Манай улсад гурав дахь удаагаа “48 цаг” богино хэмжээний кино наадам зоxион байгуулагдах гэж байна. Энэ наадам нь олон улсын хэмжээнд зохиогддог. Оролцогчдын хувьд 48 цагийн дотор кино бүтээх тул хамгийн шударга болдог хэмээн үздэг.
Наадмыг “Rise pictures” студийн захирал, найруулагч Н.Цогтбаяр “Глоб арт”, “Жүр үр” төв, “NTV” телевиз, “Mongol films group”-тэй хамтран зохион байгуулна. Энэ жил хэн түрүүлж ирснээрээ багуудын бүртгэл явагдах аж. Уламжлал ёсоор заасан тоо гүйцсэний дараа бүртгүүлсэн багуудыг хүлээлгийн жагсаалтад оруулна. Хэрэв бүртгэлтэй ямар нэгэн баг уралдаанаас татгалзвал хүлээлгийн жагсаалтнаас эхэнд нь байгаа багийг сонгон оролцуулах гэнэ. Хэрэв багууд олноор оролцох хүсэлтэй байгаад, зохион байгуулагчдын зүгээс театрт илүү цаг авах боломжтой болбол хүлээлгийн жагсаалтад байгаа багуудаас нэмж оруулах аж. Бүртгэлийн төлбөрийн хувьд энэ сарын 16-наас өмнө 150 мянган төгрөг хураалгах бол 16-наас хойш бүртгүүлсэн багаас 50 мянган төгрөгийн барьцаа нэмж хураах юм байна.
Тэргүүн байр эзэлсэн бүтээл энэ оны “48 цаг” богино кино наадмын шагналын төлөө дэлxийн өөр бусад улс, хотоос шалгарсан уран бүтээлчдийн бүтээлтэй өрсөлдөнө.
У.Баяраа

Сэтгэгдэл ( 0 )