Жил бүрийн зургадугаар сарын 12-ны өдрийг дэлхий нийтээр хүүхдийн хөдөлмөрийн эсрэг өдөр болгон тэмдэглэдэг билээ. Манай улс энэ өдрийг “Хүний эрх ба нийгмийн тэгш байдал”, “Хүүхдийн хөдөлмөрийг устгая” уриатайгаар 11 дэх жилдээ тэмдэглэх гэж байна. Дэлхийн нийтээр 2016 он гэхэд хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг бүрэн устгах зорилт дэвшүүлсэн. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Хүүхдийн төлөө газар, Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийн эсрэг үндэсний сүлжээ байгууллагууд хамтран энэ өдрийг зохион байгуулах аж. Тэдний дэвшүүлж буй гол санаа нь өрхийн амжиргааг дээшлүүлж, ядуурлыг бууруулах юм бол хүүхдийн хөдөлмөр дагаад буурна гэж үзэж байгаа юм. Ар гэрийн гачигдлаас болж насанд хүрээгүй хүүхдүүд сайн дураараа болон албан хүчээр хөдөлмөр эрхэлдэг. Энэ талаар "Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийн эсрэг үндэсний сүлжээ" ТББ-ын гишүүн Ц.Баттуяатай ярилцлаа.
-Танай байгууллагаас хөдөлмөр эрхэлдэг хүүхдийн төлөө ямар үйл ажиллагаа хийж байна вэ?
-Манайх хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүдэд тохиолдож байгаа бэрхшээлийг нь багасгах, эцэг эхчүүдэд зөвлөгөө өгч, хүүхдүүдэд хөдөлмөр эрхлэхгүй байх талаар ойлгуулж сурталчлах зэрэг шаардлагатай зөвлөгөөг өгдөг. Мөн хүүхдүүдийг боловсролд хамруулах тал дээр анхаарал хандуулж байгаа. Харин уул уурхайн хүнд хөдөлмөр эрхэлдэг, ялангуяа гар аргаар алт олборлож байгаа бага насны хүүхдүүдийн асуудлыг Засгийн газар хууль эрх зүйн хүрээнд шийдвэрлэж, уул уурхайн хүнд хөдөлмөр эрхлэлтийг үндсээр нь үгүй хийх хэрэгтэй.
-Хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүдэд зөвлөгөө өгдөг гэсэн. Энэ ажлын үр дүн хэр байна вэ?
-Мэдээж олон нийтийн хандлага нэмэгдэж байхад бид тэдэн хүний ойлголт нэмэгдсэн гэсэн тооноос татгалзах хэрэгтэй. Хүмүүс ерөнхийдөө хүүхдийн хөдөлмөрийн асуудалд илүү анхаарлаа хандуулдаг. Эцэг эхчүүд хүүхдээ сургуульд явуулахад нь анхаарал хандуулж, хүчин чармайлт гаргадаг болсон нь мэдэгдэхүйц илэрсэн. Мөн эцэг эхчүүд хүүхдийн төлөөх байгууллагуудтай утсаар холбогдож хэн нэгэн хүүхдийн аливаа асуудлыг яаж шийдэх вэ гэх зэргээр их хандаж байгаа. Иргэд олон нийтийн оролцоо илүү их нэмэгдэж байгаа явдал нь энэ сургалт, сурталчилгааны үр дүн гарч байна гэж ойлгож болно.
-Манай улсад албан тоогоор 72 мянган хүүхэд хөдөлмөр эрхэлж байгаа гэсэн тоо гарсан. Энэ тоо хэр үндэслэлтэй вэ?
-Энэ тоо үндэслэлтэй байлгүй яахав. 71 мянга гаруй хүүхэд хөдөлмөр эрхэлж байна гэдгийг Үндэсний статистикийн газраас 2007 онд хийсэн судалгаа юм. Харамсалтай нь энэ нь 2003 онд хийсэн судалгаанаас 1.3 хувиар өссөн байсан. Тэгэхээр хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр төдийлөн буурахгүй байна гэсэн үг юм.
-Манай улс дэлхийн нийтээр хүүхдийн хөдөлмөрийн эсрэг өдрийг хэр өргөн хүрээг хамарч тэмдэглэн өнгөрүүлэх вэ?
-Энэ өдрийг аймаг, нийслэлийг хамарсан өргөн хүрээнд тэмдэглэнэ. Хүүхдийг ажил хөдөлмөрөөс нь чөлөөлөх нэг арга бол тоглоом наадамд хандуулах байдаг. Тиймээс энэ өдрийн хүрээнд Ататуркийн нэрэмжит нийслэлийн 5 дугаар сургуулийн хөл бөмбөгийн талбайд хөдөлмөр эрхэлдэг 100 гаруй хүүхдүүд арван багт хуваагдаж хоорондоо хөл бөмбөгөөр өрсөлдөх юм. Үүнд худалдааны төвүүдэд хөдөлмөр эрхэлдэг, гудамжинд гуйлга гуйдаг, мөн өнгөрсөн жилд Налайхын уурхайн орчимд ажиллаж байсан зэрэг янз бүрийн хөдөлмөр эрхэлдэг 100 гаруй хүүхэд оролцох юм.
Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )