Кино найруулагч, СТА Г.Бадамрагчааг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад дөрвөн сарын дараа буюу өнгөрсөн даваа гаригт батлан даалтад гаргажээ. Учир нь хоригдож байх хугацаандаа хууч өвчин нь сэдэрч, эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон тул батлан даалтад гаргаж, өчигдөр эмнэлэгт хэвтүүлсэн байна. Түүнчлэн, түүнийг батлан даалтад гаргаж байгаа нь уг хэрэгт холбогдолгүй, буруугүй гэсэн үг биш. Харин ТЕГ-аас дуудсан цагт нь ирж мэдүүлэг өгч байх ам өчгийг нь авч гаргажээ.
Түүнийг төрийн эрхийг хууль бусаар авах, хуйвалдаан зохион байгуулсан үндэслэлээр ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтсээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлд заасны дагуу шалгаж эхэлсэн юм. Г.Бадамрагчаагийн өмгөөлөгчийн хэлж буйгаар “Тэрээр Галданбошигтын тухай кино хийхээр ерөнхийлөгч асан Н.Энхбаяраас санхүүжүүлж өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Уран бүтээлч хүнд хаанаас төрийн эрхийг авах санаа орж ирэх билээ” гэжээ.
Харин ТЕГ-ын зүгээс эрүүгийн хэрэг үүсгэх хангалттай үндэслэл байсан учир болзошгүй хор хохирлоос сэргийлэх үүднээс таслан зогсоох арга хэмжээ авч Г.Бадамрагчааг баривчилсан гэж байгаа. Тиймээс батлан даалтад гаргалгүй өдийг хүржээ. Уг хэрэгт түүнтэй хамтран ажилладаг арав гаруй хүнийг сэжигтнээр шалгаж байгаа юм.
Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )