Манай улс “Аавуудын өдөр”-ийг 2005 оноос хойш жил бүрийн наймдугаар сарын 8-ны өдөр тэмдэглэдэг уламжлалтай болсон билээ.
Энэ өдрийг тохиолдуулан "Монголын эрэгтэйчүүдийн холбоо"-ноос олон үйл ажиллагаа зохиож буй ажээ. Үүнд сайхан сэтгэл, холч ухаан, нийгэмд үзүүлж буй сайн үлгэр дууриалал зэрэг шалгуурт нийцэж буй шилдэг есөн сайн аавд шагнал гардуулах юм.
Гэрлэх ёслолын ордонд өнөөдөр болох энэхүү үйл ажиллагаанаас шагнал авах хүмүүсийн дотор хөдөө орон нутгаас уригдаж ирсэн хүндэт аав нар цөөнгүй бий гэнэ. Тухайлбал есөн хүүдээ есүүлэнд нь "Тулга" нэр өгч тамирчин болгосон хүндэт аав, долоон хүүхэд үрчилж аваад гарыг нь ганзганд, хөлийг нь дөрөөнд хүргэсэн өрх толгойлсон аав ч бий.
Энэ жилийн аавуудын өдрийн гол зорилгыг Эрэгтэйчүүдийн холбооны тэргүүн Я.Пүрэвдоржоос тодруулахад "Аав, хүүхэд хоорондын чин сэтгэлийн харилцааг бий болгох, бататгах, харилцан ойлголцох, хүүхэд бүхэн ааваараа бахархах, аав бүхэн үр хүүхдээ харж сэтгэлийн цэнгэл эдлэх явдал юм. Эцэг, хүүхдийн нандин харилцаа бэхжсэнээр айл өрх бүрт аз жаргал, баяр хөөр гүн бат орших болно" гэв.
Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )