УИХ-ын 76-гаас авах арваад л хүн бий

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 12

Хөгжмийн зохиолч Ж.Давааг энэ удаагийнхаа "Toп ярилцлага" буландаа урилаа.

-Таныг "Улаанхуаран хөгжил-Иргэдийн оролцоо" гэсэн төрийн бус байгууллага байгуулсан гэж сонссон. Бас энэхүү байгууллага Улаанхуаранг цэргийн томоохон хотхон болгоно гэх мөрөөдөөд л явна гэх юм. Ямар учиртай юм бэ?

-Би сүүлийн үед нэг бодол тээгээд байгаа юм. Юу гэхээр орон нутгийг ч бай, нийслэлийг ч бай тухайн нутгийнх нь унаган иргэн удирдах ёстой юм байна гэж. Яагаад гэхээр нутгийн иргэн нь төрөлх нутгийнхаа хөгжилд ямар ч байсан санаа тавина. Өөр нутгийн хүн бол өөрийнх нь нутагт ямар нэгэн арга хэмжээ боллоо гэхэд хийж байсан ажлаа хаяад л шууд нутгаа зорино шүү дээ. Тийм учраас би Улаанбаатар хотын унаган иргэний хувьд Улаанхуаранг цэргийн гэдэг талаас нь цэргийн бахархал болсон дурсамж дүүрэн хотхон болгохын тулд "Улаанхуаран хөгжил-Иргэдийн оролцоо" гэсэн ТББ байгуулсан.

Тэгээд ч энэ хотхонд амьдарч байгаа хүмүүс бүгд цэргийн хүмүүс. Өдгөө 700-800 ахмад офицер амьдарч байгаа. Мөн хэдэн зуун ч цэрэг амьдарч байна. Цэргийн тоо тийм ч цөөхөн гарахгүй болов уу. Гэтэл энэ хотхон өнөөдөр хог шороондоо дарагдан навсайсан юм байна. Аль 1970-1980-аад оны үед л баригдсан барилгуудтай. Үнэхээр өнгө үзэмжгуй. Гэтал хотын төвийн хорооллууд хичнээн сайхан байна. Заримдаа ч бүр атаархах юм байна шүү. Нуулгүй хэлэхэд амьдарч буй хотхоноо сайхан болгохсон гэсэн чин хүслийн угаас хэсэг нөхөд энэ төрийн  бус байгууллагыг байгуулж өчигдөрхөн анхны хурлаа хийсэн.

Энэ маань өнөө маргаашийн зүйл биш. 10 жилийн дараах юм биш. 30, 50 жилийн дараа үр дүн нь харагдах ажил. Ерөөсөө Монгол оронд ирээд цэргийн холбогдолтой бүхий л зүйлийг нь үзье гэвэл Улаанхуаран хотхоноор ороход болох хэмжээний юм хийхээр мөрөөдөөд байгаа юм, бид. Чингис хааны есөн өрлөг жанжин, цэргийн музей, театр чуулга, Монгол цэргийн цэцэрлэгт хүрээлэн гээд л бүгд нэг дор цогцолно. Хэдийгээр пантазтай санагдаж байгаа ч ирээдүйд үүнийг шийдэж болно. Нэг, хоёр давхар муурын байшин шиг байшингуудыг буулгаж байгаад Улаанхуаранг жинхэнэ цэрэг эх орны бахархал болсон хотхон, хот, хороолол болгож болно гэж бид төсөөлж байгаа.

Энэ ТББ Улаанхуаран хөгжил-Ахмадын оролцоо, Улаанхуаран хөгжил-Залуучуудын оролцоо, Улаанхуаран хөгжил-Эмэгтэйчүүдийн оролцоо, Улаанхуаран хөгжил-Хүүхдүүдийн оролцоо гэсэн сүлжээнүүдтэй. Нэг үгээр хэлбэл бүх тохижилтын ажилд бүх иргэд оролцоно гэсэн үг. Зарим хүмүүс энэ хөгжмийн зохиолч Ж.Даваа чинь солиотой юм шиг яагаад ийм хачин юм хийгээд байнаа гэж бодож магадгүй. Хөгжмийг бичиж болж байна л даа. Гэвч зах зээлд хөгжмийн зохиолчдын дуу л үнэлэгдэж байгаа юу гэхээс дан хөгжмийн зохиол үнэлэгдэхгүй байна.

Тэгсэн хэрнээ хэн дуртай нь рекламандаа ашиглахаас эхлээд чөлөөтэй ашиглаж байна. За энэ ч яахав хөгжмийн асуудал. Бидний санааг зовоож байгаа хамгийн гол асуудал бол өнөөдрийн төр засгийн асуудал. Төр засаг маань үнэхээр болохоо байчихаж. МАН-ынхан ч АН-ынхан ч адилхан бүгд хувийн сонирхолтой болчихож. Ганцхан жишээ хэлэхэд хувийн их дээд сургуулиудын алдагдлыг төрөөс нөхнө гэх юм. Хувийн сургуулиуд ашиг олж байж дээрээс нь алдагдаа төрөөр нөхүүлнэ гэдэг байж болохгүй асуудал биз дээ. Гэтэл хоёр хувийн сургуультай нөхөр ярьсаар байгаад л энэ хуулийг батлуулчихаж байна. Болохгүй биз дээ. Төрийн сургуульд алдагдал гарвал төр өөрөө нөхөх ёстой байтал хувийн сургуулийн алдагдлыг төр нөхнө гэдэг ямар ч хүнд утгагүй санагдана биз. Ингэж өөрийнхөө эрх ашгийн төлөө хууль батлуулж болохгүй. Дараагийн асуудал бол дүүрэг.

Дүүргүүд хавар бүр тохижилтын ажил гэж өчнөөн мөнгө гаргуулаад түүгээрээ хэдэн мод тарьж хайс хашлага л хийж байна. Түүнийг нь дараагийн Засаг дарга нь ирээд мулт татаж аваад өөрийг хийнэ. Дүүргийн дарга нарын хийж байгаа ажил ердөө л энэ. Бас хорооны ажилтан гэсэн хийх ажилгүй хэсэг нөхөд байнаа. Худлаа хов ярьж, айлд юм тараахаас хэтэрдэггүй, их ажил хийлээ гэхэд өөрийн танил талаа л шагнуулж байх шиг дээ, тэд. Ингээд бодохоор өнөөдөр хотынхоо бүтээн байгуулалт хийгээд сайн сайхан болгоход санаа тавьж байгаа хүн тун цөөхөн байна. Хороодын ажил иргэдийнхээ ая тухай, сайхан амьдрахад зориулагдах ёстой. Гэтэл тийм юм алга.

-Хорооны ажилчдын цалин мөнгө бага гэх юм билээ. Тэгэхээр цалиндаа тааруулж ажилладаг юм байлгүй?

-Магадгүй. Тийм байх. Хоёрт, дүүргийн Засаг дарга өөрийнхөө танил талын хүнийг лоббидож авчраад тавьчихаж байх шиг байгаа юм. Лоббины хүмүүс юу хийж чадах вэ дээ. Бас дүүргийн албан хаагчид гэж мэдлэг боловсролгүй, бичиг үсгийн чадваргүй нөхдүүд байдаг. Зохион байгуулах ур чадвар байхгүй, анхан шатанд ажиллаж байгаагүй хүмүүс байна. Энэ бүгдээрээ би өнөөдөр Засаг захиргааны анхан шатны ажил нурчихаад байна л гэж хэлэх гээд байгаа юм.

-Ингэхэд та Улаанхуаран гээд л байх юм. Улаанхуаранд төрж өссөн хүн үү?

-Үгүй ээ. Арслантай гүүрний ард төрж өссөн юм. Одоогийн Хүүхэд залуучуудын төв байгаа тэр газарт манайх Батсүмбэрээс нүүж ирсэн юм билээ. Би нүүж ирснээс нь хойш төрсөн учраас Улаанбаатарын унаган иргэн гэж яриад байгаа хэрэг. Ерөөсөө би Сэлбийн голын хөвөөнд төрж өссөн хүн л дээ. Тиймээс би хэдэн жилийн өмнө "Сэрүүн Сэлбийн уянга" гэсэн дуу бичиж байсан. Их гоё дуу болсон доо. Даанч одоо Сэлбийн голоо харахаар гутах юм. Гэхдээ саяхан Сэлбийн голоо харлаа. Тэнд амралтын газар хийж байгаа бололтой харагдсан. Нэлээд хэдэн жилийн өмнө хотын мэр Сэлбэ голыг түшиглэн амралтын газар байгуулна гээд байсан. Тэр яриа хэрэгжиж байгаа юм байна гэж бодсон. Олон жилийн өмнө мөрөөдсөн юмандаа бага зэрэг ухаан зарцуулчихвал хийгддэг юм байна гэдгийн бодит жишээ энэ.

Тэгэхээр "Улаанхуаран хөгжил-Иргэдийн оролцоо" ТББ-ын яриад байгаа юм хэрэгжинэ байх гэж найдаж байна. Магадгүй зарим хүмүүсийн инээд нь хүрч магадгүй. Зайсанд байгаа танктай хөшөөг, Цэргийн дуу бүжгийн чуулгыг, Цэргийн музейг Улаанхуаранд аваачъя гэвэл Даваа ёстой хуцав аа гэх хүн олон байх л даа. Гэхдээ ямарваа юмыг цогц хэлбэрээр нь байлгах хэрэгтэй. Улс хөгжөөд ирэхээр аяндаа газрыг нь чөлөөлөөд цогц болгох байх. Яагаад гадаадын жуулчин Улаанхуаранд байдаг цэргийн хотхонг үзэх гэж Монголыг зорьж болохгүй гэж. Гудамжууд нь гэхэд дан генералуудын нэртэй. Авхиа, Жадамбаа, Ёндон, Нянтайсүрэн генералын гудамж гээд л.

-Би таны ярианаас таныг нийгмээс болоод жаахан бухимдуу явдаг хүн юм гэж бодлоо?

-Бухимдахаас өөр арга алга. Би залуудаа эвлэлийн ажил хийдэг байсан л даа. Тэр үед ажлыг ёстой хийсэн шиг хийдэг байсан. Одоогийн хүмүүс шиг нүд хуурна гэж үгүй. МАХН-ын XIX их хуралд төлөөлөгчөөр хүртэл сууж байлаа, би. Намын ид оргилуун үед болсон хурал шүү дээ. Их ч шүүмжилдэг байсан. Гэтэл одоогийн нам эвлэлийн ажил хийгээд байх юм. Сагсан бөмбөг, шатар тоглуулаад л. Үнэндээ энэ чинь хүүхдүүдийн хийх ёстой ажил биз дээ. Намын ажил гэж ямар ажил байдгийг мэдэхгүй хүмүүс гарч ирчихээд байна. Ёстой нөгөө олигархиуд чинь гарч ирчихээд байгаа юм биш үү. Мөнгөтэй биш юм хийдэг, юм санаачилдаг хүн намд хэрэгтэй. Үнэнийг хэлэхэд энэ намын удирдлагууд надад огт таалагдахгүй байгаа.

-МАХН-ын гишүүн байсан хүн ингэж ярьж болж байгаа юм уу?

-Уг нь би 1979 онд МАХН-д элсэж байсан юм. 1982 онд Улаанхуарангийн Намын үүрийн дарга хийж явсан. Харин Армид ороод армийн хүн улс төрийн намын гишүүн байж болохгүй учраас намаасаа түдгэлзчихсэн байж байгаад 15-16 жилийн дараа буюу саяхан гишүүнчлэлээ сэргээсэн.

-Тэгээд яагаад намаа шүүмжлээд байгаа юм бэ? Намын гишүүн хүн чинь муу байсан ч намдаа хир халдаадаггүй биш билүү?

-Шүүмжилж болно ш дээ. Яагаад болохгүй гэж. Харин одоо дандаа айдаг хүмүүс болчихож. Би Армид байхдаа ч шүүмжилдэг л байсан. Эвлэлийн бага хурал дээр ч намын хурал дээр ч зоригтой шүүмжилдэг байсан. Цэргийн дарга нар надаар шүүмжлүүлэх дуртай байсан. Ам нээвэл уушги нээ гэж УИХ-д суугаа 76-гаас авах 10-аад л хүн байна. Бусдыг нь сонгоод огт хэрэггүй. Ц.Нямдорж, Р.Гончигдорж, Э.Бат-Үүл нар бол одоо болоо ш дээ. Хичнээн удаа сонгогдох гэсэн юм. Одоо толгойтой, залуу хүмүүсийг гаргах хэрэгтэй. Гэхдээ мөнгөтэй биш, юм хийдэг залуучуудыг. Мөнгө амладаг хүмүүс бол хэрэггүй. Юм зохион байгуулчихдаг. АН-ын Л.Гантөмөр шиг. Энэ залуу бол үнэхээр ухаантай ч юм, сайхан ч ярих юм. Ийм залуучуудыг л олох хэрэгтэй. Нам харгалздаг энэ тэрээ одоо болих хэрэгтэй.

-Нэгэнт улс төр яриад эхэлчихсэн болохоор иргэн хүний чинь хувьд сонгуультай холбоотой нэг зүйлийг асууя. МАН, АН хоёр энэ жил хоёр сонгуулийг зэрэг явуулах хэрэгтэй хэрэггүй гэсэн хоёр тал болчихоод байгаа. Монгол Улсын иргэн Даваа УИХ-ын болон орон нутгийн сонгуулийг зэрэг явуулах нь зөв гэж бодож байгаа юу тус тусад нь явуулах нь зөв гэж бодож байна уу?

-Өмнөх сонгуулиас харж байхад УИХ-ын сонгуулиас унасан хүү нийслэлд нэр дэвшиж сонгогдохгүй бол ямар нэгэн албан байгууллагын дарга болчихоод байх шиг санагдсан. Тийм учраас хоёр сонгуулийг зэрэг явуулах ёстой. Монголын ард түмэн тэнэг биш ш дээ. МАН-ынхан олон хүний нэр дугуйлахад хүмүүс будилна гээд л ард түмнээ тэнэг юм шиг яриад байгаа. Тэр олон нэрийг чинь өмнө нь тараагаад өгчихнө хүмүүс эрт сонголтоо хийчихнэ шүү дээ. Бичиг үсэг мэддэггүй хүмүүс л будилж магадгүй. Ер нь будиллаа будиллаа гэхэд 50 мянган хүн л будилна биз дээ.

-Бид хоёрын яриа улс төржөөд явах юм бол хичнээн цаг ч үргэлжилж мэднэ. Гэхдээ энд хүрээд цэглэе. Харин одоо уран бүтээлийн яриа өрнүүлмээр байна. Хөгжмийн зохиолчийнхоо хувьд сүүлийн үед ямар уран бүтээл хийж байна?

-Сүүлийн үед хүүхдийн уран бүтээл рүү нэлээд анхаарч байна. Угаасаа би хүүхдийн дуугаар уран бүтээлээ эхэлсэн хүн л дээ. Харамсалтай нь хүүхдийн дуу маань талийгаач Л.Галмандахаар дуусч байна. 1970-аад онд Цогоогийн дууг хүүхдүүд дуулдаг байсан бол түүнийг залгамж халааг Л.Галмандах авсан. Галаагийн дуу 1980-1990-ээд оныхныг хүмүүжүүлсэн. Одоо бол Батболд хүүхдийн дуу хийж байна. Гэхдээ мань эр яагаад байгаа юм цаашаа сайн явж өгөхгүй л байна. Уг нь яг хүүхдийн дуугаар дагнаад явсан хүн шүү дээ. Харин би бол их олон юмаар явчихсан хүн.

11-12 настай байхдаа хүүхдийн дуу зохиож байсан бол дараа нь дан үлээвэр хөгжмийн зохиол бичсэн. Түүнийхээ дараа эвлэлийн ажил хийж 10-аад жил явсан. 125 эвлэлийн үүрийг толгойлж явлаа ш дээ. Харин одоо Монголын хүүхдийн СОС хотхонд найрал дууны багшаар ажиллаж байна. Тодруулбал Монголын хүүхдийн СОС хотхоны захирал Намхайнямбуу баатрын хүү Содномдорж "Даваа ахаа та манайд ирж ажиллаач хүүхдүүдийг урлагийн мэдрэмжтэй болгооч" гэсэн хүсэлт тавьсан учраас өнгөрсөн жилээс эхлэн ажиллаж эхэлсэн.

Одоогоор тэдэнд 40-өөд дуу зааж өгчихөөд байна. Дандаа өнчин хүүхдүүд л дээ. Ер нь сэтгэлзүйн хувьд жаахан хямралтай хүүхдүүд юм билээ. Анх их сахилгагүй хүүхдүүд байсан бол одоо сахилгагүйтэх юм байхгүй болсон. Хамгийн сахилгагүй байсан хүүхэд хамгийн түрүүнд найрал дууныхаа хичээлд ирдэг болсон.

-Урлаг хүнийг хүмүүжилнэ гэдэг чинь л энэ байх даа?

-Тэгэлгүй яахав. Урлаг хүнийг хүмүүжүүлдэг гэдгийг би одоо өөрийн биеэр мэдэрч, харж сууна. Урлаг гэдэг хүүхдүүдэд ч гэсэн гоо зүйн таашаал өгдөг гэдгийн бодит жишээ энэ. Тиймээс би энэ хүүхдүүддээ зориулж М.Цэдэндоржийн шүлгээр "Туулайн тус" гэсэн дуу хийлээ. "Эвтэй дөрвөн амьтан" гэсэн бас нэг дуу хийлээ. Заан гуай, заан гуай та хэдэн настай вэ гэж асууж явсаар байгаад хамгийн ахмад нь тагтаа болж байгаа тухай өгүүлсэн дуу. Хүүхдүүдийн хооронд эвсэг харьцааг бий болгохын тулд энэ дууг зохиосон юм. Тийм ч учраас хүүхдүүд маань дасгалаа хийснийхээ дараа шууд энэ дууг дуулдаг.

-Та Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимд байсан. Одоо хамааралтай байна уу үгүй юу?

-Үгүй ээ. Хөгжмийн зохиолч, найруулагчаар хоёр жил ажилласан л даа, тэнд. Гол нь би тэнд ямар зорилготой очсон гэхээр төрийн ёслолын хөгжим хийх гэж очсон юм. Төрийн ёслолын хөгжим Сүхбаатарын хөшөөний өмнө гадаадын төлөөлөгчдөд "Шивээ хиагт"-ыг тоглодог. Гэтэл Хятадын БХЯ-ны сайд ирэхэд
 
Шивээ хиагтыг авахад
Шилэн дэнлүү хэрэггүй
Шийдээд ирсэн гамингуудыг
Ширмэн бөмбөгөөр сөнөөнөө гээд тоглоод байж болох уу болохгүй юу гэсэн шүүмж удаа дараа гарсан. Тиймээс Монголын төлөөлөгчид гадаадын төлөөлөгчдийн хамт Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх үед тоглох хөгжим бичих шаардлагатай болсон.

Хоёрт Чингис хааны хөшөөнд цэцэг өргөхөд Н.Жанцанноровын "Монгол аялгуу" -г тоглодог. Энэ маань төрийн ёслолын хөгжим биш Монголын үндэсний бүжгийн хөгжим. Тиймээс энэ хөшөөнд цэцэг өргөхөд зориулж Г.Пүрэвдоржид захиалга өгч "Их хааны хүндэтгэлийн дуулал" гэсэн дуу бичүүлж түүндээ аялгуу хийсэн. Уг нь их сүрлэг сайхан хөгжим болсон л доо. Хөгжмийн найруулгыг нь ч их сайн хийсэн. Харамсалтай Төрийн ёслолын албаны уран сайхны зөвлөлд сонсгоно гээд хоёр жил болж байна.

Уран сайхны зөвлөл гэж байдаг юм уу үгүй юм уу бүү мэд, би хөөцөлдсөнгүй л дээ. Харин 1989 онд бичсэн "Ёслол хүндэтгэлийн марш" маань одоо ч төрийн ордонд эгшиглэсээр байгаа. Би хувьдаа өнөөдөр миний энэ маршийг дийлэх марш гараагүй байна гэж боддог. Бараг төрийн шагнал авахаар марш шүү. Би яагаад ингэж ярьж байна гэхээр энэ маршийг төрийн ордонд тоглуулахыг болиулах тухай яриа гарч байна гэсэн. Хэрвээ болиулах юм бол одоо байгаа 17-18 маршийг бүгдийг нь тоглуулж байгаад хэнийх нь илүү байна гэдгийг яриа гаргаад байгаа хүмүүст үзүүлнэ гэж бодож байгаа.

-Таныг Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гүйцэтгэх захирал байсныг мэдэх юм. Энэ албыг хашиж байхдаа байгуулсан хамгийн том гавьяагаа нэрлээч гэвэл?

