Манай Улс зах зээлийн харилцаанд шилжсэнээс хойш хамгийн их өөрчлөгдсөн салбар бол авто техник, нийтийн тээврийн хэрэгсэл юм. Хотын хүн амын нягтаршил, төвлөрлөөс шалтгаалан нийтийн тээвэр, авто машины зогсоолын хомсдол иргэдийг бухимдуулж байна. Зам тээврийн системийн нэг хамгийн чухал хэсэг бол авто машины зогсоол юм. Тиймээс өнгөрсөн онд хотын захирагчийн санаачлагаар давхар граж барих шийдвэр гаргасан. Аж ахуйн нэгж, иргэдийн оролцоотой нийслэлд 20 гаруй байршилд давхар граж, 29 байршилд газар доорх граж барихаар болжээ. Үүний дагуу хоёр удаа тендэр зарласан бөгөөд эхний ээлжинд найман байршилд долоон төсөл шалгарсан байна. Нийслэлийн зургаан дүүрэгт давхар граж барихаар болж байршлыг сонгожээ. Энэхүү байршлууд нь Баянгол дүүргийн VIII хорооны нутаг дэвсгэрт орон сууцны 7-р байрны зүүн талд 0.24 га газар, Сонгино хайрхан дүүргийн XIII хорооны наймдугаар байрны хойд талын хүүхдийн тоглоомын талбайн дор тус тус барина.
Одоогийн байдлаар дахин долоон байршилд 15 аж ахуй нэгж шалгараад байгаа бөгөөд шалгарсан компаниуд ажлын зураг хийлгэх шатандаа явж байгаа юм. Давхар граж барих ажилд төрийн оролцоо бага байгаа бөгөөд улсын төсвөөс хөрөнгө гарахгүй аж. Харин аж ахуйн нэгжүүд өөрсдөө хөрөнгө төсвөө босгох юм. Одоогийн бидний ашигладаг нэг давхар тоосгон гражийг буулгаж, орчин үеийн шаардлага хангасан Европ, Зүүн азийн орнуудын зураг төслөөр давхар граж сүндэрлүүлэх гэнэ. Давхар гражийн дээд давхрыг хүүхдийн тоглоомын талбай, амрах орчин байгуулах санал ард иргэдээс ирж байгаа бөгөөд энэ саналыг анхааралдаа авчээ.
Д.Шинээ

Сэтгэгдэл ( 0 )