С.Амармандах: “Би Монгол хүн”

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 28

 Тусгаар тогтнолын баярын өдрийг угтаж  “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандахын бие даасан “Би монгол хүн” цомгийн нээлт  энэ сарын 25-нд  “I-loft function house”-д  болж тэнд цугласан хүмүүс  Монголоо гэсэн омгорхлыг тээж нэгэн үдшийг доргио өнгөрөөлөө.  Энэ үдэш “Хар сарнай” хамтлагийн ахлагч Амараагийн фенүүд, түүний найз нөхөд,   хамтарч ажилладаг байгууллагуудын төлөөлөл, урлаг соёлын томоохон одод  гээд  600 гаруй хүмүүс нэгэн дор цугласан байв. “Би монгол хүн” цомгийн нээлт  УДБЭЧ-ын уртын дуучин СТА Д.Оюунжаргалын  уянгалаг шуранхайгаар эхэлсэн бөгөөд С.С. Амараа тун удалгүй өөрийн цоглог дуугаараа  танхимд цугласан хүмүүсийн цөсийг хөөргөж амжлаа.  Бие даасан цомгийн нээлтэнд “Хар сарнай” хамтлагийн дуучин Б.Маадай, Ардын жүжигчин А.Долгор, Ш.Чимэдцэеэ, “Чингис хаан” хамтлагийн ахлагч, Гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан, УДБЭЧ-ын уртын дуучин СТА Д.Оюунжаргал, Харанга”-ын Лхагвасүрэн, “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн, “Хөсөгтөн”, “Эрх чөлөө”, “Бөртэ чонын үрс”, жүжигчин  Батсуурь хүүгийн хамт, Соёлын тэргүүний ажилтан, хөөмийч Н.Наранбадрах, уран нугараач Г.Нямгэрэл  зэрэг маш олон урлаг соёлын одод  оролцсон нь Зууны манлай, бүжиг дэглээч, Сэвжидийн Сүхбаатарын хүү Амармандахын зангаргийг аргагүй харуулж байв. Сүрлэг хөгжим, уртын дууны шуранхай, үндэсний бахархал болсон бөөгийн бүжгийн дараа Монголын нэрийн хуудас болсон “Жалам хар” бүжгийг С.С.Амараа бүжиглэв.  Гайхамшигт бүжгийн аялгуу эгшиглэж бүжиг эхлээд удаагүй байхад МУ-ын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч, бүжиг дэглээч Сэвжидийн Сүхбаатар гуай тайзнаа гарч ирлээ. Тун удалгүй Сүхбаатар гуайн бага хүү  бас тайзнаа гарч, аав хүү гурвуулаа “Жалам хар” бүжгийг хамтдаа бүжиглэсэн нь сэтгэл хөдөлгөм агшны нэг байв.

Үүднээсээ эхлээд монгол ахуйг мэдрүүлсэн репийн хаан зочдоо арааны шүлс асгарам хорхогоор дайллаа. Уг тоглолтонд “Хар сарнай” хамтлагийн дуучин Маадай ирж Амараатай хамтдаа “Хэдэн зуунаар”, “Бүтээнэ сөнөөнө” зэрэг  дуунуудаа  дуулсан нь тэнд байсан хүмүүст онцгой сэтгэгдэл төрүүлэв.

Ингээд “Би Монгол хүн” цомгийн нээлтэнд оролцсон хүмүүсийн сэтгэгдлийг хүргэе.

 

Ардын жүжигчин, уртын дуучин  Ш.Чимэдцэеэ:

- Аливаа уран бүтээл  үзэгчдэд хүрэхээсээ өмнө  олон давааг давдаг. Амараагийн  “Би Монгол хүн” цомог  нэлээн өндөр даваа давж,   Монголоо  гэсэн үнэрийг нэвт шингээсэн сайхан уран бүтээл болжээ.  Амараа залуу хүн. Цаашдаа энэ эрчээрээ Монголын омогшил болсон олон сайхан  уран бүтээл туурвиж байгаасай гэж хүсье.

 

Ардын жүжигчин  А.Долгор:

- Нээлт  сайхан болж байна. Амараагийн хувьд  өөрийн гэсэн өнгө аястай, өөрийн байр сууриа эзэлчихсэн уран бүтээлч .  Үнэхээр Монголынхоо төлөө цус нь буцалж явдаг, тэрийгээ уран бүтээлээрээ гоё илэрхийлж чаддаг.   Урлагийн хүмүүсийн хувьд шинэ уран бүтээл, шинэ цомог  гаргахад  маш их хүч хөдөлмөрийг зарцуулдаг.  Уг цомогт орсон “Нисэн дүүлээрэй” гэсэн гоё дуу бий. Үүн дээр хамтарч дуулж байгаадаа баяртай байна. Би залуучуудыг уран бүтээлийн хувьд дэмжих дуртай. Монгол эх орноо  гэсэн гоё уур амьсгалтай. “Би монгол хүн” цомгийн нээлт өвөрмөц сайхан болж байна.

 

“ Чингис хаан” хамтлагийн ахлагч, МУГЖ  Д.Жаргалсайхан:

- “Хар Сарнай”-гийн Амараагийн хувьд  жинхэнэ монгол сэтгэлгээ, монгол ахуй дотор өсч, хүмүүжсэн мөртөө орчин үеийн хэмнэлийг өөрийнхөө амьдрал болгосон  уран бүтээлч. Ийм залуучууд бид нарын ард байгаа гэж бодохоор бидний үеийнхэн  санаа амар байж чаддаг. Үнэхээр сайхан байна. Миний хувьд “Хар сарнай” хамтлагийн анхны тоглолтоос өгсүүлээд өнгөрсөн хорин жилийн хугацаанд Амарааг   яаж бужигнуулж явсныг мэднэ. Надаар зогсохгүй Монголын ард түмэн мэднэ. Үнэхээр хэлэх үгтэй, хийсэн ажилтай залуусын нэг бол яах аргагүй Амараа.  Дүүгээрээ  бахархаж байна.  Ер нь Монголчууд бид бие биенээрээ, залуучуудаараа бахархах ёстой. Заавал гадны юмыг харж шүтэж байх албагүй. Тийм болохоор сэтгэл их өндөр байна. Цаашдаа олон залуучууд Амараагийн замаар, бидний замаар замнах нь ойлгомжтой. Монгол гэдэг тусгаар тогтнолтой улс байсан цагт урлаг,  хөгжим, залуучуудын  үзэл бодол  үргэлжид ялан дийлж амьдрах нь ойлгомжтой. Амжилт хүсье.

 

Хадбаатар аваргын хүү Даваажав:

-Өнөөдөр миний хувьд  ээжтэйгээ  эсвэл аавтайгаа уулзаад ирсэн юм шиг  тийм сэтгэгдэлтэй байна. Яагаад гэхээр цомгийн нээлтээс өгсүүлээд огшсон.    Чимэдцэеэ эгчийн дуулсан уртын дуу  ээжийг минь,  Наранбадрахын хөөмий нутгийг минь санагдуулж байна. Би өнөөдөр Монгол гэдэг зургаан үсэг, монгол хүний,  тэр тусмаа  сайхан аваргын хүү болж төрсөндөө бахархаж омогшиж сууна даа. Сэвжид гуай, Сүхбаатар гуай, Амараа, Амараагийн дүү ...  удам угсаа гэж ийм сайхан байдаг юм байна. Миний хувьд ч аавынхаа удам угсааг ийм сайхан авч явах ёстой гэдгээ улам их ухаарлаа. Монгол хүн болж төрсөндөө  бахархаж сууна.

