Манай улсад 561 хүн мансууруулах бодис хэрэглэдэг

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 08

Өнөөдөр “Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэг”-ийн тэргүүн Ш.Лхагвасүрэн хар тамхитай тэмцэх дэлхийн өдөрт зориулан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр

"Дэлхий нийтээр хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх өдрийг зургадугаар сарын 22-нд тэмдэглэдэг. Сүүлийн таван жилийн дотор манай улсад мансуурагчдын тоо өссөн. Анх 1999 онд 45 хүн байсан бол өнөөдрийн байдлаар 561 хүн хар тамхи хэрэглэдэг болжээ. Эдгээр хүмүүсийн дийлэнх нь өсвөр насандаа мансууруулах бодис хэрэглэж үзсэн байдаг. Хар тамхины хор хөнөөлийг мэдэхгүйгээс болж сонирхлын байдлаар татсаар донтолтын зэрэгт хүрсэн бөгөөд хоёроос найман төрлийн мансууруулах бодис хэрэглэдэг аж. Үүнээс хамгийн аюултайд тооцогддог LCD буюу солиорол үүсгэдэг бодисыг сүүлийн үед их хэрэглэдэг болжээ. Хар тамхи нь архи, тамхинаас 60-70 хувь илүү хортой аж. Үүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ манай улсад байдаггүй. Өөрөөр хэлбэл мансууруулах бодисонд донтогсдыг эмчлэх нарийн мэргэжилтэн бэлтгэгдээгүй" гэлээ.

Харин МХЕГ-аас хийсэн илтгэлд донтогчид морфиныг хамгийн ихээр хэрэглэдэг гэсэн судалгаа гарчээ. Өнөөдөр мансууруулах эм бодисыг хууль бусаар хэрэглэхийн эсрэг дэлхийн нийтээрээ тэмцэж, их хэмжээний хөрөнгө зарцуулж байгаа боловч хэрэглэгчдийн тоо буурахгүй, харин ч өсөх хандлагатай байна. Хөгжиж байгаа болон буурай хөгжилтэй орнуудын эдийн засаг, хууль эрх зүй болон бусад сул талуудыг ашиглан зохион байгуулалттай гэмт бүлэг бүлэглэлүүд мансууруулах бодисын үйлдвэрлэлээ эдгээр улсууд руу шилжүүлж байна. НҮБ-ын судалгаагаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм, бодисын үйлдвэрлэл сүүлийн 15 жилд гурав дахин нэмэгджээ. Сүүлийн үед Кибер хар тамхи /Аудионаркотик/ гэж нэрлэгдэх хүний сэтгэцэд сонсголын эрхтнээр дамжин нөлөөлж мансууруулах бодис хэрэглэсэн мэт сэтгэгдэл төрүүлдэг, интернэтээр хурдацтай тархах шинэ төрлийн зүйл хэрэглэх аюул заналхийлэх болсон байна.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top