Эргүүлэг /өгүүллэг/

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 05

 

Борооны түрүүчээс амжиж ажил руугаа орох гээд гүйж явтал саяхан манайд нягтлангаар орсон шинэ охин залуу юм гэсэндээ өмнүүр гүйж ороод хаалгаараа арай л хамар хавччихсангүй. Хаалга нээгээд хүлээж байхгүй юмаа гэхэд хаачихгүй байж болоогүй юм байх даа гэсэн шүү юм санавч өрөөндөө орж амжсандаа бага зэрэг тайвширсан намайг

 

-Ёох, эгээтэй л бороонд цохиулчихсангүй гээд үс гэзгээ сэгсрэхэд манайхан хариу дуугарсангүй. Намайг олигтойхон норгож амжаагүйдээ азарган бороо цонхон цаанаас нижигнүүлэн балбана. Борооны хэдэн том дусал миний нимгэн цагаан цамцны минь энд тэнд цоохортуулан норгож нэвтэрсэн тул биеийн зарим хэсэг гэрэлтэж үсэн дээр туссан хэдэн дусал үсийг маань үл ялиг долгионтуулсан нь намайг улам аятайхан харагдуулж байгааг би мэдэж байлаа. Тиймээс сандлын түшлэг дээр үргэлж дохоотой байдаг ноосон цамцаа шүүрэн авч өмсөхийг урьтал болгосонгүй. Тэгтэл Цэрэн ах түрүүлж

 

-Хувьтай хүн хурнаар гэж үнэн юм даа. Манай Доогий бороо дагуулсаар ирлээ гэж нэлээн нялуун өнгөөр хэллээ. Түүний дууны өнгөнд бас харцанд би бас дургүй. Яг  л барьж аваад идчих гэж байгаа юм шиг тэр шунамгай харцыг удаан харахын аргагүй. Толгойгоороо халзарч яваа хижээл насны энэ ах анхандаа их л намбалаг аятайхан хүн шиг санагддаг байсан сүүлдээ нэг л бишээ.

 

Гэтэл булангийн ширээнд суудаг гурван хүүхний нэг Булган

-Хн! Ойрд энэ усан бороо үнэхээр залхааж байна. Өдөр бүр шавшаад уйтгартай гэдэг нь гэж шилбэлзэх нь юу гэж хариулахаа мэдэхгүй байсан надад тус болох шиг. Цэрэн ах халааснаасаа алчуур гарган сарвайлаа. Санаа зовсондоо надад салфетка байгаа гэж хэрэндээ хэлсэн боловч огт сонссон шинжгүйгээр чи авах ёстой гэсэн аятай ширээн дээр тавьчихаад эргээд суучихлаа. Миний дотор арзасхийсэн боловч юу ч хэлж чадсангүй. Түүний эзэрхий гэмээр энэ авир өөриймсүү гэхээсээ илүү Долгормаа аль хэдийн минийх болсон гэж бусдад харуулах гэсэн мэт санагддаг тул би үнэн голоосоо дургүй ч гэлээ яаж ч чаддаггүй.

 

Үүд сэвхийн онгойж усан хулгана болтлоо норсон Боргил орж ирлээ. Цамц, өмд, үс үгүй ер нь түүнд хуурай юм алга. Бас тэгээд инээмэр аядчихаж. Цэрэн ах

-Дүү хүү ч бүр шалбийтлаа нороод, осгож үхэх нь шив. Эр хүн болох ч болоогүй байна даа гэж ирээд л тавлав. Миний дотор нэг юм зарсхийж эгээтэй л амаар гарчихсангүй бас ухасхийн босож нөгөө цамцаа түүнд нөмөргөн Цэрэнгийн өгсөн алчуурыг гарт нь атгуулан

-Алив яваад цамцаа тайлаад энийг өмс. Аягүй бол салхи савир авчихна гэж ээж нь ч юм шиг, эгч нь ч юм шиг хэлчихээд бас санаа зовлоо. Адтайгаараа Булган анзаарав бололтой харцандаа үл мэдэг шооч гэрэл анивалзуулав. Би өөрийн жолоогүй мэт энэ үйлдэлдээ ичмэглэж үсээ өөрийн биш гараар илж байгаа юм шиг эв хавгүйхэн илмэр аядаад ширээндээ суулаа. Өрөөнд нэг хэсэг чимээгүй ноёлох нь тэр гагцхүү булган тэргүүтэй гурван хүүхний товчлуурыг учир зүггүй балбах дуу сонсогдоно.

 

Тэд гэв гэнэтхэн ажлаа хийгээд эхлэв гэж зүгээр л хоорондоо мессенжерээр шивнэлдэж байгаа нь тэр. Би сая Боргил руу өөрийн эрхгүй ухасхийж эднийг ярих яриатай болгочихлоо. Бид хоёрын явдлыг эд гадарлахаар барахгүй мэдэж байгаа. За тэгээд өөрт дийлдэхгүй байгаа энэ сэтгэл зүрхийг ер нь яалтай билээ. Хүний сэтгэл гэдэг жолоогүй гэж хэн нэгэн хэзээ хэлчихсэн юм болоо. Зүв зүгээр ажлаа хийгээд нөхрөө хайрлаж, үрээ энхрийлээд явсан намайг өдөр шөнийн алинд ч гэлээ бодолд оруулан манаруулж орхидог золигийн залуу бол доо чи. Залуу ч гэж дээ хүүхэд гэмээр ч юмуу бодохоор эгдүүтэй гэдэг нь. Анх инженер гээд орж ирэхэд яагаад ч дахин дахин хармаар санагдаад байж билээ. Яаж ч бодсон миний нөхрөөс илүү гарахгүй л дээ, гэтэл юунд нь тэгтлээ сэтгэл алдарсан юм бол. Магадгүй түүний инээмсэглэлд юм болов уу. Яг түрүүний шалба нороод орж ирсэн шигээ инээмсэглэж байсан байх.

 

Түүнээс хойш энэ хагас жилийн дотор их юм болоод өнгөрчээ. Худалч хүнд би бараг өөрөө гүйж яваад өвөрт нь орчихов. Гэхдээ ямартай ч гэсэн хүссэндээ хүрэх сайхан л юм билээ. Залуу хүүхэд шахуу юм болохоороо өөрөө жаргахаа урьтал болгодог ч гэлээ түүнтэй хамт байж, түүний гэнэн гэмээр яриаг чагнан тэвэрч хэвтэх сайхан байдаг юм билээ. Гэлээ гээд тийм сайхан нөхрөөсөө салж ийм юм мэдэхгүй хүүтэй хань ижил болно гэж юу байхав. Гэхдээ сэтгэл гэдэг жолоогүй юм даа хэмээн бодолд дарагдан суутал хажууд миний цэцгэн хээтэй аягыг хэн нэгэн чимээ гарган тавив. Гайхаад хартал ус уумаар байсныг мэдсэн юм шиг Цэрэн ах надад халуун ус авчирсан байлаа. Уг нь Боргил аваад ирсэн бол ямар их баярлах байснаа төсөөлсөнгүй. Өнөө гурав маань яаж энэ мөчийг алдахав гэж дахиад л тачигнуулж гарав. Зүгээр ч үгүй жиг жуг хийн хоорондоо инээлдэхийг яанаа. Миний яс хавталзсаар, харин Цэрэн ах мэддэг эсэх нь тодорхойгүй. Аягүй бол мэдэхийн дээдээр мэдэж, үүгээрээ сэтгэл нь дүүрдэг байж мэдэх юм. Энэ хэдэд ёстой нэг зугаатай сэдэв болж байна, хүний мууд дуртай гэдэг нь гэж санаад өчигдрийн орхисон ажлаа явуулах санаатай хавтсаа авах гэтэл ямар нэгэн нүд намайг ширтэж байгааг би мэдрээдэхлээ. Мэдээж нөгөө Цэрэн. Би түүн рүү харахгүй байгаа ч гэсэн мэдэж байлаа. Энэ усыг нь уухаас даа тэгэхгүй бол ингээд гөлрөөд салдаггүй үнэхээр төвөгтэй хааяа цочмоор шүү гэж санаад би усыг оочлоод буцааж тавих зуураа өнөөх цоргисон нүд алга болсныг ажаад санаа амрах шиг болов.

 

Энэ хүн үнэхээр сонин хүн юмаа. Гөлөн гөлөн ширтээд л яаж ийж байгаад тал засчих гээд л эв таарвал бүр гар хөл барьчих гээд бас үе үе анхаарал халамж үзүүлчихнээ болоогүй. Ухаандаа надад их сайн юм шиг байгаа юм. Өдий насны хүн ингээд байх нь сонин ч юм шиг, муухай ч юм шиг. Ядаж байхад өрөөний хүүхнүүдийн жиг жуг ядаргаатай. Эртээр Булган гэж аманцар юм Цэрэн ахын мөрөөдлийн охин гэж ирээд л ёстой нэг бах тав нь ханасан маягтай арзайтал шоолж гэнэ. Зэвүүн амьтан шүү. Булган ч яахав, боломж гарвал ангалзаж байдаг амьтан. Харин энэ Цэрэн ахыг яая даа, яаж ч болдоггүй хүн гэж энэ байна даа. Та битгий ингэж бай л даа гээд хэлчихвэл өөрийгөө их юманд бодлоо энээ тэрээ гэвэл одоо хаашаа харж үхнээ. Тэгээд тэгэхгүй гэхээр өөрт ч төвөгтэй, надад ч зовлонтой юм гэж элдвийг бодсоор сая нэг юм асаах гэтэл асдаггүй. Залгуур юмыг нь үзвэл миний мэдлээс гарсан нь ойлгомжтой. Боргилыг дуудахаас. Түүний нэрийг санахаар хүнд бодлуудаас ангижирч хөл хөнгөрөх шиг. Бас хэл амны бай болох вий гэхдээ нэг их хөл хөөрцөг бололгүй гарлаа. Өнгөрсөн хагас жилийн хугацаанд ингэж анхаарал болгоомжтой байснаа санасангүй. Гэхдээ би түүнийг харна гэхээс яарч байна. Магадгүй ойрд түүнтэй учраагүй болохоор хүсэхийн дээдээр хүсч байсан байж болох юм.

 

Хүссэн үедээ уулзаад байж чаддаггүй нууц амрагуудын сайхан оршдог байж болох юм. Тэгээд ч дарсыг дарах тусам улам амт ордог гэдэг шиг учралыг хясах тусам надад сайхан юм шиг санагддаг шүү гэсэн аальгүйхэн бодолд өлгөгдсөөр өрөөнөөс гарлаа. Боргилын өрөөгөөр шагайвал тэр байсангүй. Өрөөнийх нь залуу над руу ч харалгүйгээр хуруугаараа дээш заахын бодоход дээд давхарт гарсан бололтой. Угаасаа энэ байгууллагын бүх техник жигд ажиллана гэж байхгүй. Заавал хэн нэг нь дуудаж байдаг хойно доо гэсэн шүү юм санан дээд давхрын хонгилд гараад иртэл Боргил өнөө өглөөхөн намайг дайрчих шахсан охины гарыг атгачихсан зогсож байх нь тэр. Бас болоогүй миний ноосон цамцыг бэлхүүсээрээ уячихаж. Би хурдхан шиг хаалганы цаагуур орлоо. Нөгөө охин

-Нойтон цамцаа солиочээ.

-Юугаараа солихов дээ.

-Наад ноосон цамцаа өмсөхгүй юу.

-Аан, энэ үү? Доод давхрын нэг эгч өгсөн юм. Сунгачихвал хар төвөг. Тэгээд ч одоо бараг хатаж байна дөө.

-Бас цамц өгдөг эгчтэй, айн?