 

 СТА  дуучин Т. Дэлгэрмөрөн:

-Монголын эстрад урлаг үүсэн байгуулагдаад 40 жилийн нүүрийг үзэж байгаа. Энэ дөчин жилийн хугацаанд “Хар сарнай” хамтлаг хорин жилийн түүхийг нь хуваалцсан.  Энэ хугацаанд  Монголын үндэс, Монголын соёл урлаг ямар вэ гэдгийг дэлхийд таниулсан үндэсний хамтлаг юм. Амармандахын хувьд Монголын үндэсний баяр наадмыг гурван удаа нээсэн, үе дамжсан жинхэнэ эр хүн. Тийм ч учраас “Би монгол хүн” гэж маш том нэрийг өөрийнхөө уран бүтээлд шингээж, Монголын залуучууд ямар байх ёстой вэ, дэлхий дээр амьдарч байгаа хүн төрөлхтөнөөс юугаараа ялгаатай вэ гэсэн язгуурыг  гаргаж өгч байгаа нь үнэн гоё чанар юм. Тийм учраас ахдаа хайртай, өнөөдрийн СD-ний нээлт маш гоё болж байна. Эрхэм сонсогч  та “Би монгол хүн” гэсэн СD-г худалдаж авч сонсоорой. Бид бүгдээрээ Монголоороо омогшъё, хамтдаа байя, атгасан гар шиг олуулаа сайхан амьдаръя.

-Таны хувьд “Би Монгол  хүн” гэж  бодохоор юугаар хамгийн их омогшиж явдаг вэ?

-Үүх түүхээрээ, хэл соёлоороо, Монгол хүнээр омогшино. Дэлхий бөмбөрцөг дээр амьдарч байгаа долоон тэрбум хүнээс Монголчууд өнөөдөр хоёр сая найм зуухан мянгуулаа  байж дэлгэсэн тэрлэг шиг нутгийнхаа газар шороон дээр эрх чөлөөтэй амьдарч байна.  Монгол хүн хятадаар ч  хараадаг, оросоор  ч хараадаг. Тийм учраас би газар шороогоороо бахархдаг, Монгол хүнээр бахархдаг  ийм л эр хүн дээ.

 

Уран нугараач  Г.Нямгэрэл:

-Амараа ахын CD-ний баяр гоё болж байна. Үнэхээр сайхан. Үзэж байгаа хүмүүс үнэн доргио,  халуун дотно хүлээж авч байгаа нь илт мэдрэгдэж байна. “ Би Монгол хүн” цомгийн нээлтэнд оролцож энэ оройг Монголоороо омогшиж өнгөрүүлж байгаа маань их таалагдаж байна. Миний хувьд  гадны орнуудад  тоглолтоор явж байхдаа   Монгол улсаараа,  бас уран нугаралтаараа илүү бахархдаг.

 

МУ-ын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч, бүжиг дэглээч Сэвжидийн Сүхбаатар:

 

- Танд баяр хүргэе. Өнөөдөр таны хүүгийн “Би монгол хүн” цомгийн нээлт болж байна. Сэтгэгдлээ хуваалцахгүй юу?  

-Хүн болохын өмнө аав гэдэг хүн байдаг юм байна.  Аав ээжтэй нь танилцаж тэд хамтдаа амьдрахын төлөө зүтгэдэг юм байна. Үүнээс Монгол улс гэдгийн нэгэн удам төрдөгийг тэд мэддэггүй юм байна.  Энэ жил  Монгол улсын дөрвөн их баяр давхцсан жил.  Чухам ийм онцгой жил  миний анхны жижигхэн хөвгүүн “Би монгол хүн” гэж хэлж чаддаг болжээ. Ингэж хэлж чаддаг хүүхдийн хүмүүжлийг би өгөөгүй юм байна. Монгол удмын их хаадын, их жанждын түүх өгсөн юм байна. Би үүнд баярлалаа.

Намайг төр засаг хатуу хүмүүжүүлсэн. Би хүүхдээ хатуу хүмүүжүүлсэн. Хатуу гэдэг үг ган хатуу төмөр шиг байж, гал халуун цустайдаа омгорхож  амьдарч чаддаг Монголын удмыг төрүүлдэг юм байна гэдгийг мэдлээ.

 

Г.Оюун

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top