Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойгоор эрдэм судлал, оюуны бүтээлийг дэмжин ажиллалаа

Автор | Zindaa.mn
2011 оны 12 сарын 28

Одоогоос яг нэг жилийн өмнө буюу 2010 оны 12 сарын 29-ний өдөр Богд хааны ордон музейд “1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал хийж энэхүү түүхт ойг тэмдэглэх ажлын нээлтийг хийж байлаа. Тэгвэл өнөөдөр бүтэн жилд хийсэн ажлаа тайлагнах хурлыг Үндэсний түүхийн музейд зохион байгууллаа.

 

Монгол Улсын Шадар сайд, Үндэсний хорооны дарга М.Энхболд энэхүү тайлангийн хурлыг нээж үг хэлэхдээ “Өнөөдөр та бид Монгол төрийн тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан түүхт 100 жилийнхээ ойг ёслол төгөлдөр тэмдэглэн хүндэтгэл үзүүлж байна. Одоогоос 100 жилийн тэртээ бидний өвөг дээдэс шашин үндэс, язгуур угсаа, газар нутгаа харь улсаас чөлөөлж, дэлхий нийтэд өөрийн тусгаар тогтнолоо зарлан тунхаглаж, төрт ёсны уламжлалаа сэргээж, эрх чөлөөгөө олж авсан билээ гээд энэ түүхт ойг Монгол Улсын Засгийн газраас байгуулсан Үндэсний хороо 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг баяр ёслолын гэхээсээ илүү тухайн үеийн түүхэн бодит байдлыг олон нийтэд дэлгэрэнгүй суртчилан таниулах, түүхийг шинэлэг байдлаар авч үзэх, үлдэцтэй оюуны бүтээл туурвихыг дэмжих, гадаад дахь монгол судлалыг өргөжүүлэх, түүхийн өргөн үе, олон сэдвийг хамарсан эрдэм шинжилгээний хурал, симпозиум зохион байгуулах, түүхт газруудаар залуу эрдэмтэд, түүх сонирхогчдыг аялуулах, архив, музейн сан хөмрөгт буй ховор түүхэн баримтыг дэлгэн үзүүлэх, дурсгалын марк бүтээх олон талд арга хэмжээнүүдийг зохион байгууллаа” гэж онцоллоо.

 

Тэрбээр мөн ой тэмдэглэх хүрээнд төлөвлөсөн ажилд Монголын төрийн болон төрийн бус олон байгууллагын ажилтан албан хаагчид чин сэтгэлээсээ хандаж, идэвх зүтгэл гаргаж өмнөө тавьсан зорилгоо нэгэнтээ биелүүлж чадсаныг тэмдэглээд талархсанаа илэрхийлээд энэ удаагийн түүхэн тэмдэглэлт ой бол сургамж ухаарал, түүхээ үнэн зөвөөр нэхэн сэргээх боломж хэмээн үзэж, эрдэм судлал, оюуны бүтээлийг илтэд дэмжин ажилласан гэдгийг хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top