-"Алтан намар" хөгжмийн наадам уначихсан байхад би сэргээсэн. Энэ бол миний хийсэн гавьяа. Хөгжмийн зохиолчдын холбоо ч өөрийн гэсэн байргүй тамга тэмдгээ гэртээ хадгалдаг байлаа ш дээ. Ийм хүнд үед би энэ албыг босгосон гэж боддог. Монголын хөгжмийн зохиолчдын холбоо 20-иод хүнтэй байхад "Алтан намар" хөгжмийн наадам 7 хоног үргэлжилдэг байсан. Энэ нь сүүлдээ цөөрсөөр байгаад нэг өдөр болдог болсныг би дахиад 7 хоног болгосон. Мөн олон номинацийг гаргасан. Энэ бол миний гавьяа. Одоо ч энэ номинациар л явж байгаа. Гэхдээ би Б.Бямбабаяр даргын гавьяаг бас хэлэх хэрэгтэй. Энэ хүн менежмент маркетингийг их сайн хийж байгаа.

-Ингэхэд та Монголын хөгжмийн зохиолчдын холбооны нэрэмжит шагналыг авсан цөөн хүний нэг нь байх аа?

-Тиймээ. Би Монголын хөгжмийн зохиолчдын холбоонд 8 жил ажилласан. Бас Монголын хөгжмийн зохиолчдын холбооны нэрэмжит шагналыг хүртэж байсан 43 дахь хүн нь. Надаас хойш 20-иод хүн энэ шагналыг авсан байх аа. Энэ 60-аад хүний талаар нэг ном хийхээр бодож байгаа. Энэ 60 хүн бол энэ төрдөө үнэлэгдэхээр ямар нэгэн юм хийчихсэн хүмүүс. Энэ шагнал бол Төрийн шагналын доод талын шагнал. Өөрөөр хэлбэл эдгээр 60 хүн Монголын хөгжмийн урлагийн шилдэг бүтээлийн шагнал авчихсан хүмүүс байхгүй юу. Монголын хөгжмийн зохиолчдын холбоо нэрэмжит шагнал гэж нэрлээд байгаа болохоос. Энэ нэрэмжит шагнал биш. Энэ бол шинжлэх ухааны үнэлэмжтэй том шагнал.

-Гавьяа шагнал гэснээс сүүлийн үед щагнал хэтэрхий хавтгайрч байна гэсэн яриа гараад байгаа. Тэр тусмаа гавьяат цол нэр хүндгүй боллоо гэж ярьж байгаа хүн цөөнгүй. Урлагт хүчин зүтгэж байгаа хүний хувьд энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

-Нутгийн зөвлөлийн дарга л гавьяатад хэн нэгнийг тодорхойлоод өгчихөж байна шүү дээ, өнөөдөр. Мэргэжлийн байгууллагын тодорхойлолтоор өгөгдөх ёстой гавьяатыг нутгийн зөвлөл тодорхойлж болохгүй ш дээ. Гавьяат гэдэг "амьтныг" чинь төрүүлэхийн тулд нэгд мэргэжлийн байгууллага тодорхойлолт хийх ёстой. За тэр нь байг гэхэд ядахад Төрийн концертонд 10 удаа дуулсан хүнд өгөх хэрэгтэй юм. Төрийн концертонд орно гэдэг чинь Төрийн урлагийн байгууллагаар үнэлүүлчихсэн хүн гэсэн үг.

Өөрөөр хэлбэл Төрийн урлагийн байгууллагууд түүнийг үнэлж байна. Ганц ч удаа Төрийн концертод ороогүй байж гавьяат болж болохгүй. Энэ бол байж болохгүй зүйл. Үүнтэй адил дээр дурдсан 60 хүний нэгд ороогүй байж Урлагийн гавьяат зүтгэлтэн болно гэдэг бас утгагүй. Ерөөсөө төрдөө, түмэндээ юм хийж байж гавьяат болох ёстой.

-Ингэхэд та ер нь яагаад урлагийн хүн болчихсон юм бэ?

-Их сонин л доо. Хоёрдугаар ангид манай ангийнхан Пионерын ордны зургийн дугуйланд ордог юм байна. Тэгэхээр нь би "Майхан" гэж зургийг зургийн дэвтэр дээрээ хорон цаас тавьж хордуулж байгаад зурчихаад цэнхэр будгаар халтартуулж будаад яваад очлоо. Зурсан зураг маань гайгүй үнэлэгдэж зургийн дугуйланд орсон. Манай ангиас нэлээд хэдэн хүүхэд орсон л доо. Тэр үед Ардын зураач Цэвэгжав гуай Пионерын ордны зургийн дугуйлангийн багш байсан.