-Компьютерээ засуулах гээд тэгсийн байгаа биз дээ гэж тунирхахад

-За за тоглосон юм, угаасаа чи чинь халуухан цустай юм чинь дор нь хатаах байлгүй дээ, тэ. Найз нь орлоо. Нөгөө ахлах чинь шилбэлзээд унана гээд оров бололтой хаалга хаагдах сонсогдов. Би ч хэрээрээ хурдан доошлов. Хүний яриа санаандгүй чагнах чинь яасан ч эвгүй байдаг юм. Тэгээд өөрийнхөө тухай ийм яриа сонсоно гэж зүүдлэж ч явсан биш.

-Өө, яасан Доогий гэх Боргилын дуу ард сонсогдтол явлаа. Би байдгаараа биеэ барьж

-Аан, чи энд байсан юм уу? Миний компьютер асдаггүй ээ гэж арай ядан хэлээд хурдхан шиг өрөө лүүгээ чиглэлээ. Зүгээр үедсэн бол халуухан гараас нь атгах л байсан байх. Харин энэ удаа юун тэр гар мар. Түүний гайхах мэт хоёр гараа алдлан мөрөө хавчих дүрсийг хаалганы шилэнд туссан сүүдрээс хараад дотроос хамаг юм ураад хаячих шиг болов. Өрөөндөө нэлээд ширүүхэн орсон юм байлгүй, тэд огцомхон над руу харахад биеэ барилаа. Төдөлгүй Боргил орж ирээд миний дэргэд ирж

-Яасан? гэж асуув. Тэр намайг аргадах гэсэн аяс дүүрэн нүдээр ширтэнэ.

-Мэдэхгүй ээ, асахгүй байна гэж би ширүүхэн хариуллаа.

-Яасан юм бол доо? Алив үзье гээд доош тонгойх зуураа миний гуянд хүрлээ. Хамаг бие зарсхийн уурлаж байсан уур хаашаа юм ч алга болчихов. Тэр ширээн доор байдаг процессорын араар нэгэн юм үзэж байснаа

-Ягаан гэж амандаа шивнэн над руу сэрэл тачаалын од бадарсан харцаар над руу харах нь тэр. Би энэ харцыг харах тоолондоо мэдрэлээ алддаг гэхэд болно. Өөрийн мэдэлгүй хоёр гуяа татвас хйилгэн хавчив. Тэр өнөө өглөөхөн өмссөн миний ягаан дотоожийг харсан  хэрэг байж. Удсан ч үгүй компьютер асаж бидний романтик аялгуу дуусахаас өөр аргагүй болов. Боргил гарч хаалга хаагдасны дараа түүнийг хаана яваа бол гэхээс миний уур дахиад л бадарч эхэллээ.

“Би яасан тэнэг юм бэ? Дөнгөж сая намайг хөнгөхөөн хуурч мангартуулж байгаад гарчихлаа ш дээ. Одоо бодвол нөгөө охиндоо намайг яасан тухайгаа ярьж шоолж байгаа биз. Ёстой нээрээ... за тайвшир, тайвшир гэж аль болох биеэ барихыг хичээж

“Түүнийг хардах эрх надад байхгүй. Намайг бодвол залуухан царайлаг охин байна лээ. Тэгээд ч надад юм бүхэн байна. Би хайртай л юм бол түүнд саад болох учиргүй...” гэж бодтол дотоод сэтгэлийн хаа нэгтэйгээс хахир хүйтэн дуугаар

“Үгүй ээ, үгүй. Энэ нэг л болохгүй байна. Шал худлаа өөрийгөө ингэж хуураад байхдаа яахав дээ. Юу гэнэ вэ? Доод давхрын эгч компьютерээ засуулах гэхдээ өгсөн гэв үү? Тийм ээ, тийм би хөгшин нь үнэн. Нэртэйгээр нь бүр нэг муу эмгэн өгсөн гээд хэлчихгүй яагаав”. Одоо л нэг болж байх шиг. Бодол хурцдах тусам гараад гүйчихмээр боловч ямар жаахан охин биш дээ гэсэн бодлоор өөрийгөө хорьж байлаа. Ашгүй дэлгэцэн дээр хүүгийн минь инээж байгаа зураг урсаж багтарч үхэх гэж байсан бодлоос түр ч атугай зайлууллаа. “Ингэхэд би одоо юу болж байна аа? Үр хүүхэд, хань ижилтэй хүн шүү дээ, би чинь” хэмээн бодож суутал Цэрэн ах миний хажууд ирж

