УБЕГ-ын бүртгэл мэдээллийн сангийн серверт гэмтэл гарч шатсан учир Монгол Улсын нийт иргэдийн мэдээлэл бүрэн устаж үгүй болсон хэмээх мэдээлэл цацагдаж эхэлсэн. Энэ талаар тодруулахаар УБЕГ-т очиход хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтнаас тодруул хэмээн 8818... тай дугаар өгсөн юм. Дугаарын эзэн бүсгүй “Тодруулга өгөх боломжгүй. Гэхдээ энэ мэдээлэл худлаа. Сүүлийн үед ийм худал мэдээлэл гадуур тархах болсон. Итгэхгүй бол хоёрдугаар байранд очоод лавлагаа авч байгаа иргэдэд хэрхэн үйлчилж байгааг хараарай. Би хажууд нь явна, удахгүй очлоо. Нэгдүгээр байрны өмнө байж байгаарай” гэв. Ингээд хэвлэл мэдээллийн ажилтанг 10 минут хүлээгээд 15 минутын дараа залгатал утсаа авсангүй. Улмаар лавлагаа өгдөг УБЕГ-ын II байранд очлоо. Иргэдэд лавлагаа өгөх долоон цонхноос хоёр нь л ажиллаж байв. Ингээд УБЕГ-ын архивын мэргэжилтэн Д.Мөнхбаяраас тодруулга авлаа.
- Иргэдийн мэдээлэл бүрэн устаж үгүй болсон гэж байна. Энэ үнэн үү?
- Тийм юм байхгүй.
- Яагаад ийм мэдээлэл гарсан юм бол?
- Мэдэхгүй ээ. Өнөөдөр өөрөөс чинь анх удаа дуулж байна.
- Өмнө нь бас ийм мэдээлэл гарч байсан. Танай байгууллагад алдаа гарсан юм биш үү?
- Тийм юм ерөөсөө байхгүй.
- Лавлагаа авч байгаа нэг иргэнд хэдий хэр хугацаанд үйлчилж байна вэ?
- Хэрвээ иргэн бүрдүүлэх материалаа бүрдүүлсэн бол 1-2 минут л болно.
- Иргэдээс удаан үйлчилж байна, эсвэл хүнд сурталтай байна гэсэн бухимдал ирж байна уу?
- Тийм юм байхгүй. Мэдүүлгийн хуудсаа үнэн зөв бүрдүүлбэл манайхаас лавлагааг өдөрт нь гаргаад өгч байгаа.
Үүний дараа лавлагаа авч байгаа иргэдээс төлөөлүүлэн Г.Ичинхорлоо, Я.Ган-Эрдэнэ, Ч.Сүхбаатар нараас УБЕГ-ын үйлчилгээний талаар тодрууллаа.
Г.Ичинхорлоо: Юм асуухаар мэдэхгүй гээд толгой сэгсрээд байх юм

- Үйлчилгээ болон үйлчилгээний ажилтных нь харьцаа ямар байна?
- Сая л ирлээ. Лавлагаа өгдөг газарт нь хүн байхгүй. Энэ хэдэн цаас нь олдохгүй юм. Юм асуухаар мэдэхгүй гээд толгой сэгсрээд байх юм. Энэ цонхоор нь л харьцахаас.
- Уг нь лавлагааны ажилтан байдаг даа?
- Мэдэхгүй алга. Ямар сайндаа л хоёулаа ирээд нэг нь энд очёроо аваад, нөгөө нь тэрүүгээр явж мөнгө тушааж байна шүү дээ. Зарим нь их олон явдал чирэгдэл учруулж байна. Ядаж энэ цонхон дээрээ лавлагаа авахдаа заавраа биччих хэрэгтэй. Тэгэхгүй бол ажлынх нь ачаалал нэмэгдээд, хэн хэн нь бухимдаад байна. Бид нар ч гэсэн ажил хийж байгаа хүнд садаа болохыг хүсэхгүй.
Иргэн Я.Ган-Эрдэнэ: Очёрлоод л байна

- Үйлчилгээ болон үйлчилгээний ажилтных нь харьцаа ямар байна?
- Ямар ч байсан сайхан гэж хэлэхээргүй байна. Энэ нь өөрчлөгдөх л байгаа даа.
- Зөвлөгөө өгдөг хүн ирээгүй юм уу?
- Байхгүй. Харагдахгүй байна. Очёрлоод л байна. Энэ лавлагааны ажилтнууд нь өөрсдөө мөнгөө хураачихдаг болбол амар юм. Тэгэхгүй бол банк ороод эргэж ирээд очёрлох нь асуудалтай байна.
Иргэн Ч.Сүхбаатар: Бухимдалтай л байна
-Үйлчилгээ болон үйлчилгээний ажилтных нь харьцаа ямар байна?
- Лавлагаа чинь олон янз байгаа. Нэгийг нь авах гээд зогсож байтал биш болж таараад л өөр газар дугаарлах болж байна. Энэ нь чирэгдэлтэй байна. Амралтын үе болоод хүн багатай байгаа байх.
- Зөвлөгөө өгдөг хүн байдаг даа?
- Хуучин уг нь байсан. Одоо бол байхгүй. Тийм хүн байхгүй болохор иргэдэд олон дахин явдал болоод бухимдалтай л байна. Ядаж байхад цайны цаг нь болчих гээд байна.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )