншаагүй. Ганц нэг шил юм нааж өдөр хоногийг өнгөрүүлж эх оронтой ч юм шиг, эх оронгүй ч юм шиг, гэр бүлтэй ч юм шиг, гэр бүлгүй ч юм шиг салгалан амьдарч байх хойгуур мануусаас үнэтэй /дотор/ нөхдүүд бий болчихсон байна гээд бод доо. Магадгүй та намайг битгий худлаа шаа гэж хэлж болох юм. Тэгвэл та өөрөө барилгын аль нэг компанид ажилд орох гээд очоод үз  л дээ. Таныг цалингаа буухаар уугаад хоёр гурав хоног алга болчихно, эсвэл ажил дээрээсээ юм хулгайлаад зарчихна, за тэгээд цаашилбал өөдөөс цор цор гээд ажил хийхгүй гэх мэтчилэн шалтаг заагаад авахгүй дээ. Энэ бол гарцаагүй үнэн бид ийм л үнэлэмж хүндлэлтэй болчихсон хөөрхий амьтад даа. Гудамжаар гуйвж дайван биднийг салгалан явж байхад хаанахын хэн гэгч нөхөр монгол охид бүсгүйчүүлийг минь дагуулан наргиулж цэнгүүлж өврийг нь дулаацуулан зугаацаж, хэвлийд нь үрээ бүрэлдүүлж байгааг даанч тоохгүйгээс гадна, хөөрхий муу бүсгүйчүүлдээ янз бүрийн нэр хоч өгөөд л явах юм даа, бид чинь. Бүүр хамгийн гаслантай нь манай охид хүүхнүүд харь нөхрийн авч өгсөн ганц хоёр лонх юмыг нь хувааж уугаад хэзээ л бол хэзээ бэлхэн байх болж дээ. Юу тарина түүнийгээ хурааж авна гэсэн сургаал байдгийг эрх биш та сонсоо байлгүй дээ. Бид үр хүүхдүүдээ архидалт, завхайрал, өнчрөл хагацал, уй гашуу дундуур дагуулсаар нэлээдгүй олон жилийг ардаа орхиж дээ. Саяхны нэг ТВ мэдээгээр зургаагаас долоон насны хоёр хүү архи ууж эрүүлжүүлэгдсэн тухай нэвтрүүлэхэд бид бас л сэрхийж ухаараагүй, ухаарахыг ч хүсээгүй, тэр байтугай тэднийг өөгшүүлж, за май, эр хүн нэг татчих, өдий том болчихоод ууж үзээгүй юм уу, ах нь чиний насан дээр энэ тэр гээд л дэмийрч өгдөг шүү дээ. За за,  энэ бүх өнөөдрийн бодит байдлыг ингэсхийгээд зогсооё. Маргааш таныг шараа тайлах гээд гэртээ сэрэхэд чинь хэн нэг харийн нөхөр эхнэрийн тань өвөрт хэвтэж, хүүхэд тань таны хажууд тасарчихсаан унтаж байх вий дээ чөтгөр аваг.

Ц.Чинбат 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top