-Ягаан гэж жоготой нь аргагүй хэлэв. Энэ үгийг сонсоод мэл гайхаж, цэл хөхрөнө  гэдэг болов. “Очиж очиж энэ миний салтаан доогуур өнгийсөн байна гэж баймааргүй юм даа” гэж бодсон хэдий ч би өөрөө тийм ч итгэлтэй биш байлаа. Учир нь би яах аргагүй ягаан дотоожтой юм чинь.

-Юу уу? Та юу гэв ээ? Юун ягаан? гэж намайг ээрч мууран байж асуухад тэрээр

-Ягаан... Чиний уруулын өнгө ягаан гэдэг байгаа. Бүр уур ч хүрэх шиг. Уурласандаа авчирч өгсөн усыг нь нүүр лүү нь цацчихмаар санагдсан ч бас л биеэ барив. Үгүй тэгээд бодоод байсан чинь гэнэтхэн инээд хүрээд явчихав. Ягаан байхдаа яахав дээ. Боргилын хэлснийг энэ бас хэдийдээ сонсчихдог байна. Би бүр тэсэхээ байхдаа амаа даран жуумагнаж байснаа эгээтэй л тас тасхийтэл инээсэнгүй. Гэтэл Цэрэн ах намайг инээлгэж чадсандаа урамшсан бололтой ихэд додигор царайлан над руу жоготой гэгч харж, дахин

-Ягаан гэдэг байгаа. Надад бүр хэлэх ч үг олдсонгүй. Ямар тэнэгтээд бай гэлтэй нь биш. Өнөөдөр ямар гээчийн өдөр вэ? Аягүй бол би ингэж ингэж нэг уйлах байхаа...

Үдийн цайны цаг болсон юм идэх дур хүрсэнгүй. Шууд ажлаа хаяад гэртээ харьчихаж бас чадсангүй. Тэгтэл үдээс хойш энэ хагас сайнд салхинд гарна гэсэн яриа өрөө өрөөгөөр нисэж эхлэв. Яагаад ч юм надад энэ зугаалгаар Боргилтой учир зүйгээ олъё гэсэн бодол харвав. Хагас сайн хүртэл цаг хугацаа яаж өнгөрснийг анзаарсангүй. Ямартай ч гэсэн байж л байсан байх. Ухаан санаанаас минь Боргил гардаггүй. Босон суун бодогдох нь нэгэн бодлын төвөгтэй. Яг үнэндээ түүнийг хардаад байгаагаа мэдэрч байлаа. Хагас сайн арайхийж нэг юм боллоо. Одоо л түүнтэй ярих цаг гэж бодсоор ирлээ. Чухам юугаа ярих гэж буйгаа ойлгосонгүй. Бид ямар гэр бүл, тэгээд салах гэж байгаа биш. Боргилыг тэр охиноосоо боль гэх эрх надад байх биш. Гэлээ ч гэсэн миний дотор тийм бодол эргэлдсээр байлаа. Хүмүүс цугласаар, би түүнийг харцаараа хайж хүлээсээр... Ирэхгүй болохоор нь автобусандаа суухаас дургүй хүрнэ. Цэрэн ах жижиг цонхоор толгойгоо цухуйлган

-Доогий! Чи орохгүй юм уу? Одоо бараг суудалгүй болох нь байна шүү. Би чамд сандал авчихлаа. Одоо юу юугүй хөдлөх нь гэж хавийн амьтанд дуулдахаар хашгирав. Миний дургүй хүрсэн гэж яав аа.

“Та яасан ядаргаатай юм бэ? Хэн таныг надад сандал ав гэсийм, таны халамж надад хэрэггүй. Битгий хүнд гай болоод бай”. Энэ бол миний түүнд ямагт хэлэхсэн гэж боддог үг. Гэвч би хэзээ ч хэлж байгаагүй юм. Тэгтэл тэртээ байшингийн булангаас Боргил нөгөө охиноо хөтөлсөөр гүйж ирээд надтай

-Сайн уу, Доогий эгч ээ? гэж мэндэлчихээд гүйгээд орчихлоо. Бас нөгөө инээдгээрээ инээчихэж. Энэ инээд ямар муухай болохыг би анх удаа анзаарав. Надад хэлэх үг байтугай босож суух орон зай ч байхгүй мэт болов. Хэрвээ намайг зуун хувь ойлгодог хүн байсан бол жигтэйхэн их өрөвдөх эсвэл бах таваа ханатал шоолох байсан байх. Би ямар хөгийн байдалд орж байгаагаа ойлгох тусам дотор харанхуйлна. Тэглээ гээд ямар цүнхээ үүрээд яваад өгөлтэй биш.

-Залуусаа хөдөллөө шүү жолоочийн дуугаар би автобусанд дуртай дургүй орлоо. Нээрээ л бүх суудал дүүрчихэж. Боргил нөгөө охин хоёрт суудал хүрээгүй тул автобусны голд зогсоно. Цэрэн ах хажуудаа нэг суудал авчихсан намайг даллах аж. Нүднийхээ булангаар Боргилыг харсан авч нөгөө охиныхоо чихэнд нэг юм шивнэн инээлдэнэ. Тэр намайг харахгүйг хичээж байгааг би мэдэж байлаа. Нэг үеэ бодвол нэг нэгнийхээ аягийг ойлгохтойгоо болчихож дээ. Би шуудхан яваад Цэрэн ахын хажууд суулаа. Боргилыг хараг ч гэж бодсон байж магадгүй. Ингэж дуртай дургүйгийн хоёр туйл зэрэгцэн суух зам хороох болов. Цэрэн ах биш өөр залуу байсан бол бүр налчих юмсан. Би ч гэсэн хөөрхөн аяглаад байж чадна шүү дээ.

Автобус хөдөлж донсолгоонд зогсож яваа хүмүүс, тэр дундаа нөгөө хоёр бие биенээ түших нэрээр тэврэлдэн инээлдэх нь харин ч бүр жаргалтай байгаа бололтой. Тэд нүднээ ил харагдах нь надад бүр зовлонтой. “Би ямар элийгээ энд яваа юм бол” гэж бодохоор нулимс бүрэлзэн хий дэмий доош харна. Хүмүүс хэдийдээ ч юм халцгаачихаж. Тэдэн дунд Цэрэн ах шиг жаргалтай яваа амьтан алга. Яг л санасан бүхнээ атгасан хүн шиг л харагдана. Бодвол надтай цуг яваадаа л хөөрцөглөж байгаа бололтой. Түүнээс нэг тийм ахмад тэгсэн атлаа эр хүний үнэр үнэртэнэ. Би ер нь түүнтэй ийм ойрхон байснаа санахгүй байна. Хаанаас ч юм надад аягатай архи хүрээд ирлээ.

-Аян замд хээ юу байхав, татчих гэж Цэрэн ах хэлж байна. Яагаад ч энэ удаа түүний үгэнд дургүйлхсэнгүй ууж орхилоо. Гашуун ч гэж учир алга. Хурдхан шиг ус алга балгав. Хүмүүс дуулсаар. Надад “Би ер нь яасан гэж урвайж хүнд муугаа үзүүлж явах ёстой юм бэ” гэсэн бодол төрж байна. Гэлээ гэхдээ хахаж цацталаа инээж наргиад байж чадсангүй.

Явсаар хүрэх газартаа ирлээ. Уг нь уултай, устай, модтой байгалийн үзэсгэлэнтэй газар юмсанж. Даанч Боргил тэр охинтойгоо эрхлэлдэхийг харах тусам би улам бүр ганцаардаж, хүмүүсийн баярлалдан хөөрч бужигнах нь надад ямар нэгэн битүү юманд байгаа юм шиг мэдрэмж төрүүлнэ. Би ганцаараа баймаар, магадгүй уйлмаар санагдаад болсонгүй. Хэний ч юм атгуулсан ганц пивийг бариад хажуугийн модот уул өөд авирлаа. Дулаахан л юм шиг байсан чинь уулын оройгоор сэнгэнэсэн хүйтэн салхитай аж. Бүр жихүүцэх янзтай. Гэлээ гээд ямар буцалтай биш. Хүнээс далдхан газар ганцаараа баймаар хүсэлдээ хөтлөгдөн цааш жаахан яваад хоёр өвдгөө тэврэн суулаа. Бодвол цэцэгс найгаж, эрвээхэй нисэж шувууд жиргэж байсан байх. Гэвч энэ бүгд надад огт хамаагүй мэт. Ядаж байхад мөр нүцгэн хувцастай тул улам их чичрүүдэс хүрнэ. Замд уусан хоёр гурван хундага архи хий дэмий л тархи манаруулж байхаас биш дулаацуулсангүй. Ямар ч утга учиргүй барьсан пивоноосоо ганц нэг балгав. Түүний минь харцыг татаж чадсан охинд би ямар уурлалтай биш. Үнэндээ бол түүнд атаархаж үхэх гэж байгаагаа мэдэрсээр байлаа. Яаж ч болдоггүй юм хорвоод байх л юм даа.

“Тэр хоёр муудчихаасай. Тэгвэл би хэнээс ч айж ичилгүйгээр Боргилыгоо тэврээд аргадахсан. Бүр энхрийлж үнссэн ч яахав” гэсэн хүүхдийн гэмээр гэнэн хэзээ ч биелэхгүй тийм мөрөөдөлд автан суув. Ер нь шалтаг гарвал уйлах нь ээ дээ янз нь. Бие даарч чичрүүдэс хүрч хамаг арьс бэржийчихэж. Хий дэмий л өвдгөө улам чанга тэвэрлээ.

“Боргил оо, чи ямар өөдгүй юм бэ? Ядаж энэ хайр сэтгэлээ миний нүднээс далдхан байлгаж болоогүй гэж үү дээ. Би бас эмэгтэй хүн шүү дээ. Чамд сэтгэл зүрх гэж алга уу” гэж гаднаа биш дотроо л би гиншин уйлж, хайлан урсаж байлаа.

Гэтэл гэнэтхэн хэн нэг нь надад цамц нөмөргөв. Цочин хартал Цэрэн ах

-Уйтгарлаад яахав дээ. Чи бүр даарчихлаа гээд гараа миний мөрөн дээгүүр давуулан суулаа. Түүний хоолойны энхрийд биш зүгээр л хажуу тийшээ унаж байсан юм шиг түүний цээжинд нүүрээ наан мэгшиж гарлаа. Түүний цамцнаас өнөө ахмад эр хүний үнэр үнэртэнэ. За, битгий уйл л даа, тайвшир энээ тэрээ гэх болов уу гэсэн тэгсэнгүй харин ч бүр

-Уйл, уйл. Сайн уйлаад ав, дотор чинь онгойж мэднэ гэж хачин энгүүн хэлэхэд нь би өөрийн эрхгүй цээжинд  нь улам бүр шигдлээ. Тэр палигар том гараараа миний нулимсыг арчин эхлээд духан дээр дараа нь нүдэн дээр хацар дээр үнсэж байлаа. Харин би хүүхэд шиг эхэр татан уйлна. Нэг мэдсэн чинь би хамаг биеэрээ хярсан туулай адил хумигдан түүний бахим тэврэлтэнд чанга гэгч нь тэврүүлсэн байв. Яг юу болоод байгааг сэхээрэх сөхөө байсангүй. Одоо бүр уруул ам, хүзүү хоолой, хэнхдэг цээж гээд дуртай газраа үнсэж яг юу болоод байгааг ухаарах тэр мөчид бүх зүйл хожимдсон байв. Тэр ч бүү хэл надад аятайхан санагдсан байж  ч болох юм. Хамаг яс заадлаараа салж янгинан үйрч байх шиг байдаг чадлаараа тэнчээлэн тийрч чарламаар байвч надтай урьд өмнө хэзээ ч таарч байгаагүй эзэрхийлэн түрэмгийлэх эрч хүчтэй тэр ширүүн авир янаглалын доор би чимээгүйхэн гиншихээс өөрийг хийж чадахаасаа нэгэнт өнгөрсөн байлаа. Тархи руу ч юмуу зүрх руу юмуу нэгэн хачин ад зэтгэрийн урсгал харваж тэр чигээрээ тэсрэх нь үү дээ гэлтэй болсноо гэнэтхэн юуг ч юм алдаад асгачих болж хамаг бие сулбайн суларлаа. Орчин тойронд чив чимээгүй ноёлно. Энэ бүгд хэдий тааламжтай ч гэлээ би түүнээс ичсэндээ нүдээ нээж харж чадсангүй. Хий дэмий л хэнд юм гомдсон гомдлын зураа хоолой хорсгон огшсоор хоёр нүдний аньсагаар урсаж эхэллээ.

-За тайвшир даа. Битгий уйл. Чи их сайхан бүсгүй шүү. Чамд ямар ч эр хүн татагдана гэж тэр үглэх завсраа намайг үнсэнэ.

-Та одоо яв. Хурдхан яв гэж намайг намуухан хэрнээ эрсхэн хэлээгүй бол тэр салахгүй байсан байх. Тэр хувцас хунараа янзлан хэсэг шуухинан сууснаа намайг дахин үнсэх гэж тонгойход нь би түүнийг түлхлээ.

-Ингэсгээд хурдан очоорой. Санаа зовно шүү гэж хэлээд явж одлоо. Миний дотор арзаганан үсээ үгтээж, гарт таарсан болгоноо урж сарламаар санагдав. Гэхдээ би ингэлээ гээд яах ч юм билээ. Өөрийнхөө арчаагүй тэнэгээс болсон хойно доо яахав. Хэзээ ч хань болохгүй нэгэн хүүгийн араас жаахан охин шиг аальгүйтэн гүйж явж амаа ангайсан арслангийн аманд бүдрээд уначих гэж.

“Одоо тэр Цэрэн ёстой нэг авъя гэснээ авчихсан хүн шиг таахалзаж ялсан цэргийн алхаагаар алхаж яваа биз. Боргил ч гэсэн нөгөө охиныхоо хэдэн талд  гарч шалчийсан гүзээ шиг улцагнаж яваа. Эрчүүдээ гэж, хөгийн ч юм шиг, хогийн ч юм шиг хаашаа ч юм бэ дээ. Ер нь бол зэвүүн амьтад юм даа та нар. Манай нөхөр ч гэсэн хаана ч юу хийж явдаг юм билээ. Намайг бодвол хувь илүү ухаантай л гэж найдахаас. Гэртээ л хурдан харимаар байна. Хүүгээ тэвэрч хэвтэхсэн. Хорвоогийн хамгийн хоргүй  эр хүн тэр байх. Харина харина л гэнэ. Нөхрийнхөө царайг яаж харна. Чи минь намайгаа ингээд хэвтэж байгаа гэж зүүдлээ ч үгүй яваа ш дээ. Цэрэнгийн царайг, Боргилын царайг, ер нь цаашлаад хүмүүсийн царайг яаж харна. Эдэнтэй цуг нэг доор ажиллаж чадна гэж үү. Би ямар тэнэг юм бэ. Би гэдэг амьтан ямар гээчийн хувь заяанд хөтлөгдөөд ийм байдалд орчихов. Уйтгар дагуулан үргэлжлэх энэ бор бор хоногуудыг би яаж өнгөрөөх юм бол?..” Хоёр нүднээс асгарах нулимс хацар даган урссаар ам руу орох нь хачин их гашуун байлаа. Би хий дэмий л тэнгэр ширтэн мэлмэрүүлж хоёр гараараа шинэ өвсний шүүсийг ялгартал зуулгааж суув. Яг урд минь хоёр салаа цав цагаан хус хамтдаа юу ч болоогүй мэт салхинд наашаа нэг найгахыг юу ч бодолгүй дэмий л гөлөрч суулаа......

 

Т.Бум-Эрдэнэ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top