Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй шилдэг аавууд тодорлоо

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 08

Манай улс жил бүрийн наймдугаар сарын 8-ны өдрийг “Аавуудын өдөр” болгон тэмдэглээд 8 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ өдөр Монголын эрэгтэйчүүдийн холбоо шилдэг есөн аавыг тодруулахын зэрэгцээ Дэнжийн мянгын цагдан саатуулах төвд хоригдож байгаа аавуудтай уулзалт зохион байгуулахаар болсон юм. Өнөөдөр 12.00 цагт Монголын шилдэг 12 аавыг есөн эрдэнийн одонгоор шагнах ёслолын ажиллагаа Гэрлэх ёслолын ордны хүндэтгэлийн гэрт ёслол төгөлдөр болж өнгөрлөө.

Шилдэг есөн аав нийслэл болон Дундговь, Дорнод, Баянхонгор, Говь-Алтай зэрэг аймгуудаас тодорчээ. Тухайлбал:

 Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж

 

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн таван хүүхдээс гадна 20 гаруй хүүхдийг өсгөн хүмүүжүүлэх үүрэг хүлээж, асарч хамгаалдаг байна. Ерөнхийлөгч өнөөдөр албан ажил ихтэй тул шагналаа өөрийн биеэр хүлээн авч амжаагүй, өөрийн туслахаа явуулсан байв.

Т.Намжил /Улаанбаатар дээд сургуулийн Гэр бүл судлалын төвийн захирал, ШУ-ны Ph.доктор, гэр бүл судлаач/

 

Тэрээр гэр бүлийн чиглэлээр дотоод, гадаадад 170 гаруй өгүүлэл нийтлүүлж, 80 гаруй эрдэм шинжилгээний бага хуралд илтгэл тавьсан байна. Мөн монгол гэр бүлийг хөгжүүлэхэд хориод жил өөрийн мэдлэг хүчээ дайчлан ажиллаж байгаа бөгөөд таван хүүхдийг өсгөж хүмүүжүүлсэн эрдэмтэн, оюунлаг аав юм.

С.Наранцогт /хурандаа/ ач хүү, хамба лам Ч.Дамбажавын хамт

 

Хурандаа С.Наранцогт хилийн ба дотоодын цэрэгт хилчин, даргаас эхлээд хилийн застав, байлдааны орлогч захирал, удирдах газарт хэлтсийн захирал НАХЯ-ны дээд сургуульд тэнхмийн эрхлэгч, 1992-2010 онд ШШГЕГ-т хэлтсийн дарга, 2012 оноос эхлэн БХИС-ийн “Тэмүүжин өрлөг” хүүхдийн цэргийн сургуульд захиралын ажлыг гүйцэтгэж яваа цэргийн ухааны доктор юм. Тэрээр дөрвөн хүүхдийн өрх толгойлсон аав бөгөөд хүүхдүүдээ хөлийг дөрөөнд гарыг нь ганзганд хүргэж яваа ачтан.

Хоёр охин нь Ачтан эмнэлэгт эмч, “МИАТ” ХХК-д ахлах мэргэжилтэн хийдэг бол хүү, охин хоёр нь Бээжин, АНУ-д ажиллаж, суралцдаг байна.

Ж.Түвдэндорж  /Говь-Алтай аймаг/

Тэрээр “Салхин Сандаг” ТББ-ын тэргүүн. Өрх толгойлсон аавуудын нэг бөгөөд зургаан хүүхдийг эрдэм боловсролтой болгон хүмүүжүүлжээ.

Г.Хүрэлбаатар /Дорнод аймаг Хэрлэн сум/

Н.Хүрэлбаатар орон нутагтаа “Архидалт мансуурлын эсрэг ассиоцаци”-ийн салбарыг байгуулж 12 жил согтууруулах ундааны хор хөнөөлийг таниулан, архины хамааралтай 1000 гаруй иргэнийг архидан согтуурах эрсдэлт зан үйлээс эрүүл аж төрөх ухаанд сурган, олон өрхийн өрхийн аав нарыг хорт зуршлаас салгаж чадсан гавьяатай эгэл даруу аав ажээ. Архигүй аз жаргалтай амьдралыг гэр бүл, үр хүүхдэд бэлэглэн аав хүүхдийн нандин харилцаанд чухал үүрэг гүйцэтгэсээр байна. Тэрээр өөрөө ч архинд орж алдаж, эндэж явсан нэгэн аж.

Я.Бямбажав /Баянзүрх дүүрэг/

Я.Бямбажав өөрийн гурван хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхийн зэрэгцээ 2007 онд НЦГ-ын хаяг тогтоох төвөөс таван хүүхэд өргөж авч, амьдрах ухаанд сургаж, хүмүүжил төлөвшил олгож байгаа аж. Амьдрах ухаанд сургахын тулд тэдэндээ тохирсон сонирхол, сэдлийг нь төрүүлэхүйц таатай орчин бүрдүүлэхийг зорьдог энэрэлт аав юм. Гэргий н.Баяржавхлан нэгдүгээр амаржих газар эмч бөгөөд өргөж авч, хүмүүжүүлсэн хоёр хүүхэд нь Өмнөговь аймагт ажиллаж амьдардаг байна. Мөн тэрээр тэнэмэл, орон гэр, эцэг эхгүй өнчин хүүхдүүдэд амьдрах ухаанд суралцуулан, ирээдүйд нь гэрэл гэгээ нэмэх зорилгоор НЦГ-ын Хүүхэд хамгаалах хаяг тогтоох төвтэй хамтран хүүхдийн зуны сургалтын төв байгуулах ажлаа эхлүүлээд байгаа юм.

Г.Ганзориг /Улаанбаатар хот/ Есөн эрдэнийн одонгоор шагнагдсан хамгийн залуу аав 33 настай.

Худалдаа аж үйлдвэрийн тэргүүний ажилтан Г.Ганзориг нь залуу аав хүний хувьд 2009 оноос эхлэн Хайрхан хотхон ХХК, EF хүнсний сүлжээ нэгтгэлийн захиралын ажлыг хашиж, зүүн бүсийн хүнсний бөөний баазаараа иргэдэд үйлчилж, компанийн ажилчдын 80 хувийг өрх толгойлсон эмэгтэйчүүд эзэлж байна. Мөн залуу гэр бүлүүдийг дэмжин гэр бүлийн кемп байгуулж нийгмийн асуудлыг нь шийдвэрлэдэг ажил хэрэгч, энэрэнгүй аав юм. Түүнчлэн, жил бүрийн эх үрсийн баяраар амжиргааны түвшин доогуур, эцэггүй хүүхдүүдэд бэлэг өгдөг аж.

Т.Шонхор /Дундговь аймаг/

Тэрээр Дундговь аймгийн иргэн бөгөөд геофизикч, төмөр замчин, музейн тайлбарлагч, багшийн зэрэгцээ хичээлийн эрхлэгч, сургуулийн захирал зэрэг албыг хашиж байжээ. Найман хүүхдийн аав бөгөөд хүүхдүүд нь эрдэм боловсрол эзэмшин, өрх гэр тусгаарлан амьдарч байна.

Ч.Аюурзана /Нийслэлийн цагдаагийн газрын хүүхэд хамгаалах, хаяг тогтоох төвийн захирал/


Д.Доржсүрэн


Ш.Даваахүү /Баянхонгор аймгийн Жинст сум/ долоон Тулгын аав /долоон хүү нь сумын заан цолтой/


Ч.Рагчаа /Дундговь аймаг/

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top