Гэтэл гуравдугаар ангид ордог жил сургуулийн үлээвэр найрал хөгжимд хүүхэд бүртгэж байна гэж сонсоод бас л манай ангийнхан бүгдээрээ яваад очсон. Тэдний дунд мэдээж би байгаа. Би авьяас муутай байсан юм байлгүй надад цан өгдөг юм байна. Дараа жил нь үлээвэр хөгжим авсан. Ингээд л ахисан даа. Харин зургаадугаар ангид ордог жил би Сонгины амралтанд явсан юм. Зусланд байхад багш надаар бүжгийн нот хуулуулсан юм, зураг зурдаг гэдгийг мэддэг болохоор. Тэгсэн намар нь хөгжим биччихмээр санагдаад болдоггүй. Тэгээд л "дэгдээхэй" дуугаа бичсэн. Гэхдээ би 10 дугаар анги хүртлээ зургийн дугуйлангаа орхиогүй.

Олон ч зураг зурсан. Ю.Цэдэнбал даргыг зурсан маань Пионерын ордонд нэлээд удаан байж байгаад 10-аад жилийн өмнөөс харагдахаа больсон байна билээ. Хэрвээ би хөгжмөөр биш зургаар явсан бол илүү сайн явах байсан байж магадгүй. Харин 10 дугаар ангиа төгсөөд ээжийнхээ мэргэжлийг өвлөх санаатай АУИС-д орох гэсэн чинь манай хөгжмийн багш "Монголд эмч нар үй түмээрээ л байна, хөгжмийн зохиолч 20-30 л байна" гэж хэлээд санааг минь эргүүлчихсэн. Ингээд хөдөөнөөс ирсэн 32 хүнтэй хамт Багшийн дээдийн хөгжмийн зохиолчийн ангид шалгууллаа. Гончигсумлаа, Мөрдорж, Лувсаншарав, Намсрайжав, Бирваа, Чойдог, Жанчив гээдл томчууд шалгалт авч байнаа.

Би "Кармен"-ыг дохилоо. Тэгсэн буланд сууж байсан нэг хүн учиргүй инээгээд байна. /тэр нь хөгжмийн зохиолч Жанчив/ Дөнгөж 10 дугаар анги төгссөн хүүхэд буруу дохисон байх л даа. Бас төгөлдөр хуур дээр хөгжим тоглолоо. Бас болоогүй зохиосон дуунуудаа барьчихсан гэж байгаа. Маргааш нь шалгалтын дүн гарахад би хоёрдугаар байрт орчихож. Нэгт Баянхонгороос ирсэн Юндэнбат гэж хүн орсон байсан юм. Тэгээд багш нар хуралдлаа. Тэгсэн нэг хүн "Даваа дөнгөж 10 дугаар ангийн хүүхэд гэхэд сайн байна. Гэхдээ Даваа хойтон жилийн элсэлтээр шалгалтгүй орж болно. Энэ жилдээ хөдөө олон жил ажилласан хүмүүсээсээ оруулах саналтай байна" гэснээр би тэр жилдээ сургуулиас мултарчихсан.

Хойтон жил нь орох юм болсон чинь болоогүй. Дараа нь Москвагийн Консерватурт хоёр жил дараалан шалгалт өгч тэнцсэн ч дотуур байр байхгүй гэсэн шалтгаанаар хасагдсан. Ингээд л "хөгжмийн дээд сургууль чамд хэрэггүй ээ, чи толгойгоороо хөгжим бич" гэсэн бурхны зарлигаар би өнөөдөр хөгжим бичиж явна. Хожим нь урлаг судлаач мэргэжлээр сургууль төгссөн. Гэхдээ би 2003 онд мэргэжлийн хөгжмийн зохиолчдын хийдэг симфонийг бичсэн. Онгирч сагсуурч байгаа юм биш би өнөөдөр дан хөгжмийн 60-аад зохиолтой, нэг симфонитой. Бас Монголд байгаа хөгжмүүдийг бүгдийг найруулна гээд л үзнэ.

Х.Алтан
Эх сурвалж: "Улаанбаатар таймс"